Австрали болон Шинэ-Зеланд улс хоорондоо хилээ нээж, аяллын коридор үүсгэх асуудлыг хоёр орны улстөрчид хэлэлцэж байна. Коронавирусийн халдварт өвчний цар тахлын эсрэг дээрх хоёр орон өнгөрсөн гуравдугаар сараас хойш гадаадын иргэдийг оруулахгүй хилээ хаасан билээ. Гэвч энэ нь хоёр орны аялал жуулчлалын салбарт том цохилт болжээ.
Өдгөө Австрали болон Шинэ-Зеланд улсад халдварын тархалтыг хяналтдаа авсан гэж үзэн, зөвхөн хоёр орны хооронд хилээ нээх арга замыг судалж байна. Энэ тухай Австралийн ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд анх мэдэгдсэн аж. Гэхдээ шийдвэр хэрхэн хэрэгжих нь хэлэлцээрийн шатанд байна. Одоогоор Австрали болон Шинэ-Зеланд улсууд олон улсын нислэгээр ирсэн бүх зөрчигчийг 14 хоногийн ажиглалт, хөл хорионд оруулаад буй юм.
Аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн тооцооллоор хоёр орныг холбосон коридорыг ирэх наймдугаар сараас нээж, Шинэ-Зеландын цанын улиралтай давхцуулах боломжтой гэнэ.
Шинэ-Зеланд ба Австрали улс нь хоорондоо 2000 орчим км далайгаар тусгаарлагдан оршдог. Гэхдээ хоёр орны аялал жуулчлалын салбар нэгнээсээ хамааралтай байдаг аж. Австралийн паспорттой иргэд Шинэ-Зеланд руу визгүйгээр ажиллаж, амьдрах боломжтой байдаг. Тиймдээ ч Шинэ-Зеландад ирэх олон улсын гадаадын иргэдийн 40 орчим хувь нь австраличууд байдаг бол эсрэгээрээ 24 орчим хувийг шинэ-зеландчууд эзэлдэг байна. Австралийн экспортын орлогын дөрөв дэх том бүрдүүлэгч нь аялал жуулчлалын салбар бөгөөд хэдэн тэрбум австрали.доллар эргэлддэг аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ