Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгээр гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж буй. Өнөөдрийн байдлаар арван мянга орчим иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлжээ. Гадаад харилцааны яамны мэдээлснээр өнгөрсөн гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр дэлхийн 28 улсаас 800 иргэн эх орондоо ирсэн байна. Цаашид ч бас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар  Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.


-Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Нийт хэчнээн иргэнийг татан авах вэ?

-Турк улсаас эх орондоо буцах хүсэлтэй 600 орчим иргэн байна. Энэтхэг улсаас 430 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Эх орондоо буцах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэлжүүлж эхэлсэн. Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна. Онгоцны багтаамж  250 хүний суудалтай гэж тооцвол 500 орчим хүн ирнэ гэж ойлгож болно.

-Турк, Энэтхэг улсаас эх орондоо ирэх иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юу. Ийм боломж нөхцөл нь тухайн улс орнуудад  хэр байна вэ?

-Турк улсад халдварын нөхцөл байдал тогтворжих хандлагатай байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах боломжоор хангуулахаар Станбул дахь Ерөнхий Консулын газар ажиллаж байна. Эхнээсээ хувийн лабораторуудтай холбогдож эхэлсэн. Төлбөр тооцооны судалгааг ч бас гаргасан. Энэ тухай мэдээллийг онгоцонд зорчих эрх нь баталгаажсан хүмүүст хүргүүлж, шинжилгээнд хамруулна.

Энэтхэг улсын тухайд 1.2 тэрбум гаруй хүн амтай. Тус улсад дотоод хөл хорионы хатуу дэглэмийг  тавдугаар сарын 17-н хүртэл тогтоосон. Тус улсаас ирэх иргэдийг халдвар зөөвөрлөж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах чиглэлээр анхаарч ажиллана.

-Энэтхэг улс дахь Монгол иргэдийн нөхцөл байдал хэр байна вэ. Нийгмийн сүлжээнд ламаахай нарыг хүнд нөхцөл байдалд байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Үүнд хэрхэн анхаарч байна?

 -Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад нутаг буцах хүсэлтэй 437 хүн бүгд хүнд нөхцөлд байгаа юм биш. Энэтхэг улсад амьдарч буй монголчуудын дийлэнх нь ламаахай нар. Тэд тус улсад арав хүртэл жил сүм хийдэд шавилж суудаг. Тухайн сүм хийддээ бүртгэлтэй тул хоол ундгүй болох асуудал байхгүй. Энэтхэг улс дахь ламаахай нарын нөхцөл байдлын талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон бусад сүм хийдүүдтэй  холбоотой байгаа.

Тэгэхээр ламаахай нар нийгмийн сүлжээнд яригдаж байгаа шиг хүнд нөхцөлд ороогүй. Харин тус улсад богино хугацаагаар сургалтанд суух,   эмчилгээ хийлгэж буй иргэдийн хувьд мөнгө төгрөггүй болж гацсан хүндрэлтэй асуудлууд байгаа.

Эдгээр хүмүүсийн төлөөлөл эх орондоо буцах хүсэлт, өргөдөл гаргаж байгаа. Бид өргөдөл хүсэлтүүдийг өдөр бүр авч байна. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн өргөдөл хүсэлттэй Улсын онцгой комиссоос ч бас танилцаж байгаа тул Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэх асуудлыг судалж шийдвэрлэ гэдэг чиглэлийг өгсөнтэй холбогдуулан тооцоо судалгааг явуулж байна.

-Тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлэхээр болж байна. Энэ нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна гэх шүүмжлэл дагуулж буй. Халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дэлхий даяар цар тахлын халдвар авсан хүний тоо 3.5 саяд хүрээд байна. Улс орнуудад өвчлөлийн тархалт харилцан адилгүй байна. Хэдийгээр өнөөдөр халдвар авсан иргэдийн тоо 41-д хүрсэн ч дотоодод халдвар тархаагүйг та бүхэн мэднэ. Энэ бол өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс, холбогдох төрийн байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд ажилласныг харуулж байна. Бидний зүгээс гадаад дахь иргэдээ  татан авахад  үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг хангасны үндсэн дээр зохион байгуулж байгааг та бүхэн мэднэ.

Өөрөөр хэлбэл, гадны улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг  маш сайн баримталж байгааг тодотгоё.

Эрүүл мэндийн яамнаас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа. Иймд өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгүүдээр эх орондоо ирсэн иргэдийн дийлэнх нь коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Гэхдээ зарим улс орнуудаас ирж буй зорчигчдын тухайд коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжгүй байна. Нарийвчилсан шинжилгээг авах боломжгүй гэдгийг ч тухайн улсын Элчин сайдын яам, төрийн байгууллагуудаас мэдэгдэж байна. Учир нь  коронавирусийн халдвар авсан болон сэжигтэй иргэдийн тоо, цар тахлын нөхцөл байдлаас  хамаарч нарийн шинжилгээний нөөц боломж хязгаарлагдмал байгаа юм. Тиймээс өвчлөлийн тархалт өндөр болон эрчимжиж буй улс оронд амьдарч байгаа шинж тэмдэггүй эрүүл хүн шинжилгээ өгөх боломжгүй. Ийм нөхцөл байдлыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам ойлгож байгаа.

-Хэрэв дотоодод нөхцөл байдал хүндэрвэл гадаад дахь иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах уу?

-Монгол Улсын хэмжээнд дотооддоо халдвар тархсан нөхцөл байдлыг ярьж байгаа бол тухайн үед Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагана. Тодруулбал, гадаад дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах эсэхийг тухай бүрт нь шийдвэрлэх болов уу.

-Тусгай үүргийн нислэгээр хэчнээн иргэн эх орондоо ирээд байна?

– Хоёрдугаар сарын 1-ны өдрөөс хойш хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоосонтой холбоотойгоор нийт 12 удаагийн нислэг зохион байгуулсан. Мөн автозамаар иргэдээ татан авч, хил нэвтрүүлж байгаа юм. Тухайлбал, хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ-аас иргэдээ татан авсан. Одоо ч бас хилийн чанад дахь иргэдээ татан авахаар ажиллаж байна.

-Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэдийн тухайд хилээ нээ гэх шаардлага тавиад байна. Үүнийг хэр зөв шаардлага гэж үзэж байна вэ?

Гадаад улстай хилээ нээх асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 31-н хүртэл сунгаад байна. Хил нээнэ гэдэг нь гадаад улстай хилээ нээх буюу Монгол Улсын иргэд гадаад улс руу зорчих, гадаад улсын иргэн Монгол Улс руу зорчих эрхийг нь нээж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн улсад халдварын нөхцөл байдал хэр байна вэ, халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй юу, үгүй гэх зэрэг маш олон хүчин зүйлсээс хамаарах тул өнөөдрийн байдлаар хилээ нээнэ гэх тодорхой мэдээлэл алга.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж