Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтууд өнөө шөнө болох учиртай. Өнөө шөнө А, В, С, D хэсгийн нийт найман тоглолт болж, хасагдах шатанд шалгарах эхний найман багийн нэр тодрох юм.
А хэсэгт Францийн “ПСЖ”, Испанийн “Реал Мадрид”, Украины “Шахтёр”, Шведийн “Мальмо клубүүд багтаж байгаа. Эхний таван тойргийн дараах байдлаар “Реал” 13 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол “ПСЖ” 10 оноотой удаалж байна. Харин “Шахтёр”, “Мальмо” клубүүд 3 оноотой сүүл мушгиж байгаа юм. Сүүлчийн тойрогт “Реал Мадрид” талбайдаа “Мальмо” клубтэй тулна. Харин “ПСЖ” талбайдаа “Шахтёр”-тэй тоглох учиртай. Эхний хоёр баг хасагдах шатанд шалгарах нь тодорхой болчихсон. Харин Украин, Шведийн багуудаас ядаж тэнцээ салгасан нь юм уу, цөөн гоолоор хожигдсон нь Европа лиг рүү орох байх.
Тэгвэл В хэсэгт Английн “Манчестер Юнайтед”, Германы “Вольфсбург”, Недерландын “ПСВ Эндховен”, Оросын “ЦСКА” багууд багтаж байгаа. Эхний таван тойргийн дараах байдлаар “Вольфсбург” 9, “Манчестер Юнайтед” 8 оноотой эхний байруудад бичигдэж байна. Тэгвэл “ПСВ” 7 оноотой нэхэж, “ЦСКА” 4 оноотой “хомоол хамж” байгаа. Өнөө шөнө “Вольфсбург” талбайдаа “Манчестер Юнайтед”-тай тулна. Энэ тоглолтод Английн баг зайлшгүй хожиж байж хасагдах шатанд үлдэх боломжтой болно. Харин “Вольфсбург”-т тэнцээ байхад л хангалттай юм.
Нөгөө талд “ПСВ” талбайдаа “ЦСКА”-тай тулна. Голландын баг талбайдаа хожих магадлал нэлээд өндөр байгаа гэж тооцвол нөгөө хоёр багийн аль нэг нь Европа лиг рүү унаж магадагүй байна.
Харин С хэсэгт нэг их онц юм болохгүй. Испанийн “Атлетико” таван тойргийн дараах байдлаар 10 оноотой хэсгээ тэргүүлж байгаа. Мөн Португалын “Бенфика” 10 оноотой ч гоолын зөрүүгээр удаалж байна. Тэгвэл “Галатасарай” 4 оноотой гуравт, Казахстаны “Астана” 3 оноотой сүүлийн байрт бичигдэж байгаа. Хэсэг тэргүүлж байгаа хоёр баг энэ тойрогт хоорондоо тоглоно. Аль хожсон нь нэгээр гарах учиртай. “Бенфика” талбайдаа тоглох болохоор арай илүү найдвар байж магадгүй. Нөгөө талд Туркийн баг Казахстаны багийг талбайдаа хүлээж авна. Аль хожсон нь Европа лигт орох учиртай. Харин тэнцвэл “Галатасарай” Европа лиг руу орох эрхээ авах юм.
С хэсэгт “Ювентус” 11, “Манчестер Сити” 9 оноотой байгаа бөгөөд дараагийн шатанд шалгарах нь аль хэдийнэ тодорхой болсон. Харин Европа лигт орохын төлөө “Боруссия Мюнхэнгладбах” болон “Севилья” клубүүд өрсөлдөх учиртай. Германы баг 5, Испанийн баг 3 оноотой яваа. Өнөө шөнө “Сити” талбайдаа “Боруссия Мюнхэнгладбах”-тай тоглоно. Хожоод, нөгөө талд “Ювентус” оноо алвал нэгээр гарах боломж “Сити”-д байна. Тэгвэл нөгөө талд өнгөрсөн улирлын Европа лигийн аварга “Севилья” талбайдаа Италийн аварга “Ювентус”-ыг хүлээж авна. Тэд зайлшгүй хожиж байж хоёр жил дараалан түрүүлсэн Европа лигтээ орох боломжоо хайх учиртай.
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn