Төрдөө хаягдсан эрүүл мэндийн салбар Монголыг "аварч" байна

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Төрдөө хаягдсан эрүүл мэндийн салбар Монголыг "аварч" байна

Төрдөө хаягдсан эрүүл мэндийн салбар Монголыг "аварч" байна

Сүүлийн  хэдэн жилүүдэд Монгол Улсын эрүүл мэндийн салбар ­эл­гээрээ хэвтсэн тухай мэдээлэл байс­хийгээд л гарч ард түмний эмнэлэг, эмч нартаа итгэх итгэл буурсан гэхэд буруудахгүй болов уу. Тэгвэл төрд хаягдсан эрүүл мэндийн салбар дэлхий нийтийг хамраад буй цар тахлын үед хамгийн хэрэгтэй салбар нь болж хувирав. Түүгээр зогсохгүй эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, олон жил гацсан эмнэлэг ашиглалтад орж, эрүүл мэндийн салбарын эмч нар "од" болж байна.

Халдвар бүртгэгдсэн дэлхийн 215 гаруй улсаас Монгол Улс дотроосоо халдвар алдаагүй бараг ганц улс болоод байна. Хэдийгээр манай улсад халдварын 41  тохиолдол бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Өнгөрсөн хугацаанд 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, одоогоор 28 хүн  эмчлүүлж байна.  Монгол Улсад коронавирусийн  халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн Франц иргэн ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлэн бүрэн эдгэрч энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Франкфуртын тусгай нислэгээр нутаг буцсан  билээ.

“ТА МАШ НАЙДВАРТАЙ САЙН ЭМЧ НАРЫН ГАРТ БАЙГАА ЮМ БАЙНА”

Тэрбээр  “Надаас вирус илэрсэн дариуд нутаг буцсан бол намайг Францад ямар хувь заяа хүлээж байсныг би мэдэхгүй. Монгол орон намайг аварлаа. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Мөн намайг эмчилсэн эмч нарын баг, тэр дундаа Ц.Чинбаяр эмч үнэхээр чадварлаг. Эмчлүүлсэн эмнэлэг маань  халдвартын мэргэжлийн эмнэлэг байгаад нь бас их баяртай байв.Ц.Чинбаяр эмч маань өөр бусад орны  эмч нартай холбоотой ажиллаж байсан. Бүүр Францын эмч нартай хүртэл холбогдон мэдээлэл солилцож байлаа. Энэ холбоогоор дамжуулаад Францын талаас эмч нар надад  “Та маш найдвартай сайн эмч нарын гарт байгаа юм байна” гэж хэлсэн нь үнэн байв.Энэ боломжийг ашиглаад намайг эмчилж эдгээсэн Ц.Чинбаяр эмчдээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.  Монголчууд эмч нарынхаа заавар зөвлөгөөг сайн дагаад байхад таны амь нас итгэл, найдвартай хүмүүсийн гарт байгаа шүү” хэмээн онцолсон байдаг.

Ер нь коронавирус монголчуудад олон зүйлийг ойлгуулж, олон сайн дадалд сургаж байгаа нь өдөр бүр анзаарагдах болсон. Ялангуяа хувийн ариун цэврээр маруухан байсан нийтлэг жишиг арилж, монгол хүн дор бүрнээ гараа угааж сурсан нь нийтийг хамарсан эрүүл ахуйн “кампанит ажил” болов. Улмаар  Монгол Улс орхигдсон эрүүл мэндийн салбартаа анхаарах цаг нь болсон гэдгийг хатуухан санууллаа.

СУДЛААЧИД: УЛС ТӨРЧДИЙН ЗАСАГЛАЛ, ТОГЛООМЫН ДҮРЭМ ҮЙЛЧИЛДЭГ УЧРААС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХӨГЖИХГҮЙ БАЙНА

"Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болж байна. Тэгвэл өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн байгууллагад хуучирч элэгдсэн байрнаас өөр алдах юмгүй, засаглалынхаа асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй байгаа хөл нүцгэн, гар хоосон пролетариуд өөрийн хувь тавилангаараа тусламж үйлчилгээ үзүүлсэний төлөө эмнэлэг, эмч  хариуцлага хүлээж, эмнэлгийн засаглалын асуудал нь шийдэгдээгүйн улмаас улс төрчдийн засаглал, тоглоомын дүрэм үйлчилж, Монгол  улсын эрүүл мэндийн салбар хөгжихгүй байгаа" хэмээн судлаачид дүгнэсэн байдаг.

Ямартай ч  коронавирусийн “ачаар” есөн жил гацсан нийслэлийн эх хүүхдийн эмнэлгийг зургадугаар сард ашиглалтад оруулахаар болсон. Тус эмнэлэг нь  880 өрөөтэй, төрөх эмэгтэйчүүдийн 160, хүүхдийн 140 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм.

Түүнчлэн тус эмнэлэг нь коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр 1600 хүртэл ор дэлгэж, тусгаарлах байр болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох аж.  Мууг сайнаар эргүүлэх нь овжин үйлдэл болохын хувьд бид хүнд байдлаас сайныг олох нь “суусан газраасаа шороо атгасан” лугаа тул нийгмээ цэвэрлэж авах ашиг тустай хэрэг. “Юм яаж ч муудсан сайжрах талруугаа явж байдаг" гэх өөдрөг үзлээр боломж бүхнийг ашигтайгаар эргүүлэх нь чухал юм. 

Цаашид шийдвэр гаргагчид буюу Засгийн газар эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн чадавхыг цогцоор нь үнэлэх,  нөөц бололцоогоо шаардлагатай газар зөв хуваарилах, хүний нөөцийг шаардлагатай бол нэмэлтээр сургах, зардал санхүүгийн хэрэгцээг мөн тооцоолох зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байна. 

Дашрамд дурдахад, Улсын эмнэлгүүд коронавиурсийн халдварын бэлэн байдалд дараах байдлаар ажиллах аж.

 ХАЛДВАР ДЭГДСЭН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ҮНДСЭН ХЭСГЭЭС ТУСГААРЛАГДСАН ХЭСЭГ БИЙ

Тус эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай эмнэлгийн хувьд коронавирусээс хэрхэн сэргийлэх болон коронавирусийн дэгдэлт гарвал хэрхэн ажиллах талаар бэлэн байдлаа хангаж байна. Улмаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг өгч, зөвлөгөө өгч байна. Хэрэв эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл 25 ор, мөн нөөцөд гурван ор бэлэн.

Хэрэв халдвар дэгдсэн тохиолдолд эмнэлгийн үндсэн хэсгээс тусгаарлагдсан 140 орыг бэлдсэн. Тус  хэсэгт халдвар авсан хүний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд шаардлагатай бүх шинжилгээ хийх багаж төхөөрөмжүүдийг бэлдсэн.

Мөн амьсгал, зүрх судасны системийг орлуулах, уушгины дурангаар эхо хийх төхөөрөмж ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. Хэрэв дэгдэлт гарлаа гэж бодоход эрчимт эмчилгээний орыг хоёр дахин нэмж, найман баг гаргаж сэлгэн ажиллах төлөвлөгөө боловсруулж шаардлагатай хувцас хэрэгсэл эм бэлдмэлийн гурван сарын нөөц бэлдсэн. Болзошгүй халдвараас сэргийлэхээр хамгаалалтын хувцсыг өмсөж тайлах гэхчлэн сургалтууд их явж байна” гэлээ.

ШААРДЛАГАТАЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН 500 ГАРУЙ ОРЫГ БҮРЭН АШИГЛАНА

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусийн халдварын оношилгоо хийх чадавх, эрэмбэлэн ялгах бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж