М.Энхсайханд холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

М.Энхсайханд холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

М.Энхсайханд холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ
НЭМЭЛТ: 17.30 ЦАГ
М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал завсарлалаа. Шүүхээс Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан яллах дүгнэлттэй танилцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Шүүх хурал маргааш 09:00 цагт үргэлжилнэ.

НЭМЭЛТ: 12.40 ЦАГ
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал түр завсарлаад байна. Энэ талаар М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Нотлох баримт шинжлэх шинжээчдийн дүгнэлттэй танилцсан. Шүүх хуралдаан түр завсарлаж орсны дараа прокурор, өмгөөлөгч, дүгнэлтээ гаргаж, шүүгдэгч үгээ хэлнэ. Ерөнхийдөө энэ нь шүүх хуралдааны сүүлийн үе шат гэсэн үг. Шинжээчид “Тавантолгойн төсөл хэрэгжсэн бол Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой байсан. Мөн алдаатай дүгнэлт гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Шүүх хурал өнөөдөртөө багтаад эцэслэгдэх байх” гэлээ.

М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох  хуралдаан өнөөдөр /2020.05.06/  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг. 

Эргэн сануулахад, М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байв. 

Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллах байхдаа Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж буй. Гэхдээ энэхүү гэрээг тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ-аар хэлэлцэлгүй, Засгийн газарт буцааж байсан юм.

Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж шүүх хуралдааныг тавдугаар сарын 11-ний 9.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Учир нь Яллагдагч Д.Ганболд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд шинээр өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан нь энэ аж.

Дашрамд дурдахад, Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж байгаа  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхээс дөрөвдүгээр сарын 9-ны өдөр Б.Хурц нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцсэн. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон. Одоогоор анхан шатны шүүх хурлын тов гараагүй ч өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, шүүх хурлыг нээлттэй явуулах байр суурийг илэрхийлсээр байгаа юм.

Уг хэргийн талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаач ээ гэсэн хүсэлтийг бид өгсөн юм. Түүнээс хойш долоо, найман сар өнгөрлөө. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж, гишүүн сайд дарга боллоо. Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Одоо нэгэнт энэ хэрэг илрээд, гурван шатны шүүх шалгаад дуусчихлаа. Тэгэхээр нуугаад байх шаардлага байхгүй. Энэ хэргийг зөв шийдвэрлэхийн тулд өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулаач ээ гэсэн хүсэлт тавьж байгаа" гэлээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж