С.Амарсайхан: Баар, караокег тодорхойгүй хугацаагаар хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Баар, караокег тодорхойгүй хугацаагаар хаалаа

С.Амарсайхан: Баар, караокег тодорхойгүй хугацаагаар хаалаа

Нийслэлийн онцгой комиссын өнөөдөр /2020.05.04/-ийн хуралдаанаар баар, караокены үйл ажиллагааг хязгаарлалаа. Энэ талаар Хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр коронавирусийн халдварын нөхцөл байдал намжих эсэхийг харж байж баар, караокег нээх асуудлыг ярих хэрэгтэй гэдгийг тодотголоо.

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН:

-Бид баар, караоке нээхдээ холбогдох газрууд хяналт тавьж ажиллана. ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж ажиллахыг мөрдүүлнэ гэж захирамж гаргасан. Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэг ч гэсэн хүн ажилдаа орж өрх гэрээ тэжээхэд дэмтэй гэсэн үүднээс нээх захирамж гаргасан. Өмнө нь фитнес, халуун ус, амралтын газруудыг гээд нээсэн. Эдгээр газрууд заавар, зөвлөмжөө сайн дагаж байгаа тул одоогоор асуудал гараагүй байна гэж итгэж байна. Сургалтын төвүүдийг нээх, хаах эсэхийг Нийслэлээс шийдэхгүй. Бид нээх саналаа УОК-т хүргүүлсэн байгаа. Ресторанууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин шөнийн цэнгээний газар, бааруудад нэг ч гэсэн хүн ажил орлоготой байг гээд ААН-үүд боломж олгосон ч харамсалтай нь ААН-үүд өөрсдөө дүрэм журмаа дагаж мөрдсөнгүй. ААН-үүд өөрсдөө бэлэн биш байгаа юм байна.

Хэзээ ямар түвшинд, хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх, халдвар өвчин хэзээ намжих эсэхийг харж байж баар цэнгээний газруудыг нээх асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.

СОVID-19 халдварын үед ажиллах журмыг зөрчсөн баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг холбогдох албаны мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Сургалтын байгууллагуудын танхимын бус сургалтуудын үйл ажиллагааг нээсэн. Танхимын сургалтыг нээх талаар Улсын онцгой комиссын хуралдаанаар өнөөдөр ярилцаж тодорхой шийдвэр гаргана гэж хотын дарга С.Амарсайхан мэдэгдлээ.

Сануулахад, Улсын онцгой комисс өнөөдөр 16.00 цагт хуралдаж, зарим шийдвэрийг гаргах юм.

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ХОЁР АЖ АХУЙ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦУЦАЛЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар хаалгаа барьсан 945 баар, караокег нээсэн. Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг  1201 ресторан, 225 кафе, 945 баар нийт 2291  аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Баар караоке, рестораны үйл ажиллагааг нээх Засаг дарга С.Амарсайханы захирамжийн хүрээнд 1035 ресторан үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 375 газарт хяналт тавихад нэг иргэн гурван аж ахуй нэгж зөрчил гаргасан байна. Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд  1.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцалжээ.  Мөн зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж ажиллаж чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.

НЭГ ДОР 200 ХҮН ЦУГЛУУЛСАН, ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДСАН ЗӨРЧИЛ ГАРЧЭЭ

Мөн нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээлснээр коронавирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд үйлдэгдэх гэмт хэрэг буурчээ. Архидан согтуурахтай холбоотой гудамжинд үйлдэгдэх гэмт хэрэг 50 хүртэлх хувиар буурсан байна. Энэ нь архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсантай холбоотой гэнэ. Харин баар, караоке, рестораны үйл ажиллагааг нээснээс хойш гурав хоногийн хугацаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Өнгөрсөн баасан гаригт архи зардаггүй өдөр цагдаагийн байгууллага нийт 802 дуудлага хүлээн авчээ. Үүнээс согтуугийн 207, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бямба гаригт буюу тавдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага 1173 болж өмнөх өдрийнхөөс өсчээ.   Согтуугийн дуудлага 427 болж өмнөх өдрийнхөөс нэмэгдэж 227 хүн эрүүлжүүлэх байрт саатуулагджээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125 болж мөн өсчээ. Ням гаригт буюу тавдугаар сарын 3-нд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх өдрүүдээс 1204 болж нэмэгджээ. Согтуугийн дуудлага 474 бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 148 болж мөн өсчээ. Өчигдөр нийт  218 хүн эрүүлжүүлэгджээ. Баар,караоке, ресторонаар үйлчлүүлж буй залуус цагдаагийн байгууллагын тавьсан шаардлагыг эсэргүүцэж улмаар албан үүргээ гүйцэтгэсэн долоон цагдаа зодуулжээ. Үйлчилгээний байгууллагууд ч бас цагдаагийн алба хаагчийн биед халдсан байна.  Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар, өчигдөр 200 гаруй хүн нэг дор бөөгнүүлсэн баар үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн бол Чикаго баар халуун хэмжигчгүй, зай барих зөвлөмжийг дагаж мөрдөөгүй 80 гаруй хүнд үйлчилж байжээ. Мөн шаардлага тавьсан цагдаагийн биед халдаж зодсон байна. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан нэгэн баар 40 гаруй хүнд халуун хэмжигчгүй, ажилчид нь амны хаалтгүй үйлчилж байсан зэрэг зөрчил түгээмэл гаргажээ.

                             НИЙТ 60 АМРАЛТЫН ГАЗАРТ ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ

Нийслэлийн аялал жуулчлалын газраас амралтын 104 газар, дэн буудал 192, зочид буудал 239 үйлчилгээний байгууллагад холбогдох байгууллагуудтай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд  хяналт тавьж ажиллажээ. Нийт 60 амралтын газарт хяналт тавьсан бөгөөд одоогоор дүн гараагүй байгаа аж.  Мөн Тус газарт 46 амралтын газар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн байна.

Хотын дарга С.Амарсайхан мэргэжлийн байгууллагуудын захирамжийн хэрэгжилтэд тавьж буй хяналт хангалтгүй гэж дүгнэсэн бөгөөд Нийслэлийн онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай  гэх дүгнэлтэд хүрлээ.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ЗөвЗөв
36
ХахаХаха
36
БурууБуруу
32
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж