
Ямаа бүрт 5000 төгрөг: 2008 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн парламентын анхны “ажил” нь ямаа бүрт 5000 төгрөг олгох тухай хууль байсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэс л парламент хоёр хуваагдаж нэг нь батална, нөгөө нь батлахгүй гэж маргалдацгааж байсныг санаж байгаа байх. Байнгын хорооны хуралдаанаар торолгүй батлагдаж, УИХ-д орж ирээд бараг л ногоон гэрлээр батлагдсан уг хуулийн төслийг хэлэлцэх үед хүний хөгжлийн тухай ярьж ч байгаагүй юм шүү.
“Монгол мал” хөтөлбөр: УИХ-н гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарын гишүүд “Монгол мал” хөтөлбөрийг боловсруулж, УИХ өнгөрсөн тавдугаар сард баталсан юм. Мал эмнэлэг, үржлийн ажлыг боловсронгуй болгох, сүргийн бүтэц, малын төрөл хоорондын харилцааг зохистой хэмжээнд байлгах, малыг өвчлөлгүй байлгах гээд хүний хөгжлийн санд ч тусгагдаагүй сайхан зүйлүүдийг уг хуульд тусгасан. Малын хулгайтай тэмцэх хууль: Мөн л Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд малын бүртгэлийн системийг цахим хэлбэрт оруулъя гээд ардаа олон тэгтэй тоо хэлж байсан удаатай. Харин энэ хуулийн төсөл одоохондоо хэрэгжээгүй л байна. Тэгэхдээ намрын чуулганд хэлэлцэх асуудлуудын тоонд орчихсон явж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Монгол Улс 40 гаруй сая малтай, мал аж ахуйн орон. Тиймдээ ч малын тухай олон төсөл хөтөлбөр боловсруулж, заримдаа хүнд ч тусгаагүй олон шинэ санааг хэрэгжүүлдэг заншилтай. Гэхдээ бид монгол хэмээх энэ улсад хүн гэдэг бүхнээс эрхэм гэдгийг мартах учиргүйсэн. Монголыг мал бус хүн л хөгжүүлнэ гэдгийг мартаж боломгүй. Дэлхийн хүн амын сангаас баталсан стандартаар хүний нэг өдөр авах ёстой илчлэгийн хэмжээ 2,5-4,5 мянган калори байх учиртай гэнэ. Энэ илчлэгийг хоол хүнснээсээ авахын тулд дор хаяж 850 мянган төгрөгийн цалинтай шаардлагатай. Гэтэл Монгол Улсад цалингийн доод хэмжээ 108 мянган төгрөг. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын нэг өдрийн л цалинтай дүйцдэг. Хүний өдөрт авах ёстой илчлэгээс монголчууд хоёр дахин бага илчлэгийг авч байна. Хүний хөгжлийн илтгэл, жагсаалтад бидний ард Африкын хэдэн улс, хуучин социалист гэгдэж байсан Зүүн Европын хэдэн улс л байгаа. Хөгжиж буй гэх тодотголтой улс гүрнүүд бүгд бидний дээр.
АНУ-ын дундаж айл өрхийн тэжээдэг нохойны сарын хэрэглээ өнөөдөр 900 ам.долларт хүрчээ. Америкчууд нохойндоо 500 ам.долларын үнэтэй шингэн тэжээл, 350 ам.долларын үнэтэй хуурай тэжээл, 40 ам.долларын нохойн хоол, 10 ам.долларын ариутгалын бодисыг сард зориулдаг ажээ. Энд би ариун цэврийн хэрэглэлийнх нь үнийг дурдсангүй. Хэрвээ тэдгээрийг нэмэх юм бол ойролцоогоор мянга хол давсан дүн гарна. Гэтэл манай улсын жирийн нэгэн айл өрх 250-300 мянган төгрөгийн сарын орлоготой. Нэг кг махны үнэ одоогийн байдлаар 4550 төгрөг байна. Сарын орлого маань цадталаа идэх махаа худалдан авч бараг л хүрэхгүй. Бид америк нохойноос дор амьдарч байна гэж үү?
1990 оноос хойш манай улсад хүний хөгжлийн тухай цогц бодлого огт байсангүй. Бүр үндэсний хөгжлийн цогц бодлогод хүртэл хүний тухай, хүнээ хөгжүүлэх талаар олигтой зүйл огт тусгаагүй. Харин саяхнаас л хүний хөгжлийн тухай ярих болж. сан хүртэл байгуулсан. Гэтэл энэ сан зүгээр л хэдэн төгрөг тараадаг буяны байгууллага төдий болоод хувирчихлаа. Ер нь манайхан хүнээ хөгжүүлнэ гэхийг мөнгө тараах, цалинг нь нэмэх л гэж ойлгоод байдаг. Чухамдаа энэ нь хүний хөгжлийн нэгээхэн хэсэг л зүйл шүү дээ. Дэлхийн улс гүрнүүд хүнээ эрүүл мэнд, эдийн засаг, боловсролоор нь л дэмждэг. Үүндээ зориулж улсынхаа бусад тогтолцоог хөгжүүлдэг болоод бүтэн зууны нүүрийг үзжээ. Гэтэл манайд энэ тогтолцоо алга.
1940-өөд оны Аргентин улс өөрийн улсын ганц хөдөлгөгч хүч нь хөдөө аж ахуй гэж зарлаж байлаа. Олсон орлогоороо хүмүүсийн цалинг нэмж, янз бүрийн халамжийн тогтолцоог чухалчилж байжээ. Нэг хэсэгтээ л үлгэрийн юм шиг амьдарсан юм, Аргентинчууд. Гэтэл хориодхон жилийн дараа төр засаг нь цалингаа ч тавьж чадахаа больж, хөрш улсуудаасаа мөнгө зээлж эхэлсэн байна. Тэд хүнээ орхигдуулсанаас л ийм байдалд хүрлээ гэдгийг хожим нь ухаарсан юм.“Хориннэгдүгээр зууны Монгол орны хөдөлгөгч хүч нь Оюу Толгой, Таван толгой бус гагцхүү тэднийг зөв зарцуулах хүний толгой байх болно” МҮХААҮТ-ийн дарга С. Дэмбэрэлийн хэлсэн үгийг төгсгөлд нь дурдахад илүүдэх юун.
Б. Болорсүх