Төрөө сонгох иргэдийн эрхэнд Төрийн тэргүүн ХАЛДАХ ЭРХГҮЙ!

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Төрөө сонгох иргэдийн эрхэнд Төрийн тэргүүн ХАЛДАХ ЭРХГҮЙ!

Төрөө сонгох иргэдийн эрхэнд Төрийн тэргүүн ХАЛДАХ ЭРХГҮЙ!

Шинэ коронавирус иргэдийг айлгаж, иргэдийн энэхүү айдас дээр Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн нүүдэл хийх болсны эхнийх нь сонгууль хойшлуулах уриалга байлаа. Гуравдугаар сарын 25-нд зургаан зүйл бүхий уриалга гаргахдаа УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, “төрийн удирдлагыг төвлөрүүлэх” хүслээ “шигтгэж” өгсөн нь  Төрийн тэргүүн болсноосоо хойш Ерөнхийлөгчийн засаглалтай болох амбицаа дарж чадахгүй яваа Х.Баттулгын нийгэмд хаясан “чухал” мессеж нь байв.

ЖДҮ, 60 тэрбумын хэргээсээ болж, хавханд нь гүйгээд орсон МАН-ынхныг манаргаж, манаруулж байгаад парламентын засаглалыг парламентаар устгуулах нь Ерөнхийлөгчийн өдрийн бодол шөнийн зүүд болсон гэлтэй. СЕХ-ныхныг ойр, ойрхон тойглож,  Ч.Содномцэрэнгээр “Үндсэн хуульд заасан улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй” гэж хэлүүлсэн нь ард түмний төлөөх “сайхан сэтгэл” лав биш.

Өнгөцхөн харвал, Төрийн тэргүүн дэлхий нийтийн гамшиг, цар тахлын аюулаас  улс орон, иргэдээ бодож буй Монголын цор “ганц” улстөрч юм шиг боловч нарийндаа, өвчин зовлонг далимдуулж төр засгийн эрх мэдлийг гартаа авах гэсэн хүсэл шуналаа дарж чадахгүй яваа нь чухам үнэн нь юм.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан онцгой байдлаар далимдуулж, төрийн эрх мэдлийг өөртөө авч, парламентаа тарааж, сонгуулиа болиулсан шиг,  Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-г ойр, ойрхон тойглох болсныг иргэдийн эрүүл мэндээс илүү том эрх ашиг цаана нь байгаа гэж хардагдаж байна. “Зуд болоход нохой зоолдог” гэж үгтэй.

СЕХ-нд өнгөрсөн нэгдүгээр сар томилогдон очсон Г.Байгалмаа, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг Ерөнхийлөгчийн “захиалгын хүмүүс” гэсэн яриа оргүй хоосон үг биш ч байх. Г.Байгалмаа бол Ерөнхийлөгчийн баруун гар гэхэд бараг буруудахгүй, МоАХ-ын дэд дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн.

Сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарахаар, нийтдээ дунджаар 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсныг СЕХ-ныхон Ерөнхийлөгчид дуулгаж, хариуд нь “дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсэн энэ үед их хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой эсэх”-ийг бодож үзэхийг зөвлөсөн.

Мэдээж, сонгуулийн тогтолцоо нь өөрөө хамгийн их зардал мөнгө шаардагддаг томсгосон тойргоор явагдана. Хууль нь хэдийнэ батлагдсан учраас одоо араас нь матрын нулимс унагаах ямар ч утгагүй. Дээр нь их мөнгөний "үнэр"-тэй энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгчийн зөвлөх, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн зарим нь намаас нэр дэвшиж, зарим нь бие даахаар болсон.

Төрийн тэргүүний зөвлөснөөр иргэдийн халаас нимгэрч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь зогссон энэ үед  эсрэгээрээ 474 тэрбум төгрөг царцсан эдийн засагт багагүй дэм болно. Адаглаад аймаг орон нутгийн дэлгүүр, хоршоо, цайны газруудын орлого сайжирна. Гадагшаа гарч байгаа мөнгө биш дотооддоо эргэлтэд орж буй хөрөнгө болж үлдэнэ.

Коронавирус голомтлон тархаж, 10 гаруй мянган хүнд халдварлаж,  280 гаруй хүн нас барсан Өмнөд Солонгос улс  халууныг нь хэмжиж, нэг метрийн зай бариулж, амны хаалт, тусгай бээлий өмсгөөд 44 сая хүнээс саналыг нь аваад сонгуулиа огт ажралгүй хийчихлээ.

Харин ч сонгогчдын ирц 66.2 хувь хүрсэн нь 1992 оноос хойш Өмнөд Солонгост явагдсан парламентын сонгуулиудын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 22.1-т зааснаар улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно. Үүнийг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Гэтэл Монголд харьцангуй тайван, одоогоор коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн болохоос дотроо алдчихаагүй байхад “сонгуулийг хойшлуулъя” гэж уриалаад, сэвээд байгаа нь Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг яаж ийгээд явуулахгүй байхыг хүсч байна, иргэдэд төрөө сонгох эрхийг нь эдлүүлэх дургүй байна гэсэн үг.

Төрийн эрх одоогоор УИХ дээр төвлөрч байгаа. Засгийн газар УИХ-аас гаргасан хууль тогтоомжийн дагуу ажлаа хийгээд явж байна. Гэтэл Төрийн тэргүүн иргэдийнхээ дөрвөн жилд нэг удаа эдэлдэг эрхэнд шууд халдаж, Үндсэн хуульд зөрчин “төрийн удирдлагыг төвлөрүүлэх” сонирхлоо удаа дараа тулгаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд цар тахлаас ч илүү аюул дагуулж мэдэх нь. М.Энхсайханыг хийгээгүй хэргийнх нь төлөө шоронд аваачаад хорьчихсон. Цаашдаа хэнийг хэзээ ч, ямар хэргээр яллаж магадгүй.

Тэгэхээр  сонгууль хойшлуулах нь ард түмэнд хамгийн ашиггүй хувилбар. Муу, сайн ч монголчууд төр улсаа төвхнүүлэх ёстой. Ингэж байж үндэсний аюулгүй байдлаа хамгаална. Үгүй бол, нэг том дарангуйлагчтай болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж