Өнгөрсөн Даваа гаригт Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдахдаа эдийн засагт хамааралтай хоёр чухал асуудлыг хөнджээ. Эхнийх нь Тавантолгойн ордын хөрөнгө босгох асуудал, нөгөөх нь цар тахлын үед авах хоёр дахь шатны эдийн засгийн арга хэмжээний хөтөлбөртэй танилцжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг ашиглалтын найман лицензээс Зүүн Цанхийн уурхайн МҮ-011943 дугаартай лицензийг “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани болон байгуулагдах “Эрдэнэс Тавантолгой майнинг” ХХК-д шилжүүлж, тус компанийн хувьцааны 30 хувьд олон улсын хөрөнгийн захаас IPO босгох заалт бүхий тогтоолыг Засгийн газар 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр гаргасан. Тогтоол гарсан огноог харахад ямар нэг юм сэмхэн гүйчихэв үү дээ гэсэн хардлага шууд төрнө.
Цагаан сар, шинэ жил, Үндэсний их барн наадам зэрэг томоохон баярын өмнө нүднээс далд, чихнээс хол байлгах гэсэн шийдвэрүүдээ гаргаж ирсэн уламжлал манай эрх баригчдад байдаг.
296 дугаартэй энэхүү тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн нэртэй юм. Уг тогтоолын Нэгдүгээр заалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулахыг даалгажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулахаар болсон байна. Харин Хоёрдугаар заалтад охин компани байгуулах, IPO гаргах зохицуулалтыг тусгасан. Шинээр байгуулагдах охин компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлж, охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшихээр тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А.Ариунболд нарт үүрэг болгосон. Тогтоолоос хойш нэг сарын дараа “Эрдэнэс Тавантолгой майнинг” ХХК компани байгуулагдаж, захирлаар Х.Наранхүү томилогджээ. Охин компани өнгөрсөн хугацаанд IPO гаргах бэлтгэл ажлыг хийж байсан хэмээн татн буугдах шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярьжээ.
Өнгөрсөн Даваа гаригийн ээлжит бус хуралдаанаар 296 дугаар тогтоолын Хоёрдугаар заалт буюу охин компанитай холбоотой заалтыг бүхэлд нь хүчингүй болгожээ. Ингэснээр Тавантолгойн ордын ашиглалтын талаарх Монголын төрөөс гаргасан гурав дахь удаагийн шийдвэр ийнхүү бүтэлгүйтэв.
Охин компанитай холбоотой заалтыг бүхэлд нь хүчингүй болгохын өмнөх 10-аад хоногт Тавантолгойн уурхайчид болон уурхайчдын ҮЭ эсэргүүцлийн акц хийсэн нь энэхүү шийдвэрийн угтвар байжээ.
Дэлхий даяар халдвар өвчний цах тахал дэгдэж, эдийн засгийн идэвх бүхэлдээ саарсан нь энэхүү шийдвэрт тохирох хамгийн боловсон тайлбар. Гэвч салбарын сайдынх нь “улстөржилтөө даасангүй” гэдэг тайлбар хамгийн бодитой нь. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, Тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын 10 орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна. Би төрийн шийдвэр хэрэгжих, залгамж чанараа хадгалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Коронавирусийн халдвараас үүдэлтэй түүхий эдийн үнэ хөрөнгийн бирж дээр буурсан, эрэлт буурсан гэсэн хүндрэлүүд бий. Вакцин гарсны дараа дэлхийн эдийн засаг сэргэх байх. Үүний дараа Тавантолгойн IPO гарах ажил үргэлжлээд явна гэж бодож байна. IPO хийх нь төрийн өмчит компанийн хувьд хамгийн чухал. Шилэн болж, хариуцлагатай, засаглал сайтай, үнэлгээ сайтай компани болох ёстой юм. Ингэснээр хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох тооцоог гаргасан. Цаашид ч өснө. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хүртэл хувийг 56 тэрбум ам.доллараар үнэлэх тооцоог тухайн үед гаргаж байсан. Тавантолгой хайгуул, нөөц, чанарын хувьд хийх ажил маш их бий” хэмээн хэвлэлд ярьжээ.
Тавантолгойн IPO-г Хонконгийн хөрөнгийн биржээр арилжаалах яриа байсан бөгөөд Хонконгийн Хөрөнгийн биржийн хувьд ч энэ жилийн хувьд манай Тавантолгойн хувьцааг гаргах нь энэ жилийн гол ажлын нэг байсан. Гэвч хэний ч таамаглаагүй халдварт өвчний дэгдэлт олон зүйлийг өөрчлөх шалтаг, шалтгаан боллоо.
ХОЁРДУГААР ШАТНЫ ХӨТӨЛБӨРТ ЮУ БАГТСАН БОЛ?
Эхэнд өгүүлсэнчлэн COVID-19-ийн цар тархалттай холбогдуулан Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээг авах хөтөлбөрийг боловсруулснаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Даваа гаригийн ээлжит бус хуралдааны үеэр танилцуулсан байна. Хоёрдугаар шатны хөтөлбөрт ямар арга хэмжээ багтсан талаар тодорхой мэдээлэл алга байна. Коронавирусийн дэгдэлд дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөн нөлөөлнө, ингэхдээ V хэлбэрийн буюу унаад сэргэнэ гэж үзэж байсан бол нөхцөл байдал ердөө сарын дотор өөрчлөгдөж W хэлбэртэй байх болно гэсэн дүгнэлтйиг хүлээн зөвшөөрч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн уналтыг тэсээд гараад эргээд сэргэж амжаагүй байхад дараагийн уналт ирнэ гэж үзэж байна. Мөн олон улсын худалдааны дэг илүү дотоод зах зээлээ хамгаалсан протекционист бодлого явуулж, глобал гинжин хэлхээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд улс орнууд орно гэж таамаглаж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын авч байгаа эхний шатны багц арга хэмжээ нь түр зуурын хүндрэлийг давахад чиглэсэн гэсэн шүүмжлэл тасралтгүй өрнөж байгаа энэ үед хоёрдугаар шатны хөтөлбөр дотоодын болоод дэлхийн нийтийн нөхцөл байдлыг тусгасан илүү холыг харсан, илүү прагматик байхаас өөр аргагүй болсныг бодолцсон байх болов уу гэж найдаж байна. Эдийн засгийн дотоод нөөц, хүчин чадлаа бүрэн дайчлан, дотооддоо боловсруулж, үйлдвэрлэж болох бүхнийг хийх сонголтын өмнө иржээ.
Холбоотой мэдээ