Түүхэн дурсгалт барилгын суурин дээр орон сууц барьж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

Түүхэн дурсгалт барилгын суурин дээр орон сууц барьж байна

Түүхэн дурсгалт барилгын суурин дээр орон сууц барьж байна

Олны хэлж заншсанаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах Н.Ю.Рерихийн музейн зүүн талд барилгын хашаа татжээ. Хашаан дотор барилгын ажил ид өрнөж харагдав. “Отгонтэнгэр апартмент” хэмээх орон сууцны барилгын зураг үүдний хэсэгтээ байрлуулсан нь нүдэнд тусна. Энэ газар нийслэл хүрээнд хамгийн анх баригдсан европ хийцтэй хоёр давхар барилга байсан ч өнөөдөр ор мөргүй устаж үгүй болжээ.

Түүхэн дурсгалт барилгын оронд 16 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай орон сууц баригдаж буй нь энэ. Барилгын ажил өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн гэдгийг гүйцэтгэгч компанийн ажилчид хэлж байв.

Тодруулбал, өнгөрөгч 2019 оны аравдугаар сард 1930-1936 онд Ерөнхий сайд агсан П.Гэндэн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейн хоёр давхар модон барилгыг ч зөвшөөрөлгүйгээр нураасан бол Улаанбаатар хотын анхны европ хийцийн хоёр давхар барилга гэгддэг 1863-1865 онд Оросын консулд зориулан барьсан барилгыг мөн л зөвшөөрөлгүй буулгаж, устгаад байгаа нь энэ. Эдгээр хуучны түүхэн дурсгалт барилгууд соёлын өвд бүртгэлтэй, нийслэлийн хамгаалалтад авсан түүхэн барилгууд байв. Гэтэл өнөөдөр соёлын өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт барилгыг зөвшөөрөлгүй дур мэдэн нураасных нь төлөө хэнд ч хариуцлага тооцож, арга хэмжээ авахгүй байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа эл асуудлыг хөндөн сурвалжлахыг зорилоо.

"БИДЭНД ТЭР ТҮҮХЭН БАРИЛГЫН АСУУДАЛ ЯМАР Ч ХАМААГҮЙ"

Биднийг Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд очиход “Харцад” гэх компани гурван давхрын бетон цутгалтын ажлаа эхлүүлж байлаа. Ойролцоогоор 50 орчим ажилчин барилга дээр ажиллаж байв. Энэ үеэр тус компанийн ХАБЭА мэргэжилтэн Э.Тэмүүжин “Энэ газар дээр 16 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай орон сууц барих ажил эхэлсэн. Манай байгууллага барилгынхаа тусгай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гээд бүх  бичиг баримтаа ном журмын дагуу авсан. Барилгын ажил өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр эхэлсэн.

Биднийг барилгын ажил эхлэхээс өмнө түүхэн барилгын эзэмшигч нь зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан. Ингэхдээ эх төрхийг нь өөрчилчихсөн байсан. Бидэнд тэр түүхэн барилгын асуудал ямар ч хамаагүй. Бид энэ газрыг зочид буудлын эзнээс худалдан авсан. Мэргэжлийн хяналтын газраас хяналтын байцаагч ирж, барилгын газартай танилцаад явсан. Одоо зөвшөөрлийн дагуу барилгын ажлаа эхлээд явж байна” гэдэг тайлбарыг хэлсэн юм.

"ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙГ ШИНЭЭР БАРИХ БАРИЛГЫН АЖИЛ ТҮР ЗОГССОН"

Дараагийн нэг устаж үгүй болсон түүхэн дурсгалт барилга бол Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей. Хотын А зэрэглэлийн бүсэд оршдог хоёр давхар дүнзэн модон барилга нь 90 гаруй жилийн насжилттай байв. Тус хоёр давхар модон байшинг засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барин нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж, үзмэр болгох талаар музейн захирал С.Бэхбат өмнө нь ярьж байсан удаатай.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгдэгсдийн музейн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архитектурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй аж.

Гэвч барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлсэн нь олны шүүмжлэлд өртсөн. Үүний дагуу Хотын дарга холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгч, өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд зогсоосон. Биднийг музейн газар дээр очиход “Энд барилгын ажил хийхгүй, түр зогссон” гэх хариултыг манаач нь өглөө. Музейн захирал С.Бэхбаттай утсаар холбогдсон боловч “Уулзалттай завгүй явна” хэмээн уулзахаас татгалзсан юм.

"СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ, ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГЫГ НУРААСАН"

“Өнөөдөр Улаанбаатар хотын түүхэн дурсгалт хэд хэдэн барилга ямар ч зөвшөөрөлгүй устаж үгүй болоод байна. Тухайлбал, Улс төрийн хэлмэгдэгсдийн музей, анхны европ хоёр давхар байшин, Байгалийн түүхийн музейн барилга. Байгалийн түүхийн музейн асуудлаас гадна эдгээр хоёр түүхэн барилгыг НИТХ-ын 2007 оны 397 дугаар тогтоолоор дүүргийн хамгаалалтад, Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан. Гэтэл эзэмшигч, өмчлөгч нэрээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж, түүхэн дурсгалт барилгыг ямар ч зөвшөөрөлгүй нураасан.

Нийслэл хүрээнд хамгийн анх баригдсан европ хийцтэй хоёр давхар барилга нь төмөр дээвэртэй, урд талдаа 19 ширхэг цонхтой, цонхны дээд доод талд гоёл модтой моднууд нь орос маягийн болон монгол үндэсний хээ уаглзтай. Урд талдаа хаалгатай. Байшин нь дотроо 24 өрөөтэй. Барилгыг 1996 онд дүр төрхийг нь өөрчлөхгүйгээр шинээр сэргээн барьсан. 1860 оноос Их хүрээнд суусан Оросын анхны консул Я.П.Шишмарев 1863 онд бариулсан хоёр давхар модон барилга тухайн үедээ Хүрээний хамгийн өндөр барилга байсан. Ази судлаач А.Я.Бичурин Г.Н.Потанин, А.П.Позднеев, Н.Ю.Рерих нарын зэрэг Оросын нэрт эрдэмтэд Монгол орноор дайрч явахдаа энэхүү байшинд буудаллаж байсан түүхтэй” талаар Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр ярьж байв.

Өнгөрөгч 2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11,  нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.

"НИЙСЛЭЛИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭСТ ХАНДСАН"

Харин нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Гомбосүрэн зөвшөөрөлгүй түүхэн дурсгалт барилга нураасан иргэн, аж ахуй нэгжид ямар хариуцлага хүлээлгэх талаар ярихдаа “Манай байгууллагад иргэд өнгөрсөн 2019 оны аравдугаар сард “Гэндэнгийн байшингийн гадна хашаа татаж, дээврээс нь эхлэн нураах гэж байна” гэдэг мэдээллийг өгсөн. Тэгээд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын соёлын асуудал хариуцсан улсын ахлах байцаагчтай хамт очиж, “Танайх музейн барилгаа нураах зөвшөөрлөө яамнаас аваагүй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна. Ажлаа зогсоо” гэдэг шаардлага тавьж, барилга буулгалтын ажлыг түр зогсоосон. Гэтэл маргааш нь музейн барилгыг бүрэн нураачихсан. “Гэндэн” сангийн тэргүүн С.Бэхбат гэдэг хүнийг байгууллага дээрээ дуудаж уулзахад “Тухайн газар дээрээ 22 давхар барилгын зураг төсөл хийлгээд, нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн газраар батлуулчихсан байсан. Гэхдээ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн. Музейн барилгыг зөвшөөрөлгүй буулгасан асуудлыг хуулийн байгууллагад шийдвэрлүүлэхээр нийслэлийн Хууль эрх зүйн хэлтэст хандсан байгаа.

Анхны Европ хийцтэй хоёр давхар барилгыг зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны аравдугаар сарын 15-нд зөвшөөрөлгүй буулгасан. Манай байгууллагаас дүүргийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй очиж, шаардлага тавьсан ч биелүүлээгүй. Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах тухайн барилгын эзэмшигчээр “Харцад” компани бүртгэлтэй. Ерөнхий сайд Гэндэнгийн амьдарч байсан байшин 1930 онд баригдаж, 2019 он хүртэл 90 жилийн түүхтэй барилга байсан. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах музейн барилгыг 2019 оны аравдугаар сард зөвшөөрөлгүй нураасан. Музейн барилгыг өмчлөгч нь Гэндэнгийн зээ хүү С.Бэхбатын Гэндэнгийн сангийн нэр дээр бүртгэлтэй. Тухайн музейг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан байдаг” гэв.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар бүлгийн 60 дугаар зүйлд заахдаа “Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжоор тогтоосон хориглолт журам, стандарт зөрчсөн, эх төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулах, зөвшөөрөлгүй хөдөлгөн зөөж тээвэрлэсэн бол тухайн иргэнээр үүссэн хохирлыг төлүүлж, 500 мянган төгрөг, үүрэг бүхий этгээдийг нэг сая, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно. Мөн дээрээс нь энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэж болно гэж заажээ.

"СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГААГҮЙ"

Энэ талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатаас лавлахад “Эдгээр түүхэн дурсгалт хоёр барилга нь Монгол Улсын соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй байсан. Ийм түүхэн дурсгалт барилгууд одоогоос 20-иод жилийн өмнө устаж үгүй болж эхэлсэн. Тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд зарим нэг түүхэн дурсгалт барилгыг жагсаалтаас нь гаргаж байгаад өмч хувьчлалд өгсөн тохиолдлууд байгаа. Хуулиараа хотын аль нэг дүүргийн харьяанд байж, төр эзэмшигчээр байхаас гадна ямар нэгэн байгууллага, хувь хүнд эзэмшүүлээд өгдөг хуулийн дүрэм журам ч бий. Ингэхдээ тухайн эзэмшигч байгууллага, төр захиргааны байгууллага хоёр хооронд байгуулсан гэрээ нь их бүдэг байдаг. Жишээлбэл, түүхэн дурсгалт барилга эзэмшиж буй байгууллага юуг нь нурааж, засварлаж болох, өөрчлөлт оруулахгүй байх вэ гэдэг нь тодорхой явж ирээгүй нь хор уршиг өнөөдөр гарч байна.

Ноднин жил нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ энэ асуудлаар тусдаа ажлын хэсэг гарган шалгаж үзсэн. Хэдийгээр оройтсон ч гэсэн зарим нэгэн барилгын эзэмшил, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлсэн бол хэзээ хугацаа нь дуусч байна вэ, цаашдаа нийслэл эзэмших үү гэдгийг судлан ажиллаж байгаа. Гэрээнийхээ дагуу ажлаа жил болгон дүгнэж, шинэ заалтуудыг тусгаад явах ёстой л доо. Тэрнээс биш төр бүгдийнг нь авч эзэмшиж, өмчилж чадахгүй. Дэлхийн зарим орнуудад түүхэн дурсгалт барилгууддаа аялал жуулчлал, хүүхдийн танин мэдэхүйн төв, хувийн уран бүтээлчдийн галерей, номын сан зэрэг соёлын үйлчилгээ эрхэлдэг байгууллагад эзэмшүүлж өгдөг жишиг бий. Тэрнээс биш хаа хамаагүй эмнэлэг, хүнсний дэлгүүр, ресторан, зочид буудлын зөвшөөрөл өгдөггүй. Иймэрхүү төлөвшил Соёлын өвийг хамгаалах чиглэлдээ алдаа байсныг үгүйсгэхгүй. Бид ч гэсэн энэ асуудалд хамтран ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хуулийн заалтыг ашиглан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулсан  гэсэн мэдээлэл Соёлын өвийн үндэсний төв хараахан ирээгүй байна” гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёлын өвийн төвтэй хамтран нийслэл хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцах ажлын хэсгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд баталсан талаар өмнө нь мэдээлсэн.

Уг ажлын хэсгийн хуваарьт Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орсон болон шинээр хамгаалалтад авах саналтай барилга байгууламжуудын жагсаалтад орсон нийт 41 объект хамрагдсан. Эдгээр түүхэн дурсгалт барилгын тав нь хувийн өмч, зарим нь аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, төрийн өмчид байгаа ажээ. Эдгээр барилгаас 19 нь улс, нийслэлийн хамгаалалтад байсан бол үлдсэн 22 түүхэн барилгыг шинээр хамгаалалтад авах саналтай дурсгалд багтаасан байна.

“Сүүлийн жилүүдэд нийслэл хотод байгаа архитектурын дурсгалт түүхэн барилгуудтай холбоотойгоор гурван ч ажлын хэсэг байгуулагдаад ажиллажээ. Ажлын хэсгийн хувьд бодит нөхцөл байдал нь ямар байна вэ, тулгамдаж буй асуудлуудыг гаргаж тавих зорилгыг тавьсан. Бид түүхэн дурсгалт барилгуудтай дүүрэг дүүргээр нь явж танилцсан. Түүхэн дурсгалт барилга бүр өөр өөрийн гэсэн асуудал дагуулж байсан. Бид дүгнэлт бичээд холбогдох газар нь шилжүүлсэн” гэдгийг Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа хэлж байв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж