"Нотлох баримтыг шинжлэх ажиллагаа болж байна"

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

"Нотлох баримтыг шинжлэх ажиллагаа болж байна"

"Нотлох баримтыг шинжлэх ажиллагаа болж байна"

Нэмэлт: 

Шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна. М.Энхсайханы өмгөөлөгч Ц.Эрдэнбат “Өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан хүсэлтийг шүүх хуралдааны явцад хэлэлцэнэ. Одоогоор шүүх хуралдаан эцсийн шийдвэрээ гаргаагүй учраас нотлох баримт шинжлэх үйл ажиллагаа болж байна. Ер нь бол Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оролцуулах ёстой гэсэн хүсэлтийг бид шүүхэд өгсөн. Шүүх хурлын эхэнд М.Энхсайхан илтгэл тавьсан. Олон улсын гэрээ учраас ойлголтын зөрүү их байгаа юм билээ” гэлээ.

Д.Оросоо: Шүүгдэгч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал түр завсарлаад байна. Энэ талаар М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Зарим гэрч нар ирээгүй.  Нэгэнт гэрч нар ирээгүй учраас шүүх хуралдаанд гэрчийг оролцуулахгүй байя гэдэг саналыг өмгөөлөгч нар хэлсэн. Одоогоор мэтгэлцээний ажиллагаа явагдаж байна. Өмгөөлөгчдийн зүгээс нэгдүгээрт, прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн.  Яагаад гэхээр 2015 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилигээс УИХ-ын даргад Тавантолгойн төсөлтэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэг үйлдэлд холбогдуулаад хоёр зүйл ангиар яллаж байна. Албан тушаалын эрх мэдлээ ашиглаж байгаа хэрнээ нөгөө талаас нь хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж яллаж байна. Тэгэхээр нэг үйлдлийн төлөө хоёр талаас нь яллаж байгаа нь прокурорын дүгнэлт үндэслэлгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Цагдан хорих үндэслэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэр утгаараа үзэл бодлоо илэрхийлэх зорилготой байснаас биш хэргийг задруулж, бусад оролцогч нарт нөлөөлөх зорилго агуулаагүй. Шүүхийг хүний эрхэнд халдсан гэдэг байр суурьтай байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байгаа нь хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхыг зөрчсөн” гэлээ.

 

М.Энхсайханыг шүүх хурал эхэллээ

Нэмэлт: 

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна. Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллах байхдаа Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж буй. Гэхдээ энэхүү гэрээг тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ-аар хэлэлцэлгүй, Засгийн газарт буцааж байсан юм.

М.Энхсайханыг өнөөдөр шүүнэ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.05/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт товлогдсон. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эргэн сануулахад М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байв.

Түүний өмгөөлөгч Д.Оросоо шүүх хурлын дараа "Шүүх хурал хойшилсонтой холбоотой цагдан хорих саналыг прокурорын зүгээс тавьсан. Тиймээс дараагийн хурал болох хүртэл М.Энхсайханыг хорихоор боллоо. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Саналаа ч хэлсэн. Прокуророос М.Энхсайханыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь бидний талаас зарим гэрч, шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьсан. Үүнийг ч шүүх хүлээн авсан" гэж мэдээлж байв.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр З.Болдбаатар, Ж.Болдбаатар, Б.Батсайхан, улсын яллагчаар Г.Батбаяр, Г.Батсайхан нар оролцох бол өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар,  гэрч шинчээжээр Л.Нямдорж зэрэг нэр бүхий хүмүүс оролцох тов гарчээ.

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж