Сүүлийн үед Тагнуулын ерөнхий газрын хоёр ч ажилтныг цагдан хорьсон талаар мэдээлэл гарсан. Хуулийн байгууллагаас тэдний тодорхой хэрэгт холбогдуулан шалгаж, хорьсон гэдгийг хэлж байгаа. Тэгвэл ар гэрийнх нь хүмүүс хууль бусаар цагдан хорьсон гэх мэдээлэл өгөөд байгаа юм. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгалангийн гэрт нэгжлэг явуулж, баривчилсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ.
Тиймээс энэ удаагийн VS буландаа Тагнуулын ажилтнуудыг хорьсон талаар эсрэг, тэсрэг байр суурийг онцолж байна.
Т.Баярхүү:
Тагнуулын ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга
-Жиргээнд идэвхтэй байсан гэж баривчилсан юм биш. Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулж, зарим иргэнийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан. Гадаадын тагнуулын байгууллага иргэнтэй хууль бусаар хамтарсан гэх хэрэг нь нууцын зэрэглэлд хамаардаг тул прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй.
Д.Оюунгэрэл:
Ш.Амгалангийн эхнэр
-Одоог хүртэл нөхөртэйгөө холбоо тогтоож чадахгүй байгаа гэх ба амь насанд нь санаа зовж буйгаа хэвлэлд илэрхийллээ. Өчигдөр нөхөр, охины хамт салхилж явахад гурван машин хөндлөн зогсоод, арав гаруй хүмүүс гарч ирэн, нөхрийн минь толгойнд хар уут углаад аваад явсан. Хаанаас ямар хүмүүс явж байгаагаа хэлээгүй. Дараа хэлнэ гэсэн. Замд явж байхад утас хурааж авсан. Ингэж явсаар байгаад манай гэрт очиж, гэрт нэгжлэг явуулсан. Энэ бол үнэхээр хууль бус үйлдэл болсон. Твитерт жиргэлээ гэж баривчилсан гэж үзэж байна. Миний нөхөрт ямар нэг юм тохиолдвол, би нөхрийнхөө амийг нэхнэ.
Холбоотой мэдээ