"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой"

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой"

"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой"

Дэлхийн нийтийг нөмөрсөн цар тахлын үед БНСУ парламентын сонгуулиа зохион байгуулав. Үүнтэй зэрэгцэн сар гаруй хугацааны дараа Монгол Улс парламентын ээлжит сонгуулиа хийхээр товлоод буй. Тэгвэл бид сонгуульд бэлэн эсэх, цар тахлын үед сонгууль хийх боломжтой эсэх талаар МУИС-ийн багш Д.Бумдарьтай ярилцлаа.


-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бид УИХ-ын сонгуулиа хийх үү, хийхгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бидэнд ийм нөхцөлд сонгууль явуулж байсан туршлага байхгүй. Тэгэхээр цар тахлын үед сонгууль явуулах боломж байна уу, та юу гэж харж байна?

-Монгол улсын хувьд дотроо алдсан тохиолдол байхгүй байна. Хөл хорионы байдал аажим суларч байгаа шийдвэр гаргаж байгаа зэрэг нь сонгууль явуулахад бидэнд одоогийн байдлаар саад болох зүйл байхгүй. Ээлжит сонгуулийг явуулах нь эрхзүйн бөгөөд дагалдах элдэв эрсдэлээс сэргийлэх болно.

-БНСУ-д цар тахлын үеэр анх удаа сонгуулиа зохион байгууллаа. Тэдний сонгуулийн үйл ажиллагаа, туршлагыг та судалж, харав уу?

-Дөрөвдүгээр сарын 15-нд Солонгос улс парламентын сонгуулиа хийлээ. Хамгийн гол анхаарал татсан асуудал нь цар тахал азидаа Хятадын дараах голомт болсон улсын хувьд хэрхэн зохион байгуулах бол, хир үр дүнтэй байх бол гэсэн дэлхийн анхаарлыг татсан сонгууль болсон. Солонгосын парламент 300 суудалтай, үүнээс 151 авахад эрх баригч болох боломжтой байдаг. Энэ удаагийн сонгуульд Democratic Party of Korea нам 16 жилийн дараа 180 суудал авч үнэмлэхүй ялалт авч чадлаа. Нарийвчлан хэлбэл 163 суудлыг тойргоос, 17 суудлыг хувь тэнцүүлсэн байдлаар авсан. Үнэмлэхүй гэж хэлэх шалтгаан нь Солонгосын парламент хууль батлахын тулд 60 хувиас дээш дэмжсэн байх зохицуулалтай бөгөөд 180 суудал бол хангалттай тоо юм. Энэхүү сонгуулийн ялалтыг дараах хүчин зүйлтэй холбож тайлбарлаж болно.

Хамгийн том нөлөө нь Ерөнхийлөгчийн коронавирусийн эсрэг авсан арга хэмжээ, шийдвэр юм. Тодруулбал, аль болох өргөн далайцтай вирусийн тест хийж халдвараас сэргийлж тоог бууруулсан нь итгэл төрүүлэхүйц бодит үйл ажиллагаа болсон байх. Мэдээж ганцхан коронавирусаар бүх үнэлгээ өгөхгүй нь тодорхой.

Жижиг дунд үйлдвэрлэл, ажилгүйдлийн бодлого, ялангуяа Хойд солонгосын талаар баримтлах бодлого нь эерэг үр дүн авчрахад нөлөөлсөн хэмээн судлаачид дүгнэн үзэж байгаа.

-БНСУ-ын сонгуулийн ирц түүхэндээ байгаагүй өндөр байсан нь юутай холбоотой байв?

-Сонгуулийн ирц 1992 оноос хойш анх удаа 66.2 хувийн өндөр ирцтэй сонгууль боллоо хэмээн дүгнэгдсэн байна. Өндөр байх шалтгаан нь коронавирустай холбоотой хөл хорио нь иргэдийн улс төрийн талаарх сонирхлыг ихэд татсан. Учир нь төрөөс гарах шийдвэр нь амь нас, эрүүл мэндийн асуудалтай нь шууд холбоотой байсан нь сонгуульд хандах хандлагыг ихэсгэсэн хэмээн хэлж болно. Мөн сонгуулийн санал өгөлтийг өмнөх өдрүүдэд биеэр сонгуулийн санал өгөх байранд ирэх боломжгүй иргэдээс шуудан болон гэрээр нь очиж авах зэрэг арга хэмжээ авсан нь санал өгөлтийн хувийг ихэсгэх бас нэг хүчин зүйл болсон. Бас нэг зүйл нь 19 наснаас өгдөг байсан нь 18 наснаас сонгууль өгөх эрх нээгдсэн нь сонгуулийн насны иргэдийг хувийг нэмэгдүүлсэн.

-Тэдний туршлагыг харж байхад нэр дэвшигчид, намууд сурталчилгаагаа хийхдээ ямар байдлаар хийв, манайд тэдний сонгуулиас авах туршлагууд юу байв?

-Мэдээж гар хүрэх боломжгүй Эрхий хуруугаа гозойлгох бол харилцаж байгааг илэрхийлэх биеийн хэл болсон. Манайхтай маш өөр нь LogoSong  хэмээн нэрлэгдсэн улс төрийн соёл болчихсон сонгуулийн үеийн дуу, бүжиг ашигладаг. Энэ нь 10 бодлого ярьснаас илүү үр дүнтэй хэмээн үзэх тал бий. Нэг ёсондоо тухайн дуу, бүжгээр дамжуулж бодлогоо илэрхийлэх. Үүнд зориулж сонгуулийн үеийн сурталчилгааны дуу зохиоход төлбөрийн хэмжээг хүртэл заасан байдаг. Сонгуулийн сурталчилгааны ашигласан технологи SNS байлаа.

Интернет орчин, утас, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сонгуулийн сурталчилгааг гүйцэтгэсэн. Мэдээж намын дарга нэр дэвшигчид гудамжинд сурталчилгаа хийсэн. Ингэхдээ олон хүн цуглуулахгүй байдлаар зохион байгуулсан.

-Манайд сонгуулийн ирц хүрэх болов уу, ялангуяа тархай бутархай суурин, сонгогчдын идэвх муу энэ үед?

-Хамгийн гол нь төрийн дор амьдарч байхад төрөөс гаргасан шийдвэр таны амьдралд нөлөөлнө гэдгийг ойлгож байгаа бол сонгуульдаа оролцоно. Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой. Ялангуяа ийм эгзэгтэй үед төрийг хянах, хариуцлага тооцох бодит боломжоо орхиж болохгүй. Манайд дотооддоо илрээгүй учир сонгуулийн санал өгөлтийн байр өмнөхтэй нээх хол зөрөхгүй байх. Алсагдмал, өөрийн биеэр ирэх боломжгүй иргэдээс өмнө нь санал авчих нь. Гол нь сонгуулийн ерөнхий хороо сайн ажиллах ёстой.

-Ер нь сонгууль бүрийн өмнө сонгогчдын боловсрол муу, идэвх сул байна гэж ярьдаг. Гэтэл энэ асуудал руу чиглүүлж хийж, хэрэгжүүлж байгаа зүйл алга. Нөгөө талаар сонгуулийн идэвх муу байгаа нь юутай холбоотой вэ?

-Сонгуулийн идэвх сулрах нь сонгуулийн ач холбогдлыг ойлгохгүй байна. Эсвэл ач холбогдолгүй сонгуулийг зохион байгуулж байна гэсэн үг. Иргэдийн идэвх буурдаг нь амьдралтай нь шууд холбоотой. Учир нь сонгуульд иргэд санал өгөхдөө өөрийн санал хүчинтэй байгаасай, эдийн засгийн үр ашиг буюу ялахад нөлөөлсөн байгаасай гэсэн далд ухамсрын үүднээс өгөх нь элбэг. Гэтэл санал өгсөн магадгүй ялуулсан улстөрч нь бодит амьдралд нөлөөлөх зүйлийг хийхгүй бол сонгуулийн сонирхол буурна. Нөгөө талаас сонголтгүй сонгууль, нэр дэвшигчид таалагдахгүй байх. Мөн хариуцлага тооцох механизм байтал тойрог солигдох, сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт зэргээс шалтгаалан 4 жил тутам шинэ сонгууль өгч байгаа мэт төөрөгдөх зэрэг олон шалтгаан байна.

Гол нь заавал сонгуульдаа оролцох хэрэгтэй. Энэ жилийн хуулиар санал өгөх хүн байхгүй дугуйлаагүй буюу цагаан сонголтыг ирц хэмээн тооцох тул ухамсартай хандах хэрэгтэй.

-Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө бүртгүүлчихсэн, сонгуульд оролцох эрхээ авчихлаа. Намууд энэ жил бас л бодлого ярьж байгаа нь цөөн байгаа, ямартай л аудитын шалгалтад бүдэрч, биелэхгүй амлалтууд тусгасан гэж шүүмжлүүлсэн. Нэг үеэ бодвол сонгогчид амлалтаас илүү бодлого нэхдэг болж?

-Олонхиор эрх барьж бодлогоо хэрэгжүүлэх хуулиа баталдаг гэдгийг энэ 30 жил иргэд ойлгосон байх. Нэгдсэн хөгжлийн бодлого байхын тулд нэгдмэл институцийг бий болгох нь зайлшгүй юм. Тэр нь улс төрийн намаас өөр боломжгүй гэдгийг парламентын засаглал өгүүлдэг. Тиймээс бид бодлого ярьдаг, мөрийн хөтөлбөр нь бодит хэрэгжих бодлогыг санал болгож байгааг харах нь зөв.

-Цар тахлын үед бид зардал багатай, төсөр сонгууль хийх боломж харагдаж байна уу. Ингэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороо юу хийх ёстой вэ?

-Үнэн бодитой сурталчилгаа хийх боломжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж олгох. Тэгэхгүй бол сошиал ертөнц арай л буцалж байна. Иргэдийн хувьд итгэл үнэмшил төрүүлэх мэдээллийн сувгийг сонгуулийн кампанит ажлын үед сурталчилгааны зорилгоор хэрэглүүлэх нь зардал багасгах, хэл ам дагуулахгүй байх боломж юм. Гол нь тэгш боломжоор сонгуулийн кампанит ажил явуулах, иргэд тэр олон мөрийн хөтөлбөрүүдийг хооронд харьцуулах боломжийг  СЕХ олгох ёстой байх.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж