Худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Худалдааны салбарын хөгжлийг боловсронгуй болгох, үндэсний үйлвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус зөвлөгөөний зорилго оршиж буй юм.

Зөвлөгөөний үеэр Аж үйлдвэрийн сайд Б.Эрдэнэбат:

-“Жижиглэн худалдаа эрхлэгчид өөрсдийн санаачилгаар энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь тун онцлог. Өнөөдөр зөвхөн зах дээр лангууны ард суухаас илүүтэйгээр хэрэглэгчидтэйгээ тулж, соёлтой үйлчилгээг санал болгодог сүлжээ дэлгүүрийн эзэд уулзаж байгаагаараа онцлогтой юм. Үүнийг ялгаж харах хэрэгтэй. Ер нь бол жижиглэн худалдаа гэдэгт том утгаараа бүгд орно. Өнөөдрийн тавьж байгаа гол сэдэв бол дэлгүүрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах цаг болсон байна гэдэг асуудал юм. Гадаадын орнуудад олон жижиг нэг нэрийн дэлгүүрүүд байдаг. Тогтмол үнэтэй ижил төрлийн бараатай, нэг стандартын дэлгүүрүүд байдаг. Аюулгүй байдлын талаас, үйлчилгээний стандарт, цахимжсан байдлаар ч хүмүүст шууд хүрдэг үйлчилгээний соёлтой газруудын тухай асуудал юм. Өнөөдөр хуралдаж байгаа бизнес эрхлэгчид үүнийг санаачлан хийж байна. Үүн дээр үйлдвэрийн бодлого, борлуулалтын асуудлыг нэг мөр болгож шийдвэрлэе үүнд төрөөс дэмжье гэдэг асуудал тун чухал юм. Замбараагүй олон дэлгүүр чанартай чанаргүй бараа зардаг, үнийн зохицуулалт ч тааруу асуудал зөндөө байна. Түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь хэрэглэгчдэд хүндрэлтэй тусч байна. Харин үнэ буухаар анзаарахгүй байгаа юм. Жижиглэн барааны үнэ буурахгүй болохоор хэрэглэгчид анзаарахгүй байгаа юм. Мах бараг килограмм нь 2000 төгрөг болж буурч байгаа ч махан бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа нь асуудал юм гэдгийг онцоллоо.

Дашрамд дуулгахад зөвлөгөөнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч ложистикийн компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн 800 орчим төлөөлөгч оролцоно.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж