Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамсүрэн болон нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гишүүд оролцлоо.
Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб болон 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
Дадлага сургуулилалтыг нээж нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалтыг хийснээрээ бид болзошгүй эрдэлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц бололцоогоо бодитоор үнэлж дүгнэх, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтдөө цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх 100 ортой эмнэлгийг урьдчилсан байдлаар ашиглалтад авахад бэлэн болсон. Эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмнэлгийн бэлэн байдлыг хангах бүх зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Цаашдаа 300 ортой нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэг зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Мөн Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой 300 орыг дэлгэж байна. Коронавирус манай улсад дотроо тархаагүй ч гэсэн хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор үзүүлэх дадлага сургуулилалтыг хийж байгаа” гэдгийг онцолж хэллээ.
“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеэр Мэдээллийн аюулгүй байдлын баг, Захиргаа санхүүгийн баг, Төлөвлөлтийн баг, Ар тал хангалтын баг, Үйл ажиллагааны багуудад хуваагдаж үүссэн цагийн байдалд тодорхой хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагааг явуулах аж.
Өнөөдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт хийгдэх юм байна. Харин маргааш буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүрэгт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоох, Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт гурван өдөр үргэлжилнэ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс