Өмнөд Солонгосын Пүчонь хотын захиргаанаас коронавирусийн халдварт өвчний цар тахлаас шалтгаалан санхүүгийн хямралд орсон гадаадын иргэдэд мөнгө тараахаар болжээ. Хотын зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд баталсан журмын дагуу Пүчоньд байнга оршин суудаг, солонгос хүнтэй гэр бүл болсон эсвэл бичиг баримтгүй цагаач иргэн гэх мэт гадаадын бүх иргэдэд 50 мянган воны тусламж үзүүлэхээр болжээ.
Өмнө нь журмыг боловсруулж байхдаа зөвхөн “F-5”, “F-6” визтэй гадаадын иргэдэд тусламж олгохоор байсан ч зөвлөлийн гишүүн Жон Жэ Хун нь бичиг баримтгүй гадаадын иргэдийг хамруулахыг шаарджээ. Улмаар хотын зөвлөлийн 33 гишүүний 26 нь дэмжсэнээр бүх гадаадын иргэдэд тусламж олгохоор журмыг баталсан байна. Тусламжийн мөнгийг авахыг хүссэн хүмүүс Пүчонь хотын захиргаанд өргөдөл гаргахад л хангалттай аж.
Үүнээс тусдаа Кёнги аймгаас байнга оршин суугч болон солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэдийн үндсэн орлогыг дэмжих тусламж үзүүлэхээ зарлажээ.
Өмнөд Солонгост коронавирусийн халдвараар 10801 хүн өвчилсний 9217 нь эдгэрсэн боловч 252 хүн нас баржээ.
Эх сурвалж: The Korea Times
Холбоотой мэдээ