
Тэмцээний эхний өргийн тоглолтууд баасан гаригт болсон бөгөөд манай шатарчин Б.Мөнгөнтуул Гүржийн их мастер, залуучуудын дэлхийн аваргын хошой алтан медальт, дэлхийн таван удаагийн аварга Майя Чибурданизетай тоглож, хожигдсон юм. Тоглолтын дараа Майя Чибурданизе тоглолтын талаар “Өргийн эхэнд би хүнд байдалд орсон байсан, гэхдээ байдлыг өөрийн талд эргүүлж чадсан. Өрсөлдөгч маань хүнд байдалд байсан ч хожлын төлөө тоглосон нь алдаа болсон юм болов уу. Тэр өөрөө хожигдлынхоо үндсийг тавьчихлаа” гэжээ. Харин Б.Мөнгөнтуул “Миний хүүнүүд давхар байрлалд орсны дараа байдал эвгүйтэж эхэлсэн. Бас энэ үеэр би морио буруу нүүлгэчихсэн. Анхнаасаа хүүгээ зөв нүүх хэрэгтэй байсан юм. Цагаан тал хоёр тэмээний хослолоор комбенсаци үүсгэсэн байсан. Тэмээ-c2, эсвэл Тэмээ-d3 нүүдэл хийсэн бол тэнцэх боломжтой байжээ” хэмээн ярьжээ.
Харин Б.Мөнгөнтуул бямба гаригт хоёрдугаар өргийн тоглолтоо БНХАУ-ын шатарчин Шень Янтай хийж, хожжээ. Өрөг ерөнхийдөө бэрсийн гамбитийн солилцооны хувилбараар тоглосон. Цагаан тал бэрсээр довтолж байсан бол хар тал хамгаалах байдлаар тоглож байв. Тоглолтын хувь заяа материалын давуугаар шийдэгдсэн юм.
Тоглолтын дараа Б.Мөнгөнтуул “Тоглолтын эхэн үед явц эн тэнцүүхэн байсан. Магадгүй Шень Ян зөвхөн хожлын төлөө тоглож байсан ч хүүгээ g6 руу нүүлгэсэн нь том алдаа болсон. Гэхдээ дараа нь Бэрсээ а6 руу нүүлгэхийн оронд Бэрс-b5, эсвэл Бэрс-d2 нүүдэл хийх боломжтой байсан. Хэрэв тэгсэн бол миний хожих эсэх нь эргэлзээтэй болох байлаа” гэжээ. Харин Шень Ян “Өргийн эхэн үед надад бага зэрэг давуу тал байсан. Харамсалтай нь, тэр с5 нүүдэл хийсний дараа би удаан хугацаанд бодсоны эцэст бэрсээ а6 руу нүүлгэсэн нь буруудлаа” хэмээн ярьжээ.
Тоглолтын дараа сэтгүүлч Б.Мөнгөнтуул, Шень Ян нараас өрөгтөө хэрхэн бэлдэж, цагийг хэрхэн өнгөрүүлж буй талаар асуухад, манай шатарчин “Өглөөний цайны дараачаас эхлэн тоглолтдоо бэлтгэж байгаа. Гэхдээ яг хэдэн цаг бэлдэж байгаагаа хэлж мэдэхгүй байна” гэсэн бол Шень Ян өдөрт нэг цагийн турш бэлдэж байгаагаа хэлжээ. Мөн хүнд тоглолтын дараа хэрхэн алжаалаа тайлж буй тухай асуухад нь, Б.Мөнгөнтуул оройн хоолны дараа гадуур хэсэг алхаж, өөрийгөө сэргээдэг тухайгаа дэлгэсэн байна. Харин Шень Ян “Өрөөндөө ороод, хөгжим сонсдог” хэмээн хариулжээ.
Тэмцээний эхний өргийн дүн:
Хоу Ифань /БНХАУ/ ½ – ½ Татьяна Косинцева /ОХУ/
Илдиз Бетул /Турк/ 0 – 1 Жао Сьюэ /БНХАУ/
Мэри Себаг /Франц/ ½ – ½ Сью Юйхуа /БНХАУ/
Майя Чибурданизе /Гүрж/ 1 – 0 Б.Мөнгөнтуул /Монгол/
Хампи Конеру /Энэтхэг/ 1 – 0 Шень Ян /БНХАУ/
Чжу Чень /Катар/ ½ – ½ Антоанета Стефанова /Болгар/
Тэмцээний хоёрдугаар өргийн дүн:
Хампи Конеру /Энэтхэг/ 1 – 0 Мэри Себаг /Франц/
Татьяна Косинцева /ОХУ/ 1 – 0 Чжу Чень /Катар/
Шень Ян /БНХАУ/ 0 -1 Б.Мөнгөнтуул /Монгол/
Антоанета Стефанова /Болгар/ ½ – ½ Майя Чибурданизе /Гүрж/
Жао Сьюэ /БНХАУ/ ½ – ½ Хоу Ифань /БНХАУ/
Сью Юйхуа /БНХАУ/ 1 – 0 Бетул Илдиз /Турк/