Ногооны хүлэмжийн "босс"

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Ногооны хүлэмжийн "босс"

Хаврын ургац тариалалтын ажил ид өрнөж буй энэ үед хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч бүсгүйн ногооны талбайд саатлаа. Навчит ногоог үрсэлгээгээр тариалбал зуны хүлэмжээс жилд дөрвөн удаа ургац хураан авдаг байна. 3-р сарын 23-нд тариалсан нарийн ногооны эхний ургац хураалт нь болж ид завгүй ажиллах түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Түүнийг Цогзоогийн Сүнжидмаа гэдэг. ХААИС-ийг агрономич мэргэжлээр 2005 онд төгсөөд 16 дахь жилдээ газар тариаланд ажиллаж байгаа хөдөлмөрч нэгэн юм. Түүний гэр бүлийн хүн Амарсанаа нь төмөр замд 17 жил ажиллаад сүүлийн хоёр жил хувийн аж ахуйгаа хамтран эрхлэх болжээ. Сүнжидмаа таван сайхан охин төрүүлсэн алдарт эх юм.

Түүний ногооны талбай Сонгинохайрхан дүүргийн зүүн салаанд байдаг. Сүүлийн таван жил хүлэмжийн аж ахуйг голлон эрхэлж, навчит ногоо голдуу 20 гаруй төрлийн нарийн ногоо тариалан жилд дунджаар 20 тонн ургац хураан авдаг байна. Сүнжидмаагийн тариалан эрхлэхдээ баримталдаг онцлог нь зай талбайг сайн ашиглаж, бага талбайд илүү хөдөлмөрлөж их ургац авах юм. Тэрээр талбайдаа сул зай үлдээлгүй ногоо битүү тарьдаг. Ургацын мөр хоорондын зайгаар нь яваад арчилгаагаа хийдэг байна. Навчит ногоог 1мк-аас 3кг ургац авна  гэж тооцоолон ажилладаг.

Тэрээр гадаад талбайдаа өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо тарьдаг. Дэлгүүрээс ямар ч төрлийн ногоо худалдаж авдаггүй бөгөөд намар дарж, нөөцөлж болох ногоогоо бүгдийг нь нөөшлөөд, энгийн хадгалах боломжтой ногоогоо зоориндоо хадгалдаг гэнэ. Жилд 300 орчим шил ногоо нөөцлөөд өөрийн хэрэгцээндээ болон хамаатан ах дүүстээ өгөхөд хангалттай хүрэлцдэг байна.

Тэрбээр “Айлуудын хашаанд 100 мкв талбай зэрлэгэндээ бариулаад л байж байгаа. Өрхийн хэрэглээнд ногоо тарихад хангалттай талбай. Тиймээс ногоогоо худалдаж авахгүйгээр өөрсдөө тариад идэх боломж байгаа”хэмээн ярилаа.

“ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНД ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ӨРГӨДӨЛ ӨГСӨН Ч ЗЭЭЛ ОЛДООГҮЙ”

Навчит ногоог жилийн дөрвөн улиралд шинээр нь хэрэглэгчдэд хүргэхийн тулд өвлийн хүлэмжний тариалалт зайлшгүй хэрэгтэй. Өвлийн хүлэмжийг 1 мкв-ийг нь 200 мянган төгрөгөөр барьдаг байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэхийг хүссэн дурын хүн 1000 мкв хүлэмжийг 200 саяар бариулах боломж ховор. Сүнжидмаа өвлийн хүлэмжтэй болох зорилт тавин ЖДҮ-ийг хөгжүүлэх санд гурван жил өргөдөл өгсөн ч хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олдоогүй байна. Тэрбээр “Стандарт шаардлагын дагуу аж ахуй дээрээ үндэслээд нилээд ажил чирэгдэл болж бичсэн зээл хүссэн төсөл маань дандаа буцаагддаг. Ямар хүмүүсийнх бүтдэг юм сайн мэдэхгүй байна. Энэ жил төсөл өгөөгүй ээ, угаасаа бүтэх биш” гээд  Мөн “Гадагшаа гарч буй мөнгөний урсгалаа тодорхой хэмжээнд зогсооё гэвэл газар тариалан, хүлэмжийн аж ахуйг төр засгаас бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Навчит ногоо, нарийн ногоогоор дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Бид нар стандартад нийцсэн эрүүл хүнс үйлдвэрлэж чадаж байгаа. Импортын хүнс хэд хоносон ч мууддаггүй. Тэгэхээр хүний биед сөрөг нөлөөтэй нь ойлгомжтой. Манай хэрэглэгчид брокли, саладны навч, дун ногоо, юуцай зэргийг дотооддоо тариалдгийг сайн мэддэггүй. Эрүүл хүнс болох навчит ногооны хэрэглээг хэрэглэгчдэд таниулах хэрэгтэй байна” гэлээ.

“НОГООНЫ ЧЕНЖҮҮД Л ҮНЭ ТОГТООДОГ”

Сүнжидмаа өглөө 04.00 цагт явж бөөний төвүүдээр түгээлтээ хийдэг. Ногооны үнийг ченжүүд л мэддэг байна. Юуцай, бууцай, саладны навчийг 1000-3500 төгрөгийн хооронд худалдаалдаг. Заримдаа өгч чадахгүй ч үе байдаг гэнэ. Дунджаар ногоогоо 2000 төгрөгөөр зардаг бөгөөд цааш дамлагдсан ногоо лангуун дээрээ 5000 орчим төгрөгөөр зарагддаг байна.

“Газар тариалан бол ажиллахад хүнд салбар. Нар салхи, бороо шороо гээд ажиллах хүн бараг олдохгүй. Манайх үндсэн гурван ажилтантай. Ургац хураалт болоход нэмэлтээр таваас зургаан хүн авч ажиллуулдаг. Зуны улиралд шөнө унтах завгүй шахуу ажилладаг. Хөдөлмөрлөж л байж ургац сайн авна шүү дээ. Аж ахуйгаасаа олох орлого боломжийн. Гэхдээ хуримтлал үүсгэж чадаагүй л байна. Ажиллахад хэцүү ч гэсэн агрономич гэдэг энэ мэргэжлийг эзэмшсэн дээ би баяртай байдаг. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн өлсөнө  гэж байхгүй. Одоо ингээд хийсэн ажлаа хараад сууж байх сайхан байна шүү дээ. Газраас алт ургаж байна гэсэн үг. Хүн залхуу байж болохгүй. Хөдөлмөрлөж л байвал шагнал нь заавал ирнэ” хэмээн бүтээсэн хөдөлмөрийнхөө дэргэд суугаад ярих ажилсаг дайчин бүсгүйгээр бахархахгүй байхын аргаггүй юмаа.

Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж