Цар тахлын үед хариуцлагаа чангаруулая!

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Цар тахлын үед хариуцлагаа чангаруулая!

Цар тахлын үед хариуцлагаа чангаруулая!

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдварын аюул одоо ч дэлхийн улс орнуудад тайвширах болоогүй гэдгийг сануулж байна. Уг халдварт өвчнөөр 3.5 сая хүн өвдсөн бол 1.5 сая хүн эдгээд байна. Коронавирусийн халдварын улмаас гадаадаас эх орноо зорих хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Одоогоор 10 мянга орчим иргэн нутаг буцах хүсэлтээ Элчин сайдын яамандаа өгчээ.

Цаана нь эх орондоо буцах хүсэлтэй ч өргөдлөө өгөөгүй, хүсэлт нь хүлээгдэж буй хэчнээн иргэн байгааг хэлж мэдэхгүй. Гэсэн ч цар тахлын улмаас улс орнууд хилээ хаасан өнөөгийн нөхцөлд гадаад дахь иргэдээ татан авахаар тусгай үүргийн нислэгийг үе шаттайгаар зохион байгуулж буй.

Тусгаарлах байрны нөөц нь хязгаарлагдмал, эрүүл мэндийн салбарынх нь хүчин чадал тааруу, тусгай үүргийн нислэг үйлдэх ердөө хоёрхон онгоцтой ч өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 12 удаагийн нислэгээр 1800 орчим иргэнээ гадаадын улс орнуудаас татан авчээ. Харин хилийн дээс алхаж буй иргэдийн хувьд дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлах үүрэгтэй.

Эх орондоо ирж байгаа бол төрийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэх нь иргэн хүний үүрэг бас хариуцлага. Гэтэл онгоцноос буусан даруйдаа халуунаа хэмжүүлэхгүй эсэргүүцэх, гэрийн хаяг, утасны дугаараа худлаа хэлж асуумжаа худал бөглөх нь үндэсний аюулгүй байдлын эсрэг санаатай үйлдэж буй гэмт хэрэг мөн.

Буянт-Ухаа боомт дахь ангийн захирагчийн хэлснээр тусгай үүргийн онгоцны зорчигчид гэрийн хаягаа худал хэлэх, шаардлага хүлээж авахгүй, эсэргүүцэх байдлаар ажилд нь хүндрэл учруулах нь цөөнгүй гэнэ. Жишээ нь, биеийн халууныг нь толгой, гарын хэсгээс хоёр удаа хэсэг хугацааны зайтай шалгах ёстой. Гэтэл ингэж шалгуулахыг эсэргүүцэж, “Наад эвдэрхий төхөөрөмж чинь ажилладаг юм уу. Би БНСУ-ын, стандартад нийцсэн аппаратаар хэмжүүлсэн” гэх зэргээр эсэргүүцэл үзүүлдэг байна.

 Хил дээр ажиллаж буй төрийн алба хаагчид үүргээ ухамсарлаагүй иргэддээ хатуу хяналт шаардлага тавьж, зөрчил гаргасан бол хариуцлага тооцох ёстой болохоос биш толгойг нь илээд өнгөрч болохгүй. Үүний тод жишээ нь, Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд эх орондоо ирсэн иргэн  тухайн бүс нутагт  “COVID-19” тусч, эдгэснээ нуусан явдал.

Тухайн иргэн асуумжаа худал бөглөснөөс болж 50 гаруй хоногийн дараа л ХӨСҮТ болон холбогдох төрийн байгууллагууд асуумжаа худал бөглөснийг тогтоосон байдаг. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр тухайн иргэн асуумжаа худал бөглөснийг хяналтад авах хугацаанд тогтоосон гэх.

Хэдийгээр тухайн иргэнээс эсрэг биет илэрч, халдвар тархах ямар ч эрсдэлгүй гэсэн тайлбарыг ХӨСҮТ-өөс өгч байсан ч  муугаар бодоход энэ нь маш том эрсдэл. Хэрэв тухайн хүн халдвартай байснаа мэдээгүй, асуумжаа худлаа бөглөсөн бол хүн бүрийн эрүүл мэнд, амь настай яригдах асуудал гэдэг нь хар ухаанаар бодсон ч ойлгомжтой. 

Тухайн иргэний тандалт судалгааны өгүүлэмжид гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан байгаа юм. Золоор тухайн иргэнээс эсрэг биет илэрч ойрын хавьтлын 15 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Зөрчлийн тухай хуулиар асуумжаа худал бөглөсөн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох заалттай гэж холбогдох албаны хүмүүс өмнө нь мэдээлж байна. Гэтэл асуумжаа худал бөглөх нь коронавирусийн халдвартай хүн амны хаалт зүүлгүй бусадтай гар барьж, тэврэлдсэнээс ялгаагүй. Ийм байхад зөвхөн 50 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх нь ёстой л толгойг нь илээд өнгөрч байгаагаас өөрцгүй тул хариуцлагаа чангалах хэрэгтэй.

Хэдийгээр коронавирусийн халдварыг өнөөдрийг хүртэл дотооддоо алдаагүй нь сайн мэдээ боловч нэг л сэрэмж алдвал нийтээрээ ч хохирох аюул бидний өмнө байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж