”Play time” наадмаар манай хамтлагийн төрсөн өдөр болдог

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

”Play time” наадмаар манай хамтлагийн төрсөн өдөр болдог

“The Lemons” хамтлаг гэхээр “Хайртай”, “Цэнхэр нvд”, “Мэлхий гvнж”, “Харах дуртай”  дуунуудаар нь андахгүй биз ээ. Тус хамтлагийн дуучин, ритм гитарчин Ц.Одбаяр буюу олны дунд нэршиж заншсанаар бол  Одноотой тун удахгүй болох гэж байгаа амьд хөгжмийн “Play Time” наадмын өмнө уулзан уран бүтээл, хамтлагийнх нь талаар ярилцлаа.
-Энэ намрын хамгийн сүүлийн, хамгийн том амьд хөгжмийн “Play Time” наадам тун удахгүй болох гэж байна. Хэр их догдолж хүлээж байна вэ?
-Өө догдлоод хүлээж байна даа. Монголын амьд хөгжмийн томоохон цугларалт наадам. “The Lemons” хамтлаг байгуулагдаад хамгийн анх 2003 онд Паркийн задгай талбайд болсон “Play Time” наадамд оролцож  байсан. Шинэ залуу болон хуучны хамтлаг, дуучид  бүгдээрээ ордог, хүмүүсийн хүсэн хүлээдэг гоё наадам. Үзэгчид нь ч гэсэн доргио, чөлөөтэй байдаг. “Play Time” наадмын тайз, гэрэл ч гэсэн чөлөөт шийдлээр хийсэн байдгаараа онцлог л доо. Наадам  хоёр өдөр үргэлжилдэг.  Хамтлаг дуучид гараад тоглоод л өөрт таалагддаг хамтлагаа сонсоод, найз нөхөдтэйгөө ярилцаад, чөлөөт цагаараа элсэн дээр тоглоод, хөлбөмбөг өшиглөөд л сэлгүүцээд л гоё наадаад өнгөрдөг.  Жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа. Амьд хөгжим сонсох гэсэн хүмүүс их цуглардаг.

-“Play Time” гэхээр хүмүүст зөвхөн рокуудын цугларалт гэсэн ойлголт байдаг. Рок сонсч, мотоцикль унадаг рокеруудын л хүрээнд  хоёр хоног бужигнаад өнгөрдөг гэдэг ч юм уу?
-Тийм ойлголт байсан л даа. Гэхдээ сүүлийн хоёр гурван жил хүмүүсийн хамрах хүрээ өргөжиж, хүмүүс уг наадмыг үзэж сонирхох гэж  хүлээх болсон. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хандлага өөрчлөгдөж  байгаа л даа. Дээр үед чинь рок гэхээр урт үстэй, хар савхитай , мотоцикль унасан хүмүүсээр төсөөлдөг байсан. Одоо бол ондоо болсон. Сонирхох хүрээ өргөжсөн. Бага жаахан хүүхдүүдээс авахуулаад 40-50 настай ах эгч нар хүртэл байна. Тийм болохоор бүх насныхан оролцдог гоё наадам болчихсон. Хү­мүүс зүгээр амрахаар “Play Time”-аа очиж үзье гэх нь бий. Өнгөрсөн жилийн наадамд  их олон хүн цугласан. Манай хамтлаг эхний өдөр дуулсан. Өдөр хэсэг завсарласан хамтлагууд орой нар шингэж байхад эргэж тайзан дээр дуулахад хүмүүс цуглараад л гоё байсан шүү. Яг тэр үед манай хоёр дахь цомог гараад хоёрхон сар болж байсан ч хүмүүст шинэ дуунууд маань хэдийнээ хүрчихсэн дагаж дуулаад сайхан байсан. Өнгөрсөн жил эхний өдөр альтернатив, инди хамтлагууд тоглоод хоёр дахь өдөр нь “Нисванис”, “Аясын салхи” гээд металл хамтлагууд тоглосон.

-Танай хамтлагийг анх “Play Time”-д  дуулсан жил хичнээн хамтлаг оролцож байсан бэ?
-Паркийн задгай талбайд болсон “Play Time” наадамд хорин хамтлаг оролцож байсан. “Нисванис”, “Аясын салхи”, “Night train”, “Булсара” тэгээд “Моханик” гээд хамтлаг дөнгөж гарч ирж байсан. Дараа жил нь “Play time” болоход манай хамтлаг хамгийн анх “Мэлхий гүнж” дуугаа дуулж байсан. Тэгээд л жил алгасахгүй оролцож байна даа. Угаасаа наадам гэдэг утгаараа ямар нэгэн шалгаруулалт байхгүй бүгдээрээ сэтгэлээсээ оролцоод өөрсдийнхөө дууг дуулаад чөлөөтэй сайхан болдог л доо.

-Рок хамтлагуудыг анх “Coke’n Beat”-ын  тайзнаа өрсөлдөн анхны гараагаа хийн  “Play Time” наадамд дуулдаг гэсэн ойлголт байдаг л даа.
-Тийм байж магадгүй. “Coke’n Beat”-ыг бол байх ёстой наадам гэж боддог. Гэхдээ “Coke’n Beat” наадамд хамтлагууд оролцоод өрсөлдөнө гэдэг жаахан сонин л доо. Өөр өөр урсгал чиглэлээр тоглодог хамтлагуудыг нэг дор өрсөлдүүлнэ гэдэг сонин л доо. Арван панк урсгалаар тоглодог хамтлагийг хооронд нь өрсөлдүүлбэл өөр хэрэг. Тэгэхгүй нэг нь металл, альтернатив, панк гээд гурван ондоо урсгал чиглэлийн хамтлагийг өрсөлдүүлнэ гэдэг боломжгүй шүү дээ. Рок дотроо ч өөр өөр урсгал чиглэлийн хамтлагуудыг хооронд нь өрсөлдүүлж болохгүй л дээ.

-Танай хамтлаг голчлон ямар чиглэлээр дуулдаг вэ?
-Манай хамтлаг чинь альтернатив, инди, “Post Punk”, “Indefendent” урсгал, чиглэлээр тоглодог. Гэхдээ ерөнхийдөө бид нар өөрсдөө урсгал чиглэлээ хэлэхээс илүүтэй баруунд бол хөгжим судлаач шүүмшлэгчид тодорхойлох үүрэгтэй байдаг. Манай монголд тиймэрхүү хүмүүс хомс, бараг байхгүйтэй  адил. Өөрсдөө сонсч мэддэг гадаадын хамтлагуудаас жишээ аваад л тодорхойлоод байгаа.

-Саяхан болж өнгөрсөн тоглолтын чинь талаар ярилцья. Удаан хүлээсэн тоглолт байлаа?
-Тоглолт хоёр хоног сайхан болж өнгөрсөн. Цомгоо гаргаад жилийн дараа тоглолтоо хийсэн. Энэ тоглолтыг удаан хүлээсэн. Тоглолтоо хийнэ гэж нилээд хэд зарлаад хойшлуулж байсан л даа. Шинэ хуучин цомгийнхоо дуунуудыг дуулаад л гоё байсан шүү. Хичнээн бүгчим халуун байсан ч фенүүдтэйгээ доргиод сайхан болж өнгөрсөн.

-Яагаад тоглолтын товоо хойшлуулаад байв аа?
-Тухайн үед тоглолтоо зарлачихаад нөхцөл, боломж нь бүрдэхгүй хойшлогдож байсан. Тоглолтын бэлтгэлээс авхуулаад ажил их байсан. Тэгээд явсаар байгаад өнгөрсөн зургаан сард хийсэн дээ гэж.

-Тоглолтын дараа шинэ уран бүтээлдээ орсон уу? Дараагийн цомог хэзээ мэндлэх вэ?
-Одоо харин шинэ цомгийн ажил эхлэх гээд байна. Зун болчихсон янз бүрийн тоглолт их гарч ирж байгаа болохоор уран бүтээлдээ сайн төвлөрч  шаргуу орж чадахгүй түр хойш  тавиад байна л даа. “Play Time” дээр шинэ цомгийнхоо ганц нэг уран бүтээлээс дуулна. Энэ наадмын дараа л цомгийнхоо ажилд орно доо. Бас европын орнуудаар тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Давхар давхар ажлууддаа орно доо.

-Энэ намар тун завгүй байх нь ээ. Шинэ цомог, аялан тоглолт гээд.
-Харин тийм ээ. Шинэ цомгоо хурдан хийчихмээр л байна. Болвол намраас гаргана гэж бодож байсан ч европоор хийх тоглолттой давхцаад арай л амжихгүй байх. Энэ жилдээ багтаагаад шинэ цомгоороо фенүүддээ бэлэг барина.

-Шинэ цомог хичнээн дуутай вэ?
-Хэлж мэдэхгүй л байна. Хамгийн эхний цомог арван дуутай, хоёр дахь цомог арван нэгэн дуутай байсан. Одоо төлөвлөж байгаа цомог маань хэдэн дуутай байхыг би таашгүй.(Инээв) 14-15  дуутай цомог гаргах санаатай л байгаа даа.

-Шинэ уран бүтээл хэрхэн төрдөг вэ? Хэн голчлон үг, аяыг хийх үү?
-Ер нь хамтлагаараа л хийдэг. Манай хамтлагийн дуугаа туурвидаг онцлог гэвэл эхлээд хөгжмөө, дараа нь аяаа хийгээд хамгийн сүүлд шүлгээ хийдэг. Ихэвчлэн тэгж хийдэг. Зарим нэг уран бүтээл дээр л тусад нь ая шүлгээ хийгээд хөгжмөө сүүлд нь бичдэг л дээ. Шүлгэн дээр Тулгаа бид хоёр ажиллаад хөгжим, аяыг хамтлаагаараа хийдэг. Хамтлаг гэдгийн гол нь тэр шүү дээ. Нэг хүн юм хийгээд сонсгох таван хүн нийлээд нэг уран бүтээл хийх ондоо шүү дээ. Таван толгой нийлж байгаа болохоор өөр зүйл гарч ирдэг.

-Танай хамтлаг фен клубтэй юу?
-Манай хамтлагт фен клуб байдаггүй байсан. Харин сая тоглолт дээрээ л фен клубтэй болчихлоо. “The Lemons” хамтлаг байгуулагдаад долоон жил болж байна. “Play Time” наадмаар манай хамтлагийн төрсөн өдөр болдог.

-Тийм үү? Хамтлагийн чинь төрсөн өдөр наймдугаар сарын 7-нд юм уу?
-Яг тэдэнд гэж өдөр заан тэмдэглэдэггүй ээ. Анх хамтлагаараа “Play Time” наадмын тайзан дээр гарч байсан гэдгээрээ энэ наадмын эхний өдөр л найзуудынхаа хүрээнд хамтлагийнхаа төрсөн өдрийг  тэмдэглэдэг. Өдөр нь хамтлагууд дуулаад оройхон хэсэг завсарлаад галын наадам болдог. Энэ үеэр гоё гоё дуунууд тавиад дискоддог. Тэрэн дээр л найз нөхдийнхөө хүрээнд хамтлагаараа төрсөн өдрөө тэмдэглэн бут авна даа. Ер нь манай хамтлагт  “Play Time” наадамтай холбогдолтой дурсамж их байдаг. Бүтэн жил хүлээдэг хамгийн их хамтлаг цугладаг наадам. Наадам дээр хамтлагууд дандаа өөрсдийнхөө дуунуудаас дуулна. Тухайн хамтлагийн багахан хэмжээний тоглолт шиг л болчихдог.

-Танай хамтлаг урын сандаа хичнээн дуутай вэ?
-Айхтар их биш ээ. Хоёр цомогтой. Ороогүй дуунуудтайгаа нийлээд гуч гаруй байгаа. Их биш ээ.

-Гадаадын хамтлаг дуучдаас хэний дууг сонсох дуртай вэ?
-Зөндөө л байдаг. IPod-оор дүүрэн л байна даа. Заавал би рок гээд л байнга  рок сонсоод байхгүй шүү дээ. Таалагдсан бүх дуугаа л сонсоно. Гэхдээ тэр дундаа рокод дуртай.

-Хар нүдний шил чиний имидж үү? Цуглуулдаг уу?
-Тийм байх өө. Хуучин шилээ найз нартаа бэлэглэчихдэг. Байсан бол ямар ч байсан арав гаруй болох байсан. Одоо бол гурван хар шилтэй.

-Нэг хэсэг хар шил, хар малгай чиний имидж болчихсон байсан. Малгай хаачив?
-Байнга л малгайтай яваад халууцаад больчихсоон.

-Олон охид нүдийг чинь харахыг хүсдэг байх аа
-Хар шилгүй явахгүй байх өө.(инээв)

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж