Франц улсын нийслэл Парис хотын ойролцоо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд хатгаагаар оношлогдсон өвчтөн үнэндээ коронавирусийн халдвартай байсныг тогтоожээ. Тухайн үед 50 настай эрэгтэй өвчтөнөөс авсан сорьцод дахин шинжилгээ хийж үзэхэд коронавирус илэрсэн гэдгийг түүний эмчлэгч эмч Ив Кохэн ярьсан байна. Энэ нь коронавирусийн цар тахлын халдвар Францад төсөөлснөөс эрт орж ирснийг илэрхийлж байна. Саяхныг хүртэл Францад коронавирусийн халдварын эхний тохиолдол нэгдүгээр сарын 24-нд илэрсэн гэж үзэж байв.
Дэлхий дахинаа “covid-19” өвчнөөр 3 сая 644 мянга 708 хүн халдварлаж, 1 сая 194 мянга 827 хүн эдгэрсэн бол 252 мянга 358 хүн нас бараад байна. Үүнээс хамгийн их буюу халдварын 50 орчим хувь нь АНУ-д буюу 1 сая 212 мянга 835 хүн халдвар авч, 69 мянга 921 хүн нас баржээ. Үүний араас Испанид 248 мянга 301 хүн, Италид 211 мянга 938 хүн, Их Британид 190 мянга 584 хүн халдвар авсан байна.
Эх сурвалж: ВВС, Worldometers.info
Холбоотой мэдээ