Улс төрийн намууд АТГ-ын үүд сахих уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Улс төрийн намууд АТГ-ын үүд сахих уу?

Улс төрийн намууд АТГ-ын үүд сахих уу?

Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн зардлын хэмжээг 360-776 сая төгрөг байхаар зарласан ч улс төрийн намууд эхнээсээ Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын үүд сахих нь ээ.

Тодруулбал, АН сонгуульд нэр дэвших горилогчдоосоо 100 сая төгрөг авсан асуудлаар, МАН нэр дэвшигчийн рейтинг тогтоохоор горилогчдоосоо 50 сая төгрөг татаж, 15 тэрбумыг зарцуулсан гомдлоор тус, тус шалгагдахаар болсон тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН нэр дэвшигчдийн судалгааг хийхдээ гишүүдээсээ 50 сая төгрөг татаагүй, судалгаанд 15 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь гүтгэлэг” хэмээн няцаасан ч хуулийнхан шалгаж байж,  эцэслэнэ.

АН-ын хувьд сонгуулийн зардлаа олон нийтэд ил тод тайлагнахаа мэдэгдэж байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд “АН-ын 100 саяын нэг, хоёрдугаар шатны нууц гэрээ” гэх бичлэг сошиалд цацагдсан нь дуулиан тарьж байна. Бичлэгт дурдсанаар гол маргаан АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, намаасаа хөөгдсөн Д.Мөнх-Эрдэнэ нарын дунд болжээ. Горилогч Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймагт нэр дэвших зорилгоор намдаа 100 сая төгрөг тушаасан байсан. Гэтэл Үндэсний аудитын газрын тогтоосон зардлаар Баянхонгор аймагт нэг нэр дэвшигч 405 сая төгрөгийн зардал гаргана. Аймгийн намын хорооноос нь энэхүү зардлын 10 хувийг эхний ээлжинд тушаа гэдэг шаардлага тавьсан. Тушаачихаар намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадах эсэх эргэлзээтэй. Хэрэв нэр дэвших боломжгүй нөхцөлд намдаа өгсөн дэнчингээ буцаан авч чадах уу гэдгээс үүдэж маргаан өрнөсөн байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, энэ маргаан өнөөдөр гагцхүү АН-д өрнөөд өнгөрөх нь юу л бол… Ил болсон нь энэ болохоос биш энэнээс ч долоон дор зүйл болж өнгөрөхийг үгүйсгэхгүй.

Учир нь өмнөх сонгуулиар Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг зарж, 60 тэрбум босгох схем “боловсруулсан” гэх асуудалд орж, шүүхээс ял авсан. Энэ схем буруу гэж дор бүрнээ шүүмжилж байгаа ч улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд хамгийн муу хувилбарыг сонгохгүй гэх баталгаа алга.

Үүнд шалтгаан ч бий. Нэгд, тойрог томссоныг хэлэх үү,  сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгож, мөнгөтэй нам, мөнгөтэй хүнтэй өрсөлдөх вэ гэдэг нэр дэвшигчдийн хувьд шүдний өвчин нь болж хувираад байна.

Сонгууль зохион байгуулах хорооны зүгээс 2020 оны УИХ-ын сонгуульд 800 орчим нэр дэвшигч өрсөлдөх болов уу гэсэн таамаг гаргаад буй. Үүгээр бол нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах нийт зардал 770 гаруй тэрбум төгрөгт хүрч мэдэхээр байгаа.  Цар тахлаас болж, эдийн засгийн эргэлт царцанги байдалд орж, хамгаа гөвж буй улсад сонгуульд дээрх хэмжээний мөнгө зарцуулна гэдэг ахадсан тоо. Гэвч зардлыг танах боломж хомс. Тэр байтугай цар тахлаас болж, сонгууль зохион байгуулагдахад шаардагдах төсөв дөрвөн тэрбумаар нэмэгдэх болсон тул Засгийн газраас гаргахаар төлөвлөөд байна.

Уг нь улс төрийн нам бүр өөр, өөрийн дүрэмтэй. Тэрхүү дүрмийн хүрээнд санхүүжилтээ “босгон” зүтгэж байгаа ч Улс төрийн намын тухай хууль нь цаг үеэ дагаж шинэчлэгдээгүй хуучнаараа байгаа нь олон нийтийн хүсээд буй сонгуулийн санхүүжилтийг шилэн болгох шаардлагыг хангаж чадахгүй, нам бүр өөрийн дүрмээр асуудлыг шийдэхийг оролдож байгаа нь эцэс сүүлдээ АТГ-ын үүд сахих ажилтай болгох нь.

Одоогоор АТГ-аар шалгуулах намд хоёр улс төрийн хүчний асуудал сөхөгдөж байж болох ч сонгуульд өрсөлдөхөөр батламжаа гардсан 15 нам, дөрвөн эвслийг тойрохгүй гэх баталгаа үгүй.

Эрх баригч хүчин болох МАН 65 суудал авсан үеэс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай хөндөж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд тус төслийг багтаагаад байсан ч хэлэлцэж амжилгүй дараагийн парламентдаа шилжүүлэх болов.

УИХ-ын сонгууль хаяанд ирсэн хууль тогтоогчдод Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал чухал биш, нэр дэвших квоттой болох нь чухал болж, хаврын чуулганаа завсарлуулахын түүс болцгоож байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж