
МУЭ-ийн гишүүн, соёлын тэргүүний ажилтан зураач Э.Цолмонбаттай уулзан цөөн хором ярилцлаа.
-“Өнгөн доторхи яриа” үзэсгэлэнгийн онцлогийн талаар сонирхуулахгүй юу?
-Үзэсгэлэнгээ нээсэндээ сэтгэл өндөр байна. Хоёр залуу уран бүтээлчтэй хамтран нээлээ. Энэ үзэсгэлэнд гурван өөр зураачийн бүтээл тавигдсан ч гэсэн нэг санаа нэг обьект дээр төвлөрч байна. Тэр нь ямар учиртай юм бэ гэвэл монгол эмэгтэй хүний дүр төрх, дотоод гадаад гоо үзэмжийг гурван өөр ертөнцөөр давхцуулалгүй харуулснаараа онцлогтой юм. Нийлж гаргаснаараа харин ч бүүр сайхан зүйл боллоо.Хоёр сайхан залуу уран бүтээлчтэй хамтран ажиллалаа. Хэдийгээр өөр багшийн шавь нар ч бүтээл маш сайн. Залуу уран бүтээлчид чадалтай, суурьтай болчихжээ. Зураг гэхээр будаг нялж хаях гэж ойлгодог өрөөсгөл хандлагатай бүтээлч мэр сэр байдаг л даа. Харин энэ хоёр маань удаан хугацаанд чанартай хийсэн бүтээлүүдтэйгээрээ онцлог.
-Таны “Хүмүүн бичиг” гээд цуврал гурван уран бүтээл их сонирхол татлаа.
-Би өөрөө хөрөг зургийг голчилдог. Хоёрдугаарт юманд баригдах хүсэл байдаггүй. Хөрөг ч зурах, байгаль, адуу мал зурах, монгол бичиг калиграфын урлаг гэдэг тус тусдаа биеэ даасан урлаг байдаг. Монгол бичгээ монгол хүнийх нь дүр төрхтэй холбоод нэг хавтгайд буулгаж яагаад болдоггүй юм бэ гэсэн санаагаар “Хүмүүн бичиг” зургаа зурсан. Мөн модерн чөлөөт хийцтэй хослуулан хийсэн. Калиграфыг шууд зурчихаж болдоггүй, муутуу цаас, бэх, бийрээр л зурдаг. Энэ зургийг маань гадаадынхан үзэг. Бид нар чинь ийм сайхан түүх соёл бичигтэй ард түмэн шүү. Энэ бичиг нь зураг болж болдог гэдгийг л харуулахыг хичээсэн. Миний бүтээлүүд маань олон сар жил шаардаж байж бүтдэг. Гадаадынхан ч их сонирхож авдаг.
-Энэ бүтээлдээ яагаад эмэгтэй хүнийг тусган оруулсан юм бэ?
-Монгол бичиг өөрөө уян хатан, эмэгтэй хүн тал руугаа маш сайхан бичиг. Үүнийг аль болохоор эрэгтэй биш эмэгтэй хүнтэй зүйрлэж, эмэгтэй хүнээр илэрхийлбэл аятайхан гэж боддог.
-Таны бүтээлүүдээс монголоо гэсэн омогшил ханхалж байна л даа. Мөн түлхүү эмэгтэй хүний нүүр царай, нүдийг дүрсэлж. Эмэгтэй хүний нүдийг илүүтэйгээр зурах дуртай юу?
-Энэ зурагнууд маань монголын нүүр царай болоосой гэж бүтээсэн л дээ. Монголчууд бид нар чинь ийм өвөрмөц сайхан царай дүр төрхтэй шүү гэдгийг гадаадынханд илүүтэй харуулах гэж зорьсон. Бид генээрээ агуу төдийгүй зөв сайхан дүр төрхөөрөө гайхуулах учиртай. Монгол уран бүтээлч бүр л эх орноо гэсэн омогшил дүүрэн байдаг.
-Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг хэр удаан хугацаанд бүтээсэн бэ?
-“Салхины инээмсэглэл” бүтээл маань дөрвөн жилийн хугацаанд бүтсэн. Жижиг хөргүүд гэхэд л жил хагас, түүнээс ч урт хугацаанд бүтсэн. Миний бүтээл удах тусмаа бүүр сайн л болох шиг санагддаг гэсэн юм.
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн “Өнгөн доторхи яриа” уран бүтээлийн үзэсгэлэнд тухлан гурван өөр ертөнцийн тавь шахам уран бүтээлийг саатан сонирхоорой. Үзэсгэлэн наймдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.
А.БАРС