Засгийн газрын өнөөдөр /2020.05.06/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд болон танхимын сайд нар мэдээлэл хийж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:
-УИХ-аас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дах багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа.
- Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх, зарим арга хэмжээний тухай тогтоол
- Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээг гэсэн хоёр тогтоол баталсан.
Нэгт, Засгийн газрын хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Тодорхой хэмжээний мөнгө зарагдаж байгаа бөгөөд нийт 547 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм хүнд нөхцөлд энэ мөнгийг олгож байна.
Хоёрт, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн 12200 насанд хүрсэн, 112 мянган хүүхдэд байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Гуравт, нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг олгоно. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс сар бүр 180 мянган төгрөг авдаг байсныг нэмж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, одой, өрх толгойлсон ээжүүд гээд бүгд 100 мянган төгрөг нэмж олгоно. Энэ нь мөн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл олгогдоно.
Дөрөвт, малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
-Цар тахлын үеийн эдийн засгийн арга хэмжээ авах хуулиар эх үүсвэрийг нь давхар баталгаажуулах учиртай. Энэ жил Монгол Улсад залуучуудын ногоон наадам, токиогийн олимп, ерөнхий боловсролын сургуулиудын зардлаас, зарим өрүүдийг хойшлуулах хэлэлцээр хийсэн учраас төлөгдөх хүүгээс, төсөвт байгууллагуудаас хэмнэж болох зардлуудыг нэгтгэж, эх үүсвэрийг нь бүрдүүлж байгаа. Дээрх дөрвөн арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос нэгдсэн төсвийн орлого найман хувиар буурсан гэсэн мэдээлэл гаргасан. Засгийн газраас баталсан тогтоолууд нь экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл хийж байна. Хоногт 40 гаруй машин гардаг байсныг 500 орчимоор нэмэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй.
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт, тодруулга авлаа.
-Европын холбоо хар жагсаалтад оруулах улс орнуудын дунд Монголыг оруулсан байна. Энэ талаар?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Энэ талаар бидэнд мэдээлэл байгаа. Тийм асуудал яригдаж байгаа ч бидэнд албан ёсоор мэдээлэл алга, мэдээллийг нягталж байна гэсэн хариу өгсөн. Монгол Улс саарал жагсаалтад орсон явж байгаа.
-Тагнуулын ерөнхий газрын даргатай холбоотой сэтгүүлчид албан шаардлага хүргүүлсэн. Энэ асуудал юу болсон бэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Хууль бус үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээнэ. Би та бүхний шаардлагыг хүлээж авсан, холбогдох шалгалтуудыг хийж байна. Ерөнхий сайд шалгалт хийдэггүй, холбогдох байгууллага ямар дүн гарсан, түүгээр явна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчидтэй харилцах харилцаанд анхааруулж хэлж байгаа. Нөгөө талдаа сэтгүүлч та хариуцлагатай байх ёстой. Би сэтгүүлч гэсэн нэрийн дор бусдыг дайрч, доромжилж болохгүй учраас сэтгүүлчид ёс зүйтэй байх ёстой. Би сэтгүүлч гээд төрийн хууль зөрчиж болохгүй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ