Автомашины борлуулалт, иргэдийн худалдан авалт эрс буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Автомашины борлуулалт, иргэдийн худалдан авалт эрс буурчээ

Автомашины борлуулалт, иргэдийн худалдан авалт эрс буурчээ

“Эртээ урьдын цагт зах дүүрэн хүнтэй байжээ” гэсэн яриа гарчээ. Улаанбаатар хотын хамгийн их нягтрал, төвлөрөл үүсгэдэг зах, худалдааны төвүүд хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хүнгүй болсон дүр зураг ажиглагдаж байна. Монгол улсын автомашины төвлөрсөн томоохон захуудын нэг “Да хүрээ” техникийн зах дээр энэ дүр зураг илүү тодоор харагдана.

Дэлхийн нийтийг хямралд, айдаст автуулаад байгаа коронавирусийн цар тахал хамгийн их нөлөөлж буй худалдааны төв бол Да хүрээ. Өмнө нь хөл хөдөлгөөн тасардаггүй байсан бол одоо энд худалдан авагчид гэхээс илүү худалдаачид өөрсдөө л нааш, цааш холхино. Бид энэ удаад хүний хөл тасардаггүй Да хүрээ худалдааны төвд нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.

Цар тахал, эдийн засгийн хямралаас болж "орлогогүй, гүйлгээгүй" болсон гэх үг амны уншлага нь болжээ. Дэлхий нийтээрээ "тэг" зогсолт хийж байгаа энэ үед хэн нэгний худалдаа, бизнесийг дэмжих боломжгүй учраас эндэхийн худалдаачид өдрийн орлогоо таслахгүйн тулд өдөр бүр ажлаа хийсээр. Сүүлийн хоёр сарын хугацаанд автомашин, сэлбэгийн импорт тасалдаагүй ч цаг хугацааны хувьд хоцрогдолтой ирэх болжээ. Хилээр нэвтэрч буй ачаа, бараа бүхэн ариутгал, халдваргүйжүүлэлт, дамжин ирэх хугацаанаас шалтгаалан цаг алдаж байгааг эс тооцвол машины худалдаа эрхлэгчдэд бэрхшээл алга. Харин бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авагч алга. Тиймээс тэд түрээсийн мөнгөө таслахгүй, орлогоо алдчихгүйн тулд өдрийг өнгөрөөж буйгаа хуваалцаж байлаа.

Иргэн Л.Лхагвадорж “Да хүрээ” зах дээр автомашины дагалдах хэрэгсэл, тос масло, багаж гэх мэтчилэн жижиглэнгийн зүйлс худалдаалж амьдралаа залгуулдаг.

Иргэн Л.Лхагвадорж:

-Худалдан авагчид ер нь багассан. Бидэнд хэцүү л байна. Түрээсийн хөнгөлөлт тал дээр илүү анхаарвал зүгээр. Улс орны зүгээс ч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжээд, нэг ч удаа гэсэн туслалцаа үзүүлэх хэрэгтэй байх. Бид улс орон, төр засгаасаа ажлын байр гуйгаагүй. Мэргэжлээрээ ч ажиллаж чадалгүй, үр хүүхдээ бодоод л ингээд явж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн хувьд ч өөрчлөлт орсон. Урдаас оруулж ирдэг барааны үнэ нэмэгдээд, нааш зөөвөрлөх тээврийн зардал өсч, хугацааны хувьд удах болсон доо.


 

Иргэн Н.Баярмаа Өмнөд Солонгос улсаас автомашины сэлбэг оруулж ирж, сэлбэгийн бизнес эрхэлдэг нэгэн.

Иргэн Н.Баярмаа:

-Хүмүүсийн эрэлт багассан. Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг багасгаж байж л худалдан авагчдыг татаж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар ч багассан. Манай захын зүгээс өнгөрсөн хоёр сарын түрээсээ 30 хувь хөнгөлсөн. Харин цаашдаа яах нь мэдэгдэхгүй л байна. Захиалсан сэлбэгүүд маань ч удаж орж ирж байна даа.


Япон улсаас автомашин оруулж ирдэг бизнес эрхлэгч П.Отгонбаяр дараах зүйлсийг ярилаа.

Иргэн П.Отгонбаяр:

-Хөдөө орон нутгаас орж ирж машин тэрэг авдаг хүмүүс цөөрсөн. Гүйлгээ эрс муудсан шүү. Наймаачид маань илүү үнээр зараагүй. Ерөөсөө маш бага ашиг олж байгаа. Өмнөх жилүүдийг бодвол илүү бага орлоготой байна. Автомашины үнэ хамаагүй хямдарсан. Японд ч гэсэн хөл хорионоос болж автомашины үнийн хэлбэлзэл үүсч, үнэ нь унаад эхэлсэн. Тэр хямд автомашинууд нь энд орж ирэхээс өмнө бид энд байгаа автомашинуудаа заримдаа алдагдалтай зарж байна. Японоос автомашин орж ирэх хугацаа болон татварт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа нь сайн. Борлуулалт л маш муудсан. Харин автомашин орж ирэх хугацаа нь ч богино болсон санагдсан шүү. Орж ирсэн автомашинуудынхаа заримыг авч чадалгүй үлдээсэн нөхцөл байдалтай л байна даа.


Иргэн Э.Цэрэндорж:

-Автомашины борлуулалт зогсонги байдалд ороод үнэн гуниг байна. Хэзээ ийм байсан юм бэ, гайхаад л байж байна. Манайх худалдаалж байгаа автомашинуудаа бүр хямдруулсан шүү дээ. Бараг амиараа л өгч байна гэж хэлж болно. Нээрээ бараг л алдагдалтай ажиллаж байна. Хүмүүс биднийг замбараагүй ашиг олдог гэж бодоод байх шиг байна. Үгүй шүү дээ. Дунджаар 500-600 мянга, хамгийн дээд талдаа 1 сая төгрөгийн ашиг олдог. Одоо бол бүгдийг нь л алдагдалтай борлуулж байна. Харин наашаа Монгол руу орж ирэх хугацаа нь урт болсон юм шиг санагдсан. Захын зүгээс өнгөрсөн гурав болон дөрөвдүгээр саруудад түрээсийн төлбөрөөс 30 хувь хөнгөлсөн. Тэрэнд нь бол баярлаж байгаа шүү.


Та бүхний харж байгаачлан автомашины бизнес эрхлэгчид санхүүгийн хямралд орж, худалдан авагчдын эрэлт хэрэгцээ багасчээ. Энгийн өдрүүдэд л гэхэд хэдэн зуун хүн үйлчлүүлдэг Да хүрээ зах дээр одоо бол бизнес эрхлэгчид болон үйлчилгээний ажилтнуудаас өөр хүн харагдахгүй байлаа. Бизнес эрхлэгчид хамтдаа цугларан өдрийг барж, зарим нэгэн нь "удахгүй үйлчлүүлэгч ирж л таараа" гэсэн найдлага тээсээр автомашина өнгөлөн зогсч энэ хүнд хэцүү цаг хурдан дуусахыг хүсч байгаа нь илхэн харагдана. “Да хүрээ зах”-ын зүгээс ч бизнес эрхлэгчдээ дэмжиж өнгөрсөн хоёр сарынх нь түрээсийн төлбөрөөс 30 хувь хөнгөлж, эрүүл аюулгүй орчноор хангаж өдөр бүр ариутгал хийж буй тухай тус захын удирдлагууд ярьсан юм.

Да хүрээ захын ахлах менежер Ч.Чимэдцэрэн :

-Covid-19 цар тахлын эсрэг манай худалдааны төвөөс урьдчилан сэргийлсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч байна. Эхний ээлжинд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор өнгөрөгч гурав болон дөрөвдүгээр сарын түрээсийн төлбөрөөс 30 хувь хөнгөлсөн. Үүнээс гадна бизнес эрхлэгчдийнхээ аюулгүй байдлыг ханган 1000 маскыг бүхий л бизнес эрхлэгчдэдээ тараасан байгаа. Мөн УОК-т байгууллагынхаа зүгээс 30 сая төгрөгийг хандив болгон өгсөн.


Да хүрээ захын дотоод хяналт шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер Б.Одонтуяа:

-Ариутгал халдваргүйжүүлэлтийг хуваарийн дагуу зам талбайн үйлчлэгчид өдөр болгон хийж байгаа. Энэ бүгдийг бүртгэх хүснэгттэй. Хоёр цаг тутам ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд явдаг. Харин их цэвэрлэгээг үйлчилгээний байрын дотор болон гадна гээд долоон хоногтоо гурван хийдэг тогтмол хийдэг. Захын үүдэн дээр байцаагчид маань нэвтэрч буй хүмүүсийн халууныг тогтмол шалгаж, гарыг нь ариутгаад, амны хаалттай хүмүүсийг нэвтрүүлж байгаа. Бизнес эрхлэгчдийн амны хаалтыг зүүлгэх шаардлага тавьж, ариутгалын гэрээт компани маань 14 хоног тутам ирж ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Мөн энэ тавдугаар сард компанийн зүгээс захынхаа бүхий л худалдаа үйлчилгээний байруудаа болон бизнес эрхлэгчдийнхээ зам талбай, байруудыг ариутгах болно.

Худалдан авагч өдрийн од шиг болсон энэ газар зах хэмээх тодотголтой хөл хөдөлгөөн, чимээ шуугиан гээд юу ч байсангүй. Хаа нэгтээ "яриад  аваарай" хэмээн худалдан авагчаа дуудах сонсогдоно.

Ер нь дан ганц техникийн захууд ч гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний томоохон зах, худалдааны төвүүд дээр худалдан авагчид багасч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг худалдаачид ам уралдан хэлж байлаа. Дэлхий нийтээрээ өвдөг сөхөрч байгаа цар тахлын үе хурдан дуусч, амьдрал хэвийн үргэлжлэх хугацаа тодорхойгүй. Тиймээс энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл бараа, бүтээгдэхүүний худалдаачид хамгийн түрүүнд хохирол амсах нь гэдгийг Да хүрээгийн худалдаачид онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж