Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 375 дуудлага иржээ. Үүнээс 253 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд бол, орон нутагт авто ослоор нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, өчигдөр /2020.05.03/ шөнийн 22:10 минутын орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota landcruiser 80 маркийн автомашин онхолдож, жолооч 51 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 53 ЖОЛООЧИЙГ СААТУУЛАВ
Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Хяналт шалгалтаар согтуурсан үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгджээ.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ГЭМТЭЖ, НАС БАРСАН ХҮНИЙ ТОО БУУРЧЭЭ
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 9,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 44,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Зам тээврийн ослын дуудлага мэдээллээс гадна Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
ӨНЖМӨЛ ӨВС ШАТАЖ 51 НАСТАЙ ИРГЭН НАС БАРАВ
- Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.05.04/ өдрийн 16:58 цагт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас баржээ. Хэргийг Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Тахилтын дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 13:50 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д-ын 7х10 метрийн хэмжээтэй байшингийн 2х7 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 33 дугаар гудамжинд иргэн С-ийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, мөн иргэн С-ийн эзэмшлийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг алба хаагчид унтраажээ. Гал түймрийн дуудлага өчигдөр өдрийн 18:30 цагт бүртгэгдсэн байна.
- Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Улиастайн 2А дугаар гудамжны задгайд иргэн Э-ийн эзэмшлийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг алба хаагчид унтраажээ. Гал түймрийн дуудлага өчигдөр орой 19:43 цагт иржээ.
АРХАНГАЙ АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ТҮЙМЭР ГАРЧ, НИЙТ 2420 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
Ахуйн хүрээний гал түймрийн дуудлага мэдээллээс гадна ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл ч бүртгэгджээ. Архангай аймгийн Булган, Эрдэнэбулган, Цэнхэр сумын нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд түймэр гарчээ. Тодруулбал, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Халзангийн даваа” гэдэг газарт гал түймрийн улмаас 10 га талбай шатсан бол Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт гал түймэрт 2400 га талбай шатжээ. Мөн Эрдэнэбулган суманд 10 талбай гал түймэрт үнс нурам болжээ. Түүнчлэн Нийслэлийн ногоон бүс “Зайсангийн-Ам”-нд өнгөрсөн баасан гаригт гал гарч, урьдчилсан байдлаар хоёр га талбай шатжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ