Улаанбаатар хотод энэ жил шинээр 52.8 км авто зам шинээр барихаар төлөвлөжээ. Мөн 17.5 км авто зам, уулзварт шинэчлэлтийн ажлыг хийнэ гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж, зам засварын ажлууд Улаанбаатар хотод ид өрнөөд байна. Тиймээс нийслэлд хийгдэж буй томоохон зам засварын ажил хэдэн хувьтай үргэлжилж, хэдийд дуусах талаарх мэдээллийг бэлтгэлээ.
БАЯНБҮРДИЙН ТОЙРОГ ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМТАЙ БОЛНО
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон ажлын нэг нь Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил. Уг ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр 29-нөөс тавдугаар сарын 11-ны хооронд хязгаарлаад байгаа юм.
Шугам сүлжээний сэтгэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийх гэнэ. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна.
Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдсан. Өнөөдрийг хүртэл нийт 30 жил замын уртад бүрэн шинэчлэлт хийгээгүй гэдгийг албаныхан онцолж байв. Ингэснээр 3.75 м өргөн зургаан эгнээ авто зам, хоёр талаараа явган хүниий замтай болох юм. Мөн Баянбүрдийн аюулгүйн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчилнэ.
НАЛАЙХ-ЧОЙРЫН ЗАМД ЭНЭ ЖИЛ 20.9 КМ ДУГУЙН ЗАМ ХИЙНЭ
Өнгөрөгч 2019 онд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төслийн хүрээнд Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийсэн.
Гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийг 2020 онд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөсөн боловч COVID -19 цар тахалтай холбоотойгоор төлөвлөлт хойшлогдоод байна.
Тус авто зам дагуу явган болон дугуйн зам хийх гэнэ. Дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой. Нийт 10 амрах талбайтай. Гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм. Ингэснээр Налайх дүүргийн иргэд эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, заавал машинаар биш дугуйгаар нийслэл хот руу орох боломжтой болно. Цаашлаад Налайх-Чойрын авто замын уулзвараас Баянзүрх дүүргийн 11 хороо, Яармагийн гүүр хүртэл 16.1 км дугуйн зам барихаар төлөвлөжээ.
НАЙМАН БАЙРШИЛД 52.8 КМ ДУГУЙН ЗАМ НЭМЖ БАЙГУУЛНА
Улаанбаатар хотод нийт 84.7 км дугуйн замтай. Хотын удирдлагын зүгээс 2020 онд нэмж найман байршилд 52.8 км дугуйн зам нэмж байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн иргэдийн
- 5 хувь нь алхдаг
- 6 хувь нь таксигаар
- 4 хувь нь унадаг дугуй болон мотоцикл, мопидоор зорчиж байгаа бол
- Хувийн автомашинаар 49.2 хувь нь зорчиж байна гэсэн судалгааг үндэслэн замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах зорилгоор дугуйн замыг түлхүү хөгжүүлэхээр энэ жил нийт 52 км дугуйн замыг найман байршилд төлөвлөн ажиллаж байна. Тодруулбал,
- Яармагийн гүүрнээс Налайх, Чойрын авто зам хүртэлх унадаг дугуйн зам
- Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог 32-н уулзвар хүртэлх унадаг дугуй зам
- Таван шарын автобусны буудлаас 10 хорооллын уулзвар хүртэлх трасс-1
- Гачууртын уулзвараас Налайх хүртэлх унадаг дугуйн зам
- МУБИС-н уулзвараас зүүн 4 зам хүртэлх унадаг дугуй зам
- Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх туул голын арын далан дагуух дугуйн зам
- Зүүн дөрвөн замаас Офицерийн аюулгүйн тойрог хүртэлх унадаг дугуйн зам
- Гэсэр сүмийн уулзвараас анкара гудамж хүртэлх унадаг дугуй зам
ЭНЭ ОНД 100 ГАРУЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 2020 онд 65000 м2 нүхэн эвдрэл засварлах буюу нөхөөс, 110 мянган метр урт заадас, 98039.2 м2 тэмдэглэгээ, 2000 м2 хурд сааруулагч, тэмдэглэгээний ажлууд хийхээр төлөвлөжээ.
Энэ онд 100 гаруй төсөл арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөсөн байна. Үүнээс 52.8 км авто замыг шинээр барьж, 17.6 км замд өргөтгөл шинэчлэлт хийхээр төлөвлөж, ажлууд эхнээсээ хийгээд явж байна. Энэ жил хийгдэх ажлуудаас дурдвал, “Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/”, Дарь Эхийн 3.3 км авто замын шинэчлэлт /БЗД 2, 21-р хороо/, СХД, Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, нүхэн гарц, Сонсголонгийн гүүрнээс яармагийн зам хүртэлх 4.4 км авто зам /ХУД, 4, 5, 6, 7, 8 дугаар хороо/, Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарц, авто зам гэх мэт төсөл хэрэгжиж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ