Нисэхийн усан сангаас Яармагийн гэр хорооллыг цэвэр усаар хангадаг шугам хоолойд гэмтэл гарчээ. Шугам хоолойд гарсан гэмтлээс болж 34, 41 дүгээр сургууль, 29, 71, 189 дүгээр цэцэрлэг, ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, зургаадугаар хорооны амбулатори, Яармагийн уурын зуух зэрэг байгууллагуудын ус доголдож, зогссон байх юм.
Нисэх Яармагт шинээр барих сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан компанийн буруутай үйлдлээс болж уг гэмтэл гарсан гэсэн тайлбарыг Ус суваг удирдах газраас /УСУГ/ хийжээ. Тодруулбал гэмтэл гарсан газарт “Риж Голден Бүүл” компани барилгын ажил гүйцэтгэж байжээ. Усны шугам хоолойд гэмтэл гарснаас болж олон айл өрх рүү ус урсан орсон учраас барилгын компанийнхан шороо асгаж ажиллахаар явсан гэж эх сурвалжууд мэдээллээ.
Шугам хоолойн гэмтэл гарсан газрын ойр орчим дахь айл өрхүүдийн хашаа тэр чигтээ усанд автжээ. УСУГ-ын инженерүүд өдөржин ажиллаж оройн 18 цагийн үед усны шугам хоолойг засварлаж дууссан байна. Гэмтэл гарсан 160-ын диаметртэй хоёр хуванцар хоолойг 1997 онд тавьж байсан. Усны хуванцар хоолойг нэг тавьсан бол 100 жилийн настай. Гэвч өнөөдрийн ийм эрсдэлээс болж тооцоолоогүй гэмтэл гарч, тэр хэрээр их хэмжээний хохирол амсаж байгаагийн нэг л жишээ энэ. Мөн энэ гэмтэл он гарснаас хойш зөвхөн барилгын компанийн буруугаас болж усны шугам хоолойд гарсан 21 дэх удаагийн тохиолдол гэж УСУГ-аас мэдээлсэн юм.
Д.ЖАГАР