
Бичих гэдэг эрх чөлөөг, нийтлэх гэдэг хариуцлагыг бий болгодог. Энэ бүх харилцааг зохицуулах Хэвлэлийн эрх чөлөөний хууль үйлчилж эхэлсэн цагт “нүүдэлчин сэтгэхүй” – г өөрчилж чадна. Харамсалтай нь, 1998 онд батлагдсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай тунхагийн чанартай хуулинд өөрчлөлт хийх цаг болсныг хэдэн парламент дамжуулан хэлэлцээд ч баталж амжсангүй. Хууль дүрэм үйлчлээгүй газар “Байгалийн хүчний хүчтэй нь хүчгүйгээ дийлэх дүрэм” үйлчилдэг. Хэвлэл, мэдээллийнхэн ч энэхүү байгалийн хуулиар явсаар өдийг хүрлээ. Өнгөрсөн онд Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг хуулийн хэлэлцүүлгийг хийж мартагдсан төсөлд нэг удаа салхи оруулсныг эс тооцвол 2010 оныг хүртэл урагш алхсангүй. Тус байнгын хорооны хуралдаан дээр төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө хууль санаачлагчаас хоёр Байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулж, Нууцын тухай хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг хамтатган санал боловсруулья гэсэн горимын санал гаргасан нь олонхын дэмжлэг авснаар хөөрхий хуулийн төсөл дахиад л тоостой шүүгээнд нэг жилийг өнгөрүүлэх “ял” авч мартагджээ. Өнгөрсөн жилийн хэвлэлд хууль санаачлагч Ц.Мөнх-Оргилын “төслийг 2009 оны хаврын чуулганаар батлуулна” гэсэн үгийг ч мөн санаж буй хүн үгүй биз. Харин энэ жилээс асуудал сөхөгдөж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхим Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг хийснээр хуулийн төсөл амь орж эхлэв. Дөрөвхөн зүйлтэй байсан хуулийн суурин дээр 16 зүйлтэй хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулах шинэ хууль биежиж эхлэх нь тэр. Гэсэн ч энэ хуулийг батлахад саад болж буй зүйл заалтууд “нууцын тухай хуулиуд”-д байгаа тул Засгийн газрыг “Төрийн нууцын тухай хууль”, “Байгууллагын нууцын тухай хууль”-ийг УИХ-д оруулж ирээч ээ, цуг хэлэлцэх шаардлагатай байна гэсэн саналыг тавиад байгаа. Гэвч Засгийн газар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хоёрдугаарт тавьсаар хаврын чуулганыг завсарлуулав. Ингэхээр хууль батлагдаагүйн буруутан нь Засгийн газар гэж тодорхойлж болох юм.
Хууль батлагдах хүртэл…
Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг ирэх намрын чуулганаар батлахаар төлөвлөж байгаа аж. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж, сэтгүүлчдэд хандан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын дэвшүүлсэн мэндчилгээнд “Мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан” тухайгаа дурдсан. Гэвч эхэнд байгааг нь урагшлуулж байж, ар талынх нь урагшилдаг гэдгийг мартаж болохгүй. Нууцын тухай хуулийг ярилгүйгээр Хэвлэлийн хуулийг батлах талаар ярих боломжгүй. Ингэхээр хууль батлагдах хүртэл дахиад багагүй хугацаанд хуучин дүрмээрээ тоглоцгоохоос өөр аргагүй нь. Гэвч мэдээллийн хомсдол, хаагдмал байдал бүхий нөхцөлд “хардах эрх” үйлчлэх учиртай. Тэрхүү шалтгаан нөхцлүүд үгүй үед түүнийг үйлчлүүлэхийг оролдох нь “хардах эрх”-ийг бус “халдах эрх”-ийг бий болгодог ажээ. Хэрэв хардах эрхийн хүрээг тодорхойлъё гэвэл тэрхүү хязгаар нь “хувь хүний эрх чөлөө” байх болно. “Сонингоор даргын ширээн дээр суусан ялааг алдаг ” хэмээх далд утгатай үг бий. Гэтэл тэрхүү сонин даргын ширээн дээр суусан өнөөх ялааны гарт орчихсон ялаанд дургүй хэн нэгнийг цохих хэрэглүүр болчихсон явж байх юм. Хэн нэгнийг гүтгэн доромжилж, бусдын бизнесийн нэр төр, эрх чөлөөнд халдаж, шударга өрсөлдөөний дүрмийг зөрчиж байгааг хэвлэлийн эрх чөлөөн дэхь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээс ялган харах хэрэгтэй юм. Хүний эрхэд халдсан хойноо “худлааг мянга давтаж үнэн болгочихоод” дараа нь “хүлцэл өчье” хэмээх нөхөөсөөр нүд хуурахыг оролдох нь шударга ёсонд үл нийцнэ.
“Нүүдэлчин сэтгэхүй”-т монголчууд мэдээллийг хэрхэн авдаг байсан бэ?
Сэтгүүлч мэргэжилтнүүд төрөн гараагүй тэр цагт алс хол газраас ирсэн явуулын худалдаач, үнэн худал ярьж байгаа нь үл мэдэгдэх бадарчин, адуу малын эрэлд яваа залуус мэдээлэл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Холын хүн ирлээ гэх сургаар хот айлын, хонхор жалгын хэдэн гэрийнхэн цуглаад л ирсэн гийчний амыг нь харан алмайрч суудаг байж. Тэр хүний хэлсэн ярьсан зүйлс нь хэдэн долоо хоног, бүүр хэдэн сарын ярих сэдэв, болох нь бий. Тэр үед мэдээлэл ингэж л тардаг байлаа. Хүрээнд болсон хоёр бандийн зодооны тухай яриа ам дамжин явсаар Дулам эмгэний хоёр унага чононд идүүлсэн тухай яриа болчихсон явах нь энүүхэнд. Хожмоо аман мэдээг хэвлэмэл сонин халсан ч дахиад л үзэл сурталдсаар сэтгэхүйг гэсгээх боломж өгсөнгүй. “Орон бүхний пролитари нар нэгдэгтүн”-гээс эхлээд “индекс” хүртэлх энэ зайд хэвлэлийн эрх чөлөөнд багтах газар байсангүй. Сонссон бүхэндээ итгэж байсан бол уншсан бүхнийгээ үнэн хэмээн сэтгэх өөрчлөлт л гарав. “Нүүдэлчин сэтгэхүй” өөрчлөгдсөнгүй.
Цаг хугацаа өнгөрсөн ч…
Хот хөдөөгийн ялгаа арилж, нэг хүнд ногдох мэдээллийн хэрэгслийн тоогоороо манай улс дэлхийд бараг л тэргүүлэх боллоо. Байгууллага бүр сонин сэтгүүл гаргаж, дарга болгон өөрийгөө магтах зорилготой мэдээллийн баг ажиллуулах болж. Удахгүй бид 76 телевизийн сувагтай болж ч магадгүй. Ийнхүү цаг өөрчлөгдсөөр бид нүүдлийн амьдралаасаа салсан ч “нүүдэлчин” хэвээрээ байсаар. “Байгууллагын болон улсын нууц”- гэх үгээр халхавч хийдгээс болж баримтгүй, албан ёсны бус эх сурвалжгүй мэдээлэл цацах нь бий. Төрийн байгууллагаас мэдээлэл олж авах нь иргэдэд байтугай сэтгүүлчдэд ч төвөгтэй асуудал. Дарга нар бөмбөг дамжуулж байгаа мэт “би тайлбар өгөхгүй, тэр мэднэ” гэж нэгээс нөгөө рүү явуулна. Нөгөө хүний хариулт ч мөн адилхан. Энэ бүхнээс үүдэн нүүдэлчдийн мэдээлэл буюу “хоол олж идэхийн тулд сонирхолтой зүйл ярих” бадарчин маягийн явуулын арга одоо ч оршсоор…