Ард Санхүүгийн Нэгдэл ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2020 оны 5-р сарын 1-нд цахимаар зохион байгууллаа. Тайлангийн хуралд нийт 28,614,263 хувьцаанаас саналын эрх бүхий энгийн хувьцааны 12,878,762 ширхэг буюу 67.7 хувийг эзэмшигчид оролцлоо.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайланг батлах санал хураахад 12,684,112 ширхэг хувьцааны эзэд буюу 98.4 хувь нь зөвшөөрсөн санал өгсөн байна.
Ард Санхүүгийн Нэгдлийн 2019 оны голлох санхүүгийн үзүүлэлтийг дурдвал: Ард Кредитын IPO-г хийж, Ард Лайфд нэмж хөрөнгө оруулсантай холбоотойгоор урт хугацаат хөрөнгө оруулалт 43.8 тэрбум төгрөгөөс 56 хувиар өсч 68.2 тэрбум төгрөг хүрсэн. Компанийн нийт хөрөнгө 60.4 тэрбумаас 78.4 тэрбум төгрөг болж 29 хувиар өссөн байна. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө 50.5 тэрбумаас 56.6 тэрбум төгрөг болж 12 хувиар өслөө. Компанийн цэвэр ашиг түүхэн дээд хэмжээнд буюу 3.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2020 он гарснаар компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд оны эхний улиралд 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Стратегийн хөрөнгө оруулалт 67.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2019 оны эцсээр Ард Санхүүгийн Нэгдэл компанийн нийт үнэлгээ 56.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Компанийн 2019 оны санхүүгийн тайланг Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоо танилцуулав. Тэрбээр “Бид цар тахлаас өмнө 2020 оны төлөвлөгөөгөө гаргасан. Энэ онд нээлттэй бонд гаргахаар ажиллаж байна. Нийт 12 тэрбум төгрөгийн бондыг гурав хувааж гаргана. Цар тахалтай холбоотойгоор Ард Санхүүгийн Нэгдэл компанийн үйл ажиллагаанд гэнэтийн өөрчлөлт гараагүй. Эдийн засгийн уналттай энэ үед охин компаниудынхаа үйл ажиллагааг хамгаалах, чанаржуулах бодлого барин ажиллаж байна” гэдгийг онцлов.
ТУЗ-ийн дарга, хурлыг даргалагч П.Батбаяр: “Манай компанийн хувьд 2019 он амжилтын жил байлаа. ТУЗ-ийн зүгээс 2020-2022 оны Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай компаниудын дунд хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг баталсан. Үүнд, олон улсын зах зээлд гарах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, арилжааны банктай стратегийн түншлэлийн харилцаа тогтоох зэрэг зорилго дэвшүүлсэн. Бидний хувьд 2020 онд төлөвлөсөн ажил их байна. Хувийн тэтгэврийн сангийн хууль гарвал Ард Лайф энэ салбарт тэргүүлэх компани болно. Тийм учраас бидний хувьд саалиа бэлдсэн гэж хэлж болно” гэв.
Хувьцаа эзэмшигчдийн цахим хурлыг дүгнэж Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: “Цар тахлын үед бидний ажиллах орчин асар хурдацтай өөрчлөгдлөө байна. Олон улсад халдварын дараа ч бидний бие авч явдаг байдал, нийгмийн харилцаа, ажлын арга барилд өөрчлөлт гарна гэдгийг тооцоолж байна. Бизнес явуулах арга хэлбэр ч өөрчлөгдөж эхэллээ. Бүх компаниуд цахимжих шахалтад орж байна. Цахим шилжилтийн тухай олон жил ярьсан ч төр засаг үүнд бэлэн байсан үү үгүй юу гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Цар тахал төрийн үйлчилгээгээ цахимжуулах зайлшгүй хэрэгцээ бий гэдгийг харуулж байна. Бидний хувьд цахимаар хурлаа явуулаад, үйлчилгээгээ үзүүлээд, цахимаар ногдол ашгаа тараагаад, зайнаас ажлаа явуулж байна” гэлээ.
Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, хувьцаа нь AАRD тикертэйгээр олон нийтэд арилжаалагддаг, нээлттэй хувьцаат компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтдаг.
Г.ТЭГШСҮРЭН
Холбоотой мэдээ