Гэмт хэргийн эсрэг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн эсрэг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат удирдан явууллаа. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгөв. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 28 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 28 хоногийн хугацаанд ихэнх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй мэдээлэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  

Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

Нийт 21529 жолоочид 728 сая төгрөгийн торгууль ногдуулав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт шалгалтаар энэ оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 612, эрхээ хасуулсан үедээ авто машин жолоодсон 114, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 2417, ачааны авто машинд тавих дүрэм журам, стандарт, тогтоол, захирамж зөрчсөн 1030, нийтийн тээврийн хэрэгслийн стандарт норм, дүрэм, журам зөрчсөн 1276 зэрэг нийт 21529 жолоочид 728 сая төгрөгийн торгуулийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах арга хэмжээ авч ажиллав.

Өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийг 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зохион байгуулав. Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зэрэг байгууллагын ажилтай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгав. Ажлын хэсгийнхэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна гэж дүгнэжээ. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн хэмжээнд 537 тонн цас хайлуулах бодис, элс нөөцөлсөн байна.

10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд явуулав. Нийтийн тээврийн ачаалал ихтэй баруун чиглэлийн бүсэд 5 автобус, зүүн чиглэлд 4 автобус, Таван шараас Офицеруудын ордны чиглэлд 3 автобус, Ханын материал Толгойтын чиглэлд 5 автобус, 13 дугаар хороолол Халдвартын чиглэлд 4 автобус, Авто худалдааны цогцолбор, Саппоро чиглэлд 1 автобус тус тус гарган ажиллаж байна.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-17 хооронд зохион байгуулж, тооллогын дүн мэдээг танилцуулах
  • Нутгийн захиргааны байгууллагууд, өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн харьяа байгууллагууд  ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээг үнэлэх, 2015 онд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах
  • Нийслэлийн дүүргүүдэд гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн үед тогтмол өсч байгаатай холбогдуулан гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж дүн мэдээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдаа бэлтгэх, 2015 оны 12 дугаар сарын 10-20-ны хооронд нүүх бэлтгэл ажлыг зохион байгуулж дүн мэдээг танилцуулах
  • Шинээр ашиглалтад орсон замуудын арчлалт, хамгаалалтын ажлыг эзэнжүүлэх, Богд уулын арын хурдны замын хальтиргаа гулгаа болон зам арчилгааны ажлыг сайтар зохион байгуулах
  • 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Яармагийн шинэ гүүрэн дээр гарсан автын ослоос шалтгаалан гүүрийн даацын бэхэлгээнд эвдрэл гарсан тул холбогдох мэргэжлийн байгууллагууд засварын ажлыг яаралтай эхлүүлж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах
  • Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах, Нийслэлийн ИТХ-ын 61,63 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцдаг 50 метр квадрат талбайн цас мөсийг цэвэрлэхийг үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛТИЙН НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж