Чингэлтэйд хорио тогтоосон өдөр тусгай автомашинууд зорчино

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Чингэлтэйд хорио тогтоосон өдөр тусгай автомашинууд зорчино

Чингэлтэйд хорио тогтоосон өдөр тусгай автомашинууд зорчино

Дэлхий нийтийг цочирдуулж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдрийн байдлаар дэлхийн 215 улсад, 3.5 сая иргэн өвчлөөд байна. Монгол Улсад коронавирусийн 40 тохиолдол одоогоор бүртгэгдээд байгаа боловч цаашид  нэмэгдэж болзошгүй тул хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулилалтыг  хийхээр болсон билээ. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-ны өдөр 08.00-18.00 цаг хүртэл хөл хорионы дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын /НОБГ/  гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.


Олон нийтийн дунд Чингэлтэй дүүрэгт нэг хоног биш гурван хоног хөл хорио тогтооно гэх мэдээлэл яваад байна л даа. Үүн дээр тайлбар өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайдын 33 дугаар тушаал гарсан. “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  зохион байгуулагдана. Ерөнхийдөө голчлон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр  дээр хийгдэнэ  гэсэн үг. Дадлага сургуулилалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар  зохион байгуулагдах  учраас иргэдийн дунд  гурван өдөр хөл хорио тогтооно гэсэн  буруу ойлголт яваад байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Зөвхөн нэг хоног буюу тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтооно.

Та ярианы эхэнд дадлага сургуулилалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулна гэлээ. Үүнийг тодруулбал?

-Тодруулбал, тавдугаар сарын 6-ны өдөр Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб болон дүүргүүдийн шуурхай штаб дээрх сэдвийн хүрээнд команд штабын сургуулилалт хийж, хүн амын дунд халдвар тархсан тохиолдолд төрийн болон олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ. Энэхүү ажиллагааг цахимаар зохион байгуулна. Тавдугаар сарын 7-ны өдөр хэсэгчилсэн дадлагууд зохион байгуулагдана гэсэн үг. 08.00-18.00 цаг хүртэл Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоно. Чингэлтэй дүүрэг нь баруун талаараа Баянгол, баруун хойд талаараа Сонгинохайрхан, урд болон зүүн талаараа Сүхбаатар дүүрэгтэй тус, тус хиллэлдэг.

Тэгэхээр Баянгол, Сүхбаатар дүүргийн хилийн нутаг дэвсгэрийн  заагаар Чингэлтэй дүүрэг рүү орох, гарах хөдөлгөөн хийгдэхгүй гэсэн үг. Чингэлтэй дүүрэгт төвийн зургаан хороо хамаардаг.  Тухайлбал, баруун дөрвөн замаас төв шуудан, төв шуудангаас хойш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хүртэл хөдөлгөөн бүрэн хаагдана.

Энэ үеэр зөвхөн эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын газар, харилцаа холбооны байгууллага, цахилгаан  түгээх сүлжээ болон дулааны шугам сүлжээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагын шуурхай албадын машин техник нэвтэрнэ. Ингэхдээ хөл хорио тогтоосон үеийн арга хэмжээг сахиулж  зөвшөөрлийн бичиг болон ариутгал, халдваргүйжүүлэлт бүрэн  хийгдэнэ. 

Мөн тавдугаар сарын 7-ны өдөр  08.00-18.00 цагийн хугацаанд Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордонд коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг  эмчлэх 300 ор дэлгэнэ. Нисэхэд байрлах Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг дээр хүнд өвчтөнийг эмчлэх 100 ортой эмнэлэг дэлгэнэ. Цаана нь байрлах Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа давтан сургалт, сэргээн заслын төвийн гадна 40-50 хүн эмчлэх Евро стандартын хээрийн эмнэлэг дэлгэх юм.  Харин тавдугаар сарын 8-ны өдөр  эдгээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ дээрээ төрийн байгууллагууд  хамтран дүгнэлт хийнэ.

-Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт амьдарч, ажилладаг иргэдийн хувьд  юуг анхаарах вэ?

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагууд олон бий. Тухайлбал, нутгийн захиргаа, харилцаа холбоо, шатахуун түгээх байгууллага, банк санхүүгийн байгууллага гэхчлэн томоохон байгууллагууд  байдаг. Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас дүүргийнхээ  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 8000 гаруй аж ахуйн нэгж /ААН/,  150 мянга гаруй иргэдэд дадлага сургуулилалтын талаарх мэдээлэл, заавар зөвлөмжийг  хүргүүлж байгаа.

-Ямар заавар, зөвлөмж ?

-ААН-үүдэд "Дадлага сургуулилалт зохион байгуулагдах учраас бэлэн байдлаа хангаж  ажилчин,  алба хаагчдын ажиллах цагийн хуваарийг дотооддоо зохицуулна уу"  гэсэн үүрэг  чиглэлийг өгч байна. Байгууллага дотроо цахимаар ажиллах, эсхүл жижүүрлэн ажиллах зэргээр ямар нэгэн төрлийн  зохион байгуулалт хийж ажиллах нь өөрсдийнх  мэдлийн асуудал.

Харин ажил дээрээ заавал үүрэг гүйцэтгэх шаардлагатай бол өглөө эрт хөл хорио тогтоохоос өмнө буюу 08.00 цагаас өмнө ажилдаа ирж болно. Хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай  эмийн сан, хүнсний дэлгүүр ажиллана. Чингэлтэй дүүрэгт хэсгийн ахлагч болон сайн дурын хүмүүс ажиллах учраас иргэдэд гэрээсээ аль болох  гарахгүй байхыг анхааруулж шаардлага тавина.

-“COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Энэхүү дадлага сургуулилалтын ач холбогдол нь нэгдүгээрт мэргэжлийн байгууллага, төрийн албадын бэлэн байдлыг хангах, хоёрдугаарт нийслэл хотод халдвар тархлаа гэж бодоход ажиллах нөхцөл байдал, хүн хүч, эмнэлгийн эм тариа багаж хэрэгсэл нөөц бололцоо, тусгаарлах байрны бэлэн байдал зэрэг хэр  хангагдаж байгааг шалгаж дараа нь үйл ажиллагаагаа сайжруулах , улам боловсронгуй болгох ажлаа төлөвлөхөд тус дэм болох юм.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж