ОХУ-д сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гурван эмч учир битүүлгээр эмнэлгийн цонхоор унаж гэмтсэн нь анхаарал татах болжээ. Хамгийн сүүлд баруун бүсийн Воронеж мужийн Новая Усман хотын эмнэлгийн хоёр давхрын цонхоор 37 настай түргэн тусламжийн эмч унаж, гавлын яс нь бяцарчээ. Александр Шулепов эмч ажлаа хийж байгаад коронавирусийн халдвар авсан ба эдгэрч байсан гэнэ. Тэрбээр өмнө нь халдвар авснаа эмнэлгийн удирдлагууддаа хэлэхэд түүнийг үргэлжлүүлэн ажлаа хийхийг шаардаж байсан тухай олон нийтэд бичлэгээр ярьж байжээ. Харин гурав хоногийн дараа сэтгэл хөдлөлөөр тийм бичлэг хийсэн гээд гомдлоо буцаасан байна.
Үүний өмнө энэ сарын 1-ний өдөр Красноярск хотын ахмад дайчдын эмнэлгийн ерөнхий эмч Елена Непомняшая эмнэлгийнхээ таван давхрын цонхоор унаж нас барсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр унахаасаа өмнө эмнэлгийнх нь нэг тасгийг covid-19-тэй өвчтөнүүдийг эмчлэх зориулалтаар ашиглах талаар мужийн эрүүл мэндийн газрын дарга Борис Немиктэй утсаар ярьж байсан. Энэ саналыг эсэргүүцэж байсан гэнэ.
Харин энэ явдлын өмнө дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Москвагийн ойролцоох Звёздный хэмээх жижиг тосгоны түргэн тусламжийн төвийн дарга Наталья Лебедева коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байхдаа мөн л эмнэлгийн цонхоор унаж нас баржээ. Үүнийг эмнэлгийнхэн нь золгүй явдал гэж тайлбарласан ч зарим эх сурвалжууд хамт ажиллагсад нь түүнийг халдвар тараасанд буруутгаж байсан тул амиа хорлосон байх магадлалтай гэж мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ