"Би орон нутгийн сонгуульд өрсөлдөнө"

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

"Би орон нутгийн сонгуульд өрсөлдөнө"

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж, Монголын улс төр олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс ярилцлагаа улс төрийн сэдвээр шууд эхэлье. Таныг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж ойлгосон?

-Тийм ээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуульд өрсөлдөнө.

-Яагаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзав. Хэн нэгнээс шалтгаалав уу эсвэл өөр хүсэл зорилго байна уу?

-“Жорлонгоо өөрчилье” төслөө орон нутаг, нийслэлийн түвшинд хийж, хэрэгжүүлэхийг зорьсон учраас  орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн.

-Энэ жил хамгийн олон буюу 208 бие даагч нэр дэвшихээр болсон. Бие даагч олноор нэр дэвших нь намд итгэх итгэл буурсных уу, эсвэл УИХ-ын чадамж муудсаных уу?

-Нэгдгээрт, энэ бол намд итгэх итгэл суларсны илрэл. Намууд дотоод зохион байгуулалтаа эргээд харах шаардлагатай болсны дохио. Нэг ёсны сонгууль бол иргэдэд төрийг өөрчлөх боломж олгодог. Нөгээтэйгүүр, төрийг үүсгэж буй намуудыг ч өөрчлөх боломж гэж хүмүүс хардаг.  Тэгэхээр намыг  дотор нь орж өөрчлөх үү,  гаднаас нь өөрчлөх үү эсвэл төрд намаар дамжиж оролцох уу гэдэг нь  тухайн хүний сонголт.  Энэ утгаараа олон хүн бие дааж сонгуульд оролцох  нь тэд намаар дамжиж, энэ өөрчлөлтийг хиймээргүй байгаа учраас сонголтоо хийсэн гэсэн үг. Яагаад гэвэл тухайн хүмүүсийг татан авах ёстой намууд зохион байгуулалт болон тавьж буй шаардлага нь цаг үеийнхээ хүсэл эрмэлзэлд нийцэхгүй байгаагийнх. Мөн үзэл баримтлал, үзэл бодолтой нь санаа нийлэхгүй ч байж болно. Хоёрдугаарт, УИХ-ын босгыг намсгасан нь хуулийн үр дагавар мөн.

-УИХ бол хууль баталдаг, төрийн дээд байгууллага.  Хууль батлах хүнд илүү өндөр шаардлага, шалгуур тавих учиртай. Захын нэг ажилд ороход л багагүй шаардлага тавигддаг шүү дээ.  Гэтэл дуртай болгон нь уралдаанд орж байгаа мэт УИХ-ын сонгууль руу  хошуурах нь  инээдэм биш эмгэнэл болж харагдаад байна л даа?

-Магадгүй, хамгийн том шалтгаан нь улс төрийн намууд гэхээсээ илүүтэй хуулийн нөлөө. Яагаад гэвэл хуульд  ирцийн босго болон ялах босгыг байхгүй болгосон. Энэ хоёр босго байхгүй болсноор хүмүүст  өөр маягийн уралдаан бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн шууд үр дагавар нь гэж ойлгож болно.

-Үнэмлэхүй олонхийн баталсан Сонгуулийн хуулиар уу?

-Тийм ээ. Хуучин Сонгуулийн хуулиар  дор хаяж 25 хувийн санал авч байж ялсан гэж үздэг байсан. 25 хувийг багцалж авдаг хүчин бол улс төрийн намууд байсан. Тэгвэл сүүлд  Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн нэр дэвшигч 25 хувьд хүрээгүй байсан ч ялагч болно. Өөрөөр хэлбэл, бусдаасаа л олон санал авч байвал хэдэн хувь байх нь хамаагүй болчихсон нь намууд, бие даагчдын уралдаан бараг тэгширч байна гэсэн үг.

-Танай намын  нэр бүхий лидерүүд туурга тусгаарлаж, бие дааж дэвшихээ зарласныг олон нийт сайн, муугаар хэлж байна. Таны хувьд энэ эрүүл үзэгдэл үү, эсвэл шантааж байв уу?

-Намаас тогтоосон 100 сая төгрөгийн дэнчинтэй холбон харж байгаа. Мөнгө төлж намаас нэр дэвших үү эсвэл бие дааж  тэр мөнгөөрөө сонгууль хийх үү гэдэг нь хувь хүний сонголт. Эдийн засаг муудсан энэ цагт хэд хэдэн саяар нь хандив өгдөг ААН, хувь иргэн ховордсон. Ийм үед байгаа хэдэн төгрөгөөрөө хямдхан сонгууль хийх үү эсвэл  өр зээл тавьж намд мөнгө өгөх үү гэсэн ийм л сонголт манай намынханд тулгарсан. Тэгэхээр бие даах сонголт нь дэнчинд өгч байгаа хариу байх.

"УЛС ТӨРИЙН БОЛОМЖИЙГ ОЛЖ АВЪЯ ГЭЭД ЯАЖ ИЙГЭЭД Л ДЭНЧИНГ ТӨЛЖ БАЙГАА БАЙХ"

-Магадгүй таны нэр дэвшихгүй гэсэн шалтгаан ч дэнчинтэй холбоотой юу?

-Нэг талаараа холбоотой. Нөгөө талаараа, гол шалтгаан бол “Жорлонгоо өөрчилье” төсөл маань. Энэ төслөө УИХ-ын өрөөнөөс үргэлжлүүлээд явъя гэхэд мөн л их мөнгө төлж байж хийгдэнэ.  Тэр мөнгө нь байхгүй бол хувь хүн өөр сонголт хийнэ л дээ.

-АН-ын дарга С.Эрдэнэ “Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн татвар авах болсон нь хууль зөрчсөн хэрэг биш, санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарласан” гэдэг тайлбарыг хэлж байгаа?

-Яаж ч тайлбарлаж болох байх. Манай намд анх татварын асуудал орж ирсэн тухайн үед буюу одоогоос бараг гурван жилийн өмнө “Намын татварын хэмжээ хэтэрхий хатуу байна, гишүүд нь төлж болохуйц хэмжээтэй байх ёстой, ийм дааж давшгүй өндөр байж болохгүй. Татвар хэт хатуу байвал нам гишүүдээ алдана шүү” гэж хэлж байсан байр суурин дээрээ би  одоо ч гэсэн  байгаа. Үүнийг би намынхаа эрх ашгийн төлөө өмнө нь хэлж байсан учраас одоо би олон зүйл дүгнэж хэлээд яахав.

-Дэнчинг хүлээн зөвшөөрсөн гишүүд байсан учраас  танай намынхан төлөөд явж байгаа байх л даа. Гэхдээ дэнчинд өгсөн 100 саяыг тэд хаанаас олсон нь анхаарал татаж байх шиг?

-Тухайн үед дийлэнх нь анзаараагүй, цаг нь тулаад төлөөд ирэхээр ямар их мөнгө вэ гэдгийг одооноос л анзаарч байх шиг байна.Тэр өндөр татварыг төлөөд явж байгаа хүмүүсийг би буруутгамааргүй байна. Тэд намынхаа шугамаар улс төрийн боломжийг олж авъя гээд яаж ийгээд л дэнчинг төлж нэр дэвших эрхээ авч байна. Маш их үнэ цэнээр энэ боломжийг олж авч байна даа гэж харж байгаа. Намд татвар байх нь зөв, гэхдээ дааж давшгүй өндөр байж хэрхэвч  болохгүй.

Дааж давшгүй өндөр татвар бол дандаа буруу зүйл рүү түлхдэг. Гэр бүлийнхнийгээ золиосонд гаргаж байр орон сууцаа зарж, өр зээл тавьдаг. Эсвэл бусдад худал хэлж мөнгө гуйж авчхаад дараа нь тэр амлалтдаа хүрэхийн тулд дахиад л буруу зүйл хийдэг.  Цаашлаад хууль бус авлигын аргаар энэ мөнгийг олох сэдэл санааг бий болгодог. Тэгэхээр аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрч болохгүй.

-МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив, дэнчингийн мөнгө авахгүй гэж мэдэгдсэн. Энэ нь боломжтой зүйл үү?

-60 тэрбум шиг хууль бус схем дараа нь гараад ирэхгүй л бол анхандаа сайхан сонсогддог юм.  60 тэрбум шиг дахиад өөр схем гараад ирэх вий, улсынхаа нэг зүйлийг зарчихсан байх вий гэдгээс л санаа зовж байна. Харж л байя даа.

-Таны ярианаас анзаарахад, АН-ын үйл ажиллагаанаас хол байгаа бололтой. Төсөл дээрээ гол зорилгоо тавьж ажиллаж байгаа харагддаг?

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдтэйгээ л  уулзалддаг. Түүнээс намын үйл ажиллагаатай ойр биш байгаа. Шалтгаан нь “Жорлонгоо өөрчилье” төсөл дээрээ төвлөрөх. Намынхаа албан тушаалуудыг 2017 оноос хойш өгсөн. Одоогоор надад АН-ын гишүүний батлахаас өөр албан тушаал алга. “Жорлонгоо өөрчилье” төслөө бүх улс төрийн нам, төрийн байгууллагууд,  бизнесийнхэнтэй хамтран хийж байж ард нь гарна гэж зорьсон учраас намынхаа дотоод ажилд идэвхтэй оролцохгүй байгаа.

-Нэг фракц, нэг бодлоготой нам  болно гэсэн АН сонгуулийн сургаар дотроо хагаралдаж, зөрчилдөх болжээ. Намын даргаа хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс ч ихэссэн байна.  Танай нам 2016 онд дотоод зөрчлөөсөө болж ялагдсан. Энэ янзаараа АН ялна гэхэд итгэл алга?

-Үүнд хариулт өгөх ёстой хүн бол намын дарга. Энэ намыг эвтэй байлгах уу, хагархай байлгах уу, дуу хууртай байлгах уу гэдэг нь цэвэр намын даргын хийдэг ажил.

-С.Эрдэнэ дарга өнгөрсөн жилүүдэд АН-ыг хэр авч явсан бэ. АН-д хүсч, хүлээж байсан шинэчлэлийг нь хийж чадсан уу?

-Намын даргад өгөх гол үнэлгээ бол  сонгууль. Сонгууль дүнгээ тавина, би дүн тавихгүй.

"ДЭЭД ЗЭРГИЙН САХИЛГА БАТ, ДЭГ ЖУРАМ ДОР СОНГУУЛИЙГ ЦАГТ НЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ЧУХАЛ"

-Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан.  УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зөв үү. Ер нь сонгууль хойшлуулбал ямар үр дагавартай вэ? 

-Ашигтай санал ч биш байх аа. 2021 оноос эхлэн манай улс гадаадын их өрүүдээ дарж эхэлнэ. Эдгээр өрийг төлөхийн тулд Засгийн газар нь тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Чингис бондын өрийг төлж их наядаар нь гадагш мөнгө гарч эхлэхээр цалин тэтгэврээ яаж тавих вэ гэдэг асуудал гарна. Эдийн засагт мөнгө хэрэгтэй болно. Гэтэл “Одоогийн Засгийн газартай үргэлжлүүлэн ажиллахгүй, дараагийн Засгийн газартай чинь мөнгө ярина” гээд ОУВС мэдэгдэл хийчихсэн. Тэгэхээр сонгуулийн үр дүнгээр  цаг алдалгүй шинэ Засгийн газраа байгуулж, төсөв төлөвлөгөөгөө батлахгүй бол энэ оны сүүл гэхэд цалин, тэтгэвэр, өр зээлээ төлж чадах уу эдийн засгийн маш хүнд байдалд байна.

Эдийн засгаа дэмжих тодорхой алхмуудыг авахын тулд энэ  Засгийн газар нь явдгаараа явж, ирэх Засгийн газраа байгуулсан нь зөв. Сонгууль хойшлогдвол энэ бүхэн сунжирч, тодорхойгүй асуудлууд удаан үргэлжилнэ. Энэ хэрээр эдийн засагт хортой гэсэн үг.  Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан саналыг нь маш сайн ойлгож байна. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч тэр. Дээд зэргийн сахилга бат, дэг журам дор сонгуулийг цагт нь зохион байгуулах нь чухал. Цаана нь төлөх гаднын өр, зээлүүд, цалин хөлс эдийн засагт учрах хүндрэлийг бодохоор маскаа  давхарлаж ч болтугай зүүж очоод саналаа өгсөн дээр байх.

"24 ЦАГИЙН АМРАЛТГҮЙГЭЭР Д.САРАНГЭРЭЛ САЙД ТЭРГҮҮТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭДЭН ЭМЭГТЭЙЧҮҮД АЖИЛЛАЖ БАЙГААГ НЬ ХАРАХААР ХАЙР ХҮРЧ БАЙНА"

-Өнөөгийн Засгийн газар, төрийн байгууллагуудын авч буй эдийн засгаа дэмжих арга хэмжээнүүд бодитой бөгөөд оновчтой шийдэл болж чадахгүй байна гэсэн үг үү?

-Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлд Эрүүл мэндийн яам маш сайн ажиллаж байгаад нь алга ташин баяр хүргэмээр байна. УОК, цагдаа, эрүүл мэндийн байгууллагынханд мэхийн ёсолмоор сайн ажиллаж байгаа. Харамсалтай нь, эдийн засгаа дэмжих, нийгмийн халамж  чиглэлд салбар яамд нь тун хангалтгүй байна. Ажилгүйдэл илт нэмэгдэж байгаа энэ үед хоолгүй хонож байгаа хамгийн ядуу зүдүү иргэддээ хоолыг нь яаж хүргүүлэх, сургуулиудыг хааснаар  гэр бүлийн хүчирхийлэлтэй орчноос хүүхдийг яаж хамгаалах, ажилгүй болсон иргэдэд тэтгэмжийг хэрхэн олгох, ажлын байраа хааж байгаа жижиг, дунд үйлдвэрүүд, байгууллагуудаа яаж аврах вэ гэсэн үндсэн дөрвөн асуудал огт шийдэгдэхгүй байна. Гэтэл ихэнх орнууд маск зүү гэхээсээ өмнө дээрх арга хэмжээнүүдийг авсан.

Эрүүл мэндийн яамнаас бусад яам ажлаа хийхгүй байна. 24 цагийн амралтгүйгээр Д.Сарангэрэл сайд тэргүүтэй Эрүүл мэндийн яамны хэдэн эмэгтэйчүүд ажиллаж байгааг нь харахаар хайр хүрч байна. Бусад яам нь яагаад ажиллахгүй байна вэ. Хаана байна, Сангийн яам, ХНХЯ. Гишүүдэд тараасан ЖДҮ-гийн мөнгө жинхэнэ утгаараа өнөөдөр хэрэгтэй байх байлаа. Зээл авсан гишүүд мөнгөө төлсөн эсэх нь ч тодорхойгүй байгаа шүү дээ. Үндсэндээ авралын төлөвлөгөө гэж алга. Хамгийн ноцтой нь хоолны асуудал. Сургууль дээрээ “Үдийн хоол” иддэг байсан хүүхдүүд өнөөдөр гэртээ хоолтой байгаа эсэх асуудлыг хэн ч хөндөхгүй байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг ярьж байгаа ганц газар нь Дэлхийн зөн олон улсын байгууллага. Хэдэн сараар хүүхдүүд өлсөв, бүү мэд. Энэ мэт төрийн хийх ажлууд хийгдэхгүй байна.

-Та бол хүний эрхийн төлөө дуугардаг цөөхөн төлөөллийн нэг. Сүүлийн үед хүний эрхийн асуудал хүчтэй зөрчигдөх боллоо гэж олон хүн дүгнэх болсон. Ялангуяа хууль шүүхийн байгууллагад дуудах нэрийдлээр барьдаг, хорьдог явдал бий боллоо. Үүний жишээ болох Ерөнхий сайд асан М.Энхсайхан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-М.Энхсайхан гуайн асуудлын тухайд, УИХ-аар баталлаа ч үгүй, хэлэлцүүлэх гэж өргөн барьсан асуудлын төлөө тухайн Засгийн газрын нэг сайдыг онцлоод байгаа нь үнэхээр инээдэмтэй асуудал гэж харж байгаа. Яагаад гэвэл УИХ-д М.Энхсайхан гэдэг хувь хүн хэзээ ч асуудлыг өргөн барьдаггүй. УИХ-д Засгийн газар гэдэг субъект  нь өргөн барьдаг. Засгийн газар нь кабинетын зарчмаар ажилладаг. Кабинет дээрээ асуудлыг ил, тод ярьдаг. Мөн кабинетаар хариуцлага  хүлээдэг. Гэтэл  төсөл нь батлагдаагүй, кабинет болон УИХ-ын аль аль нь төслийг батлаагүй шүү дээ.

Батлагдаагүй төслийн төлөө “Тэр төслийн санаа нь дээр энэ хүн хувь нэмрээ оруулж ажилласан” гээд яллах нь хүний эрхийн бүдүүлэг зөрчил. Хэрэв батлагдсан байлаа ч гэсэн ганц М.Энхсайхан гэдэг хүний үүрэх ачаа биш. Баталсан бол Засгийн газар нь кабинетаараа, УИХ баталсан бол танхимаараа хариуцлага хүлээнэ.

Хоёрдугаарт, эрх мэдлийн хүрээнд хийгдэх ажил гэсэн ойлголт бий. Энэ нь төрийн тийм эрх мэдэлтэй албан тушаалтан, эсвэл байгууллага ийм асуудлыг шийднэ гэсэн эрх мэдлийн хүрээ гэж байдаг. Гэтэл уг эрх мэдлийнхээ хүрээнд тухайн асуудлыг шийдсэн байлаа гэхэд хэнийг ч яллаж болдоггүй гэсэн бичигдээгүй хууль бий.

"М.ЭНХСАЙХАНЫГ ЯЛЛАХ НЬ ХҮНИЙ ЭРХИЙН БҮДҮҮЛЭГ ЗӨРЧИЛ"

-Хуулиар эрх мэдэл нь олгогдсон уу?

-Тийм. Хэрвээ тэр хүнд сайдын эрх мэдэл олгогдсон бол сайдын хүрээнд бодох ёстой зүйлийг бодож, ярих ёстойг ярилцсан. Энэ ярилцаж, хэлэлцсэн зүйл нь буруу, зөв байж болно. Гэхдээ эрх мэдлийн хүрээнд буюу эрхэлсэн ажлынхаа хүрээнд асуудлыг гаргадаг гэсэн үг. Тийм учраас тэр хүн ямар нэгэн байдлаар Эрүүгийн хариуцлагад хамаарагддаггүй юм. Эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн ажил нь маргаантай байгаа ийм л зүйл. Үүнийг нь эх орноосоо урвасан зэрэг их аймар зүйл болгоод байгаа сурагтай байна лээ. Энэ бол ардчилсан Монгол Улсад байж боломгүй гажуудал. Нисгэгч хүнийг онгоц аваад нислээ гээд шийтгэж байгаатай адил үйлдэл. Нисгэгч хүн тухайн онгоцыг жолоодох эрхтэй биз дээ.

-Улстөрчийнхөө хувьд, Ерөнхий сайд асан М.Энхсайхан та хоёр бие биеэ сайн мэдэх үү?

-Хувь хүнийхээ хувьд би энэ хүнийг мэдэхгүй, мөн өмөөрч эсвэл шүүмжилж ч явсангүй. Яг үнэндээ М.Энхсайхан гуайн улс төрийн ихэнх үйл ажиллагаа нь надаас хол явж байсан. Гэхдээ бид ардчилал гэдэг үнэт зүйлийнхээ төлөө нэг байсан. Одоо энэ хүнийг яллаж байгаа манай төрийн аргыг харахад энэ бол ардчилсан бус, хүмүүнлэг бус. Төр гэдэг төрийн албан хаагчдаа төрийн ажлыг хийлээ гээд яллаад байж болохгүй шүү дээ. М.Энхсайханы гуайн хувьд тодорхой хохирол учруулаагүй. “Батлагдаагүй шийдвэрийг чи батлуулах гэж байсан” гээд яллаж байгаа нь тун ойлгомжгүй. Энэ хүнийг яллах өөр шалтгаан олдохгүй байгаа бол зүгээр л чөлөөлчих хэрэгтэй.

-Үүний цаана улс төрийн үйл явц байна уу?

-Эрх мэдэл юм уу улс төр эсвэл хувь хүний өс хонзонгийн алийг нь байгааг би хэлж мэдэхгүй. Ямартай ч хүний эрхээс гажсан хууль бус зүйл явагдаж байна.

-Энэ гажуудсан хууль шүүхийн байгууллагын тогтолцоог яаж засах ёстой вэ, ялангуяа хүнийг эрхийн зөрчлийг арилгахад?

Манай эрх баригчид хүний эрхийн мэдрэмжээ жоохон ч гэсэн нэмэгдүүлмээр байна. Хүний эрх, хууль гэдэг хэмжээ хязгаартаа хашигдахад зөрчил гарахгүй байх боломжтой шүү дээ. “Би хуулиас дээгүүр, хүний эрхээс дээгүүр” гэсэн хандлага л алдаа гаргадаг юм.

 –Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөөд удаагүй байна. Энэ байгууллагад таныг очих ёстой гэсэн нийгмийн хүсэмжлэл байгааг та олж харсан байх. Ер нь Хүний эрхийн Үндэсний Комисс чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж чадаж байна уу?

-Ажиллаж чадахгүй болоод л сая даргыг нь олон нийтийн шаардлагаар огцрууллаа.  Уг нь энэ байгууллагыг аваад явж чадахаар хүмүүс зөндөө бий.

-Танд санал ирсэн үү?

-Хэд хэдэн улстөрч асуусан. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулсан, хуульч Д.Энхжаргалыг энэ ажилд томилоосой гэж  би хувьдаа хүсч байна. Надад санал тавьсан улстөрчдөд  би Д.Энхжаргалыг санал болгосон. Миний хувьд “Жорлонгоо өөрчилье” төслөө үргэлжлүүлнэ. Эхлүүлсэн ажлаа дундаас нь орхих хүн ховор болов уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж