Аагим халуун дахь шинэчилсэн бүртгэл

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Аагим халуун дахь шинэчилсэн бүртгэл

Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв /ИБМУТ/-ийн хоёрдугаар байрны үүд­нээс авто машины зам  хүртэл ур­таас урт дараалал үүсэх болсоор удаж байна. Төрсний гэрчилгээний лавлагаа авах гэсэн хүмүүс халуун наранд хөлсөө урсган дугаар­лан зогсжээ.  Таяг тулсан өвгөд хөгш­дөөс эхлээд  бие давхар, нялх хүүх­дээ тэвэрсэн хүн ч харагдана. Эх­ний хүмүүс нь үүрийн тав, зургаан цагт иржээ. Харин дарааллын сүүлээр зог­сох  хүмүүс найм, есөн цагийн үед  ир­сэн гэх. ИБМУТ-өөс 500 дугаар тарааж хүмүүсээ дотогш оруулсан бөгөөд тэднийг гарч ирэхийг хүлээж байгаа нь энэ гэнэ. Дугаарлан зогсч буй иргэдийг ажиглаж цөөн хором зогсоход “Өглөө 08:00 цагт ирээд одоо болтол дугаараа авч чадаагүй байна. Өнөөдөр ч бас бүтэхгүй нь, тэтгэврийн биднээс төрсний гэрчилгээ нэхээд байх  юм, ямар ч зохион байгуулалт алга” гэх зэргээр дор бүрдээ  бухимдана. Энэ бол ИБМУТ-ийн гадаах байдал. Харин дотор  орж II давхарт гарахад хоорондоо тун бага зайтай үйлчилгээний цонхнуудын дэргэд хүмүүс  шахцалдан зогсоно. Тэнд эмх цэгц гэж үнэндээ алга байлаа. Бүгчим халуун танхимд ам амандаа хашхирсан хүмүүс бухимдан зогсохын дээр архи тамхи, хөлсний  үнэр холилдон удаан  тэсэхийн аргагүй. Дархан-Уул аймгийн иргэн Ш.Гүнжээ “Эгч нь төрсний гэрчилгээний лав­ла­гаа авах гэж Дарханаас өчигдөр ир­сэн. Ирсэн өдрөө дугаар авч чадал­гүй өнөөдөр 07.00 цагт ирж, арай гэж дугаар  авлаа. Орон нутгийн  хүмүүсийг  заавал хотод ирүүлж хүндрүүлж байдаг энэ бүртгэлийн ажилтнуудыг ойлгохгүй юм. Тухайн аймагт нь өгвөл энэ урт дараалал багасна шүү дээ” гэж учирлана.  Харин хажууханд нь зогсох Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн Н.Бунтар “Манайх гэр бүлээрээ 2000 онд Дорнод аймгаас Улаанбаатар хотод  шилжиж  ирсэн. Хотод ирэхдээ гэр бүлийнхээ дөрвөн гишүүний бичиг баримтыг хот руу шилжүүлсэн ч 1992 онд төрсөн хүүгийн маань бүртгэл иргэний бүртгэлийн санд байхгүй байна гэсэн. Оршин сууж байсан орон нутагтаа оч гэхээр нь Дорнод руу хоёр удаа явлаа. Тэнд очихоор манай аймгаас хасалт хийсэн байна гэдэг. Одоо төрсний гэрчилгээнийх нь лавлагааг авах гээд зогсч байна. Бас гарч ирэхгүй бол  хаана хандахаа мэдэхгүй байна. Хасалт хийж, шинээр бүртгэж байгаа хүмүүс нь хариуцлага алдснаас энэ мэт хүндрэл үүсч байна” гэж гасална. Энэ мэтчилэн иргэдийн олонх нь бухимдсан, уурласан байдалтай байв. Үйлчилгээний ажилтнууд ч уур уцаар­тай харагдлаа. Шинэчилсэн бүрт­­гэл хэдэн хувьтай байгаа, иргэд юуг анхаарвал зохих  талаар тус тө­вийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Ням­цэцэгээс тодруулсан юм.

-Одоогийн байдлаар иргэний  шинэ­чилсэн бүртгэл хэдэн хувь­тай байна вэ?

-Бүртгэл эхэлснээс хойш 22 хоно­гийн хугацаанд улсын хэм­жээнд  нийт хүн амын 12 хувь нь  шинэ­чилсэн бүртгэлд хамрагдаад байна. Тод­руулбал нийслэлд 95 606, орон нутагт 102 900 иргэн бүртгүүлээд байна. Нийтдээ 198 мянга  гаруй  хүн  иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. 

-Шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулалт муутай, хүндрэл чирэгдэл ихтэй байна гэх хүн олон байна?

-Улсын бүртгэлийн газар шинэ­чил­сэн бүртгэлд ач холбогдол өгч бэлтгэл ажлыг нөөц боломжоор хан­га­сан ч иргэдийг бухимдуулсан нэг асуудал гараад байгаа. Энэ бол 1951 оноос хойш төрсөн иргэдийг төрсний гэрчилгээгээ авчрахыг шаардаж бай­гаа явдал. Шинэчилсэн бүртгэлд хам­­раг­­дахын тулд иргэний үнэмлэх, төрс­­ний гэрчилгээ заавал үзүүлэх учир­­тай. Гэтэл зарим хүн төрсний гэр­­чилгээгээ гээсэн, устгаснаас манай байгууллагаас лавлагаа авах хэрэгтэй болж буй юм. Тиймээс л уртаас урт дараалал үүсгээд байгаа хэрэг шүү дээ. Улсын бүртгэлийн санд бүртгэлтэй, ямар нэг зөрчилгүй үед  лавлагааныхаа хариуг өдөртөө авч байгаа. Анх манай улс 1951 оноос эхлэн шинэ төрсөн хүүхдүүддээ төрсний гэрчилгээ олгосон байдаг. Төрсний гэрчилгээ олгож эхэлсэн эхний арван жилд бүртгэл тааруухан хийж байснаас 1951-1960 оны хоо­ронд төрсөн иргэдийн лавлагаа гарч ирэхгүй байх  тохиолдол их. Нөгөөтэйгүүр иргэдийн хайхрамжгүй байдлаас бас шалтгаалж  байгаа. Учир нь иргэд  тусгайлан бэлтгэсэн анкетийг үнэн зөв бөглөхгүй, овог нэрийг нь дутуу бичих,  шаардлагатай мэдээллийг хан­галт­­тай мэдэхгүй байгаагаас  ар­хивын лавлагааг удаашруулдаг. Манай тө­вийн ажилтнууд  уртасгасан цагаар ажиллаж байгаагийн дээр 50 орчим хүнийг гэрээт ажилтнаар ажиллуулж байна. Үйлчилгээ үзүүлдэг долоон цонхыг 16 болгон өргөтгөж, өдөрт 800-1200 хүнд архивын лавлагаа ол­гож, боломжийнхоо хэрээр  үйлчилж байна.

-Төрсний гэрчилгээний лав­ла­гаа олдохгүй тохиолдолд яах вэ?

-Үнэхээр анкетийг үнэн зөв бөг­лөөд ч лавлагаа гарч ирэхгүй бай­гаа тохиолдолд манай төвөөс бүрт­гэл­гүй гэсэн бичиг авч дахин төрс­ний гэрчилгээ авах боломжтой. Ингэх­дээ Улаанбаатар  хотын иргэд нийс­лэлийн иргэний  бүртгэлийн газарт тамга тэмдэг бүхий ямар нэг бичиг баримт­тайгаа очиж  эрх бүхий байцаагчаар гарын үсэг зуруулан шинээр төрсний гэрчилгээ авна. Харин орон нутгийн иргэд тухайн аймгийнхаа иргэний бүртгэлийн  хяналтын байцаагчаар дам­­жуулан дахин төрсний гэрчилгээ би­чүү­лэн авч улсын бүртгэлийн санд бүртгүүлэх юм.

-Танай  700 гаруй ажилтнуудын техниктэй харьцах мэдлэг дутмаг байгаа талаар шүүмжлэл  байсан?

-Улсын хэмжээнд 700-аад албан хаагч иргэдийг хэрхэн бүртгэх та­лаар  сургалтад хамрагдсан. Тэд өдөрт ойролцоогоор 60-70 иргэнд үйлч­лэх боломжтой. Иргэд өөрсдөө хэн нэгнийг буруутгахаасаа өмнө соёл­той, ухамсартай, хүлээцтэй хандах хэ­рэг­тэй гэж хэлмээр байна.

-Орон нутгийн харъяалалтай хэр нь Улаанбаатар хотод ажил­лаж амьдарч байгаа хүмүүс бүрт­гэлд хэрхэн хамрагдах вэ?

-Тийм хүмүүс олон бий. Тэд цаашид Улаанбаатар хотод амьдрахаар шийд­­­сэн бол шилжүүлэг хийлгэх үүрэг­­­­­тэй. Хуульд  зааснаар оршин суу­гаа газраасаа 180 хоног буюу зур­гаан сараас дээш хугацаагаар өөр газарт амьдарсан бол тухайн газраа шилжүүлэг хийлгэх ёстой. Өөрөөр хэлбэл одоо оршин сууж байгаа газраа шилжүүлэг хийлгэж бүртгэлд хамрагдах боломжтой гэв.
 Бүртгэл эхлээд нэг сар болох гэж байхад  дөнгөж 12 хувьтай байгаа иргэний шинэчилсэн бүртгэл энэ байдлаараа явбал аравдугаар сард  дуус­на гэдэг  “зангууны үлгэр” боло­хыг үгүйсгэх аргагүй. Анх 1955 оноос  хүн амаа тоолж эхэлсэн, нарийв­чилсан бүртгэлийг ойрын хуга­цаанд явуулаагүй болохоор арга ч үгүй биз дээ. Малаа тоолдог, хү­нээ тоолдоггүй улс манайхаас өөр байх­гүй л болов уу.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж