АНУ, БНХАУ-ын худалдааны дайн сэргэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн сэргэж болзошгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News телевизийн эфирээр БНХАУ-ын зүгээс Covid-19 цар тахлын тухай мэдээллийг дэлхий нийтэд цаг тухай бүрт нь өгөөгүй гэх шалтгаанаар тус улсын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах боломжтой хэмээн ярьжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ "Татвар бол бидний хэлэлцээ хийхээр бүтээсэн хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн наад зах нь юм" гэжээ.

Түүний энэхүү мэдээлэлд дэлхийн хөрөнгө оруулагчид тийм ч тааламжтай бус хандаж байгаа бололтой. Учир нь, Covid-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн хөрөнгийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж байгаатай холбоотой үнэт цаасны үнэ суларч байгаагийн хажуугаар АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн сэргэвэл дэлхийн эдийн засагт асар том хүнд цохилт болно гэж шинжээчид таамаглаж байна.

Сануулахад, АНУ болон БНХАУ-ын хооронд 2018 онд худалдааны маргаан үүсч эхэлсэн. Тухайн үед Вашингтон Бээжинг тус улсын технологийг хууль бусаар олж авсанд буруутгаж Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа нэмэгдүүлсэн. Энэхүү үйлдэлд нь Бээжин дургүйцэж, адилхан хариу барьсан юм.

Дэлхийн эдийн засагт том байр суурийг эзэлдэг хоёр улсын худалдааны маргаан 2019 онд хурцдаж, татвар шинээр ногдуулах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд АНУ-ын технологийн компани Huawei-тай хамтын ажиллагаагаа зогсоосон билээ. Улмаар хоёр улс наймдугаар сард тарифын хэлэлцээнд зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Худалдааны маргаан өдөр ирэх бүр улам хурцдаж, талууд есдүгээр сард тодорхой хэмжээгээр харилцан хязгаарлалтуудыг хийж эхлэв. Үүний дараагаар хоёр тал зөвшилцлийн ширээний ард сууж, харилцан ойлголцож, 2020 оны нэгдүгээр сарын 15-нд худалдааны хэлэлцээний эхний үе шат амжилттай болж, санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм.

Ийнхүү АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны төгсгөлийн дараахан дэлхийн эдийн засаг Covid-19-ийн цар тахалтай нүүр тулсан билээ.

Олон улсын валютын сангийн дүгнэлтээр, 2020 онд covid-19-ийн цар тахлын дэгдэлттэй холбоотой тогтоосон хөл хорионы улмаас Дэлхийн ДНБ гурван хувиар буурна гэж үзжээ. Хэрвээ худалдааны дайн сэргэвэл дэлхийн эдийн засгийн алдагдал одоогийн таамаглалаас ч өндөр байхыг үгүйсгэхгүй байна. Тодруулбал, дэлхийн ДНБ 3.5-5 хувиар буурахаас гадна цар тахлын дараа эдийн засаг сэргэхэд нэлээн урт хугацаа шаардагдана гэж үзэж байна.  Мөн худалдааны маргаан дэлхийн худалдааны харилцаа холбоог таслаад зогсохгүй ажилгүйдлийг нэмэгдүүлж, түүхий эдийн үнийг унагах аюултай гэж таамаглаж байна.

БНХАУ-д татвар ногдуулах боломжтой талаар дурдсан Дональд Трампын мэдэгдэл нь 2020 оны арваннэгдүгээр сард товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай холбоотой гэж тайлбарлах судлаачид ч байна. АНУ-д ажилгүйдэл дээд түвшиндээ хүрсэн энэ үед Цагаан ордны тэргүүн БНХАУ-ыг буруутгаж, өөрийн улс төрийн чансаагаа бэхжүүлэхийг оролдож байх магадлалтай ажээ.

Хэдийгээр хөрөнгө оруулагчид цар тахлын сөрөг нөлөөний хажуугаар худалдааны дайн сэргэх вий гэсэн айдастай байгаа бол мэргэжилтнүүд худалдааны дайны хоёрдугаар үе шат бодитоор эхэлнэ гэсэн хүлээлтгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар худалдааны маргаан сэргэвэл эн тэргүүнд АНУ-д өөрт нь цохилт болно, улмаар сонгуулийн өмнө Трампын чансаа суларна гэж харж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ, Хятад улс нь одоогоор АНУ-ын Засгийн газрын өрийн хамгийн том эзэмшигчдийн нэг. Хэрвээ АНУ хятадын бараа бүтээгдэхүүн татвар ногдуулж эхэлбэл БНХАУ АНУ-ын Засгийн газрын бондын хөрөнгө оруулалтыг эрс багасгаж, ам.долларын ханшийг сулруулж болзошгүй хэмээн шинжээчид таамаглажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж