УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо

УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо

НЭМЭЛТ: 17.00 цагт 

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо.

Одоогоор 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээнэ. Үүнээс анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж.

Гэхдээ сургалтын төвүүд дараах шаардлагуудыг биелүүлсэн байх шаардлагатай юм байна. Шаардлагад,

  • Биеийн халуун үзэх
  • Амны хаалт зүүх
  • Аль болох цахим сургалт хийх
  • Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
  • Хоёр цаг тутамд агаар сэлгэх
  • Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
  • Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
  • Хүн хоорондын зай барих/1-1,5 метр/
  • Анги танхимд хооллохгүй байх
  • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
  • Курс дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг хангасан байх аж.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “УОК-ын өнөөдрийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Хурлаар сургалтын төвийн үйл ажиллагааг шат дараатай нээх саналыг Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргалаа. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор ЗГ-ын 193 дүгээр тогтоолоор бүх шатны боловсролын сургалтын төвүүдийг есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарласан байсан. Тус тогтоолд өөрчлөлт оруулсны дараа сургалтын төвүүдийг нээхээр боллоо. Гурав дахь өдрийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг оруулна. ЗГ-ын хурал тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийг нээнэ гэсэн үг. Ингэснээр нийтдээ 1088 сургалтын төвүүд шат дараатайгаар үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Эдгээр байгууллагад эрүүл ахуйн арав гаруй шаардлагыг тавьж байгаа. Тухайлбал, сургалтын төв нь арав хүртэлх хүнтэй үйл ажиллагаа явуулна. Амны хаалт, гар ариутгагч, заавал хэрэглэнэ. Ширээ хоорондын зай болон хүн хоорондын зай 1-1.5 метр байх ёстой. Үүнийг мэргэжлийн байгууллага сургалтын төвийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцана” гэв

СУРГАЛТЫН ТӨВҮҮДИЙГ НЭЭХ АСУУДЛААР УОК ХУРАЛДАНА

Улсын онцгой комисс өнөөдөр 16.00 цагаас хуралдана. Хуралдаанаар COVID 19 халдварын талаарх нөхцөл байдлын мэдээлэл, мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх асуудал болон зарим асуудлыг хэлэлцэнэ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы зүгээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналаа Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж