
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал манай улсад ямар төвшинд байна вэ. Өнөөдөр олборлолт явуулж буй хичнээн компани байгаа бол манай улсад?
-Өнөөдөр манай улсад олборлолт хийж буй компани, аж ахуйн нэгжийн тоо харилцан адилгүй байна. Манай байгууллагад 2009 онд тайлангаа гаргаж өгсөн 125 олборлолтын компани байна. 2006 онд 64, 2007 онд 102, 2008 онд 115 компани тайлан мэдээгээ албан ёсоор манайд ирүүлсэн. Гэтэл Засгийн газарт тайлан өгсөн компанийн тоо зарим жил манайхаас зөрдөг. 2006 онд манайд 64 компани тайлангаа өгсөн хэр нь Засгийн газарт 134 компани тайлан өгсөн байдаг. 2007, 2008 онд тооны зөрүү гараагүй хэр нь 2009 онд Засгийн газарт 363 компани тайлан хүргүүлсэн байгаа юм. Гэтэл Ашигт малтмалын газраас гаргасан мэдээллээр бол манай улсад 6000 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч бий. Эдгээрийн 1000 орчим нь олборлолтын лиценз эзэмшигч, эдгээрийн 170 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Улсын бүртгэлийн газраас болохоор олборлолтын лиценз эзэмшигч 600 бий гэсэн мэдээ гаргасан. Энэ бүх мэдээ болон татварын албанд өгсөн тайлан зэргээс харахад лав 450 олборлолтын компани байна. Тэднээс тогтвортой үйл ажиллагаа явуулж буй нь 170 орчим бий гэсэн дүгнэлтэд бид хүрээд байгаа.
-Тайлангаа үнэн зөвөөр гаргадаг, та бүхэнтэй хамтран ажилладаг газрууд олон уу. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хариуцлагаа ухамсарлах нь илүү байдаг гэдэгтэй та санал нийлэх үү?
– Сайны жишээнд “Бороо гоулд” зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид, “Эрдэнэт”, “МАК” гэхчилэн дотоодын томоохон компаниудыг нэрлэж болно. Ер нь бол олборлолт явуулж буй компаниуд бидний санаачлагыг дэмжиж байдаг.
-Дэлхий нийтийн хэмжээнд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал ямар төвшинд байдаг юм бол. Олборлолтыг ил тод болгосон бусад улсын туршлагаас суралцах боломжтой юу?
-Энэхүү санаачлага дэлхий нийтийн хэмжээнд нэг цаг үед, нэг л гараанаас эхэлсэн болохоор бусдын туршлага, үлгэр загвар байхгүй. Анх 2002 онд Их Британийн Ерөнхий сайд Тони Блейр энэхүү санаачлагыг эхлүүлсэн байдаг. Газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмалын нөөц ихтэй улс орнууд эдийн засгийн хөгжил, засаглалын хувьд баялаг хомс орнуудаас доогуур байх нь түгээмэл. Энэ нь байгалийн баялгаа цөөхөн хүний хүрээнд, олон нийтийн хараа хяналтгүй захиран зарцуулсантай холбоотой гэж судлаачид дүгнэсэн. Чухам эндээс л баялгийн хараал гэх үг хэллэг гарч ирсэн байж болох талтай. Тиймээс л “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ыг эхлүүлсэн байдаг юм. Одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд энэхүү санаачлагыг хэрэгжүүлж байна. Ази, Латин Америк, Африкийн орнууд санаачлагад нэгдсэн. Азербайжан улс энэхүү санаачлагыг эхнээс нь дэмжээд амжилттай хэрэгжүүлж буй улсын тоонд ордог. Азербайжан нь манай улсыг бодвол байгалийн баялаг хомс, олборлогч компанийн тоо цөөн байх жишээтэй. Гэтэл Нигери улсад өнгөрсөн онд гэхэд л олборлолтын компаниудын санхүүгийн тайлангийн зөрүү нь нэг тэрбум ам.долларт хүрсэн байсан.
-Манай улсын хувьд санхүүгийн тайлангийн зөрүү хэр хэмжээтэй байна вэ?
-Манай улс анх 2006 оноос тайланг авч эхэлсэн. Тэр үед томоохон 25 компанийг сонгон тайланг нэгтгэж үзэхэд гурван тэрбум төгрөгийн зөрүү гарч байсан. 2007 онд 34 тэргүүлэгч компанийн санхүүг аудитаар хянуулахад 750 сая төгрөг, 2008 онд 46 компаниас 420 сая төгрөгийн зөрүү гарсан. Зөрүү гарч буй гол шалтгаан нь хандив тусламжид өгсөн гэсэн тайлбарыг өгч байх жишээтэй. Дараалсан гурван оны зөрүүг энэ ондоо багтаан шийдэх учиртай.
-Санхүүгийн тайланд ямар байгууллага аудит хийдэг вэ. Зөрчил илэрсэн олборлогч компаниудыг нэрлэж болох уу?
-Санхүүгийн аудитыг хөндлөнгийн байр сууринаас явуулахын дээр олон улсын төвшинд эргэлзээ төрүүлэхгүйн үүднээс гадаадын аудитын байгууллагыг оруулдаг. 2008 оны хувьд “Улаанбаатар аудит корпораци” болон Англи улсын “Харт Нойрс” компаниудын хамтарсан консорциумаар хяналт тавиулсан. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээрээ 100 сая төгрөгөөс дээш хэмжээний татвар, төлбөр, хураамж төлсөн олборлогч нарыг хамруулсан. “Эрдэнэт” УБҮ нэг сая, “Монгол газар” компани 11 сая төгрөгийг байгаль хамгаалахад зориулсан гэж байгаа ч баримтаар нотлогдоогүй. Мөн Монголросцветмет нэгдэл Хэнтий аймгийн нэгэн суманд 25,7 сая төгрөгийг хандив тусламж болгон өгсөн гэсэн ч батлагдаагүй байна. Энэ мэт зөрчил олон бий.
-Энэхүү санаачлагыг хэрэгжүүлснээр ямар үр дүн хүлээж байгаа вэ. Олборлох үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд санаачлагыг хэрхэн хүлээн авч байна?
-Ямартай ч олборлох үйлдвэрлэлийн орлого зарлага, санхүүгийн тайлан мэдээллийг ил тод болгон хэвшүүлэх нь бидний хамгийн эхний зорилт юм. Байгалийн нөөц баялгийг ухаалаг ашиглах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах нэг чухал хөшүүрэг шүү дээ. Санхүүгийн ил тод байдал дээшилснээр дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбараас олж буй их хэмжээний мөнгийг зүй зохистой ашиглахын дээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Мөн авлигагүй орчныг бий болгоход ч ихээхэн дөхөмтэй. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд өнөөдрийн байдлаар манай улсын хууль эрхзүйн орчин хангалттай бус байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48-ын 10 дугаар зүйлд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг газрын тос, эрдэс баялгийг ашиглах хүрээнд, мөн төр засгийн хэмжээнд төдийгүй орон нутгийн төвшинд хэрэгжүүүлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны нэгдүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг ч биелэлт нь тааруу байна. Газрын тосны компаниуд л гэхэд “Ашигт малтмалын тухай хууль чинь манай салбарт хамаарахгүй” гэдэг үгээр ам хааж, тайлангаа өгдөггүй. Газрын тосныхноос “Петрочайна”, “Дайчин Тамсаг” хоёр компани л тайлангаа өгдөг. Энэ бүгдээс үүдэн бид хууль эрхзүйн орчинг нэн түрүүн сайжруулахаар ажиллаж байна. “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль”-ийн төслийг боловсруулаад холбогдох яам, агентлагт өгөөд байгаа. Өнөөг хүртэл энэ бүх үйл ажиллагаа хандивлагчдын тусламжаар явж ирсэн. Дэлхийн банкны “Итгэлийн сан”-гаас санхүүжүүлдэг. Тиймээс манай Засгийн газар бага боловч нэмэр хандив болж, ядахдаа аудитын зардлыг нь дааж байх санал хүргүүлээд байгаа.
Д.Цээпил