Шөнийн сурвалжлага: Баарнаас гараад хаачих вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Шөнийн сурвалжлага: Баарнаас гараад хаачих вэ?

Шөнийн сурвалжлага: Баарнаас гараад хаачих вэ?

Хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр хөл хорионы үеэр бар, караокег нээгээд хэдхэн хоног өнгөрч байна. Сургаар нь  “хоригдсон” хотын шөнө “амь орж” бар, караоке залуусын хөлд дарагджээ.

Хөлсний эхүүн үнэр, хөгжмийн нүргээнд амны хаалт зүүх нь бүү хэл тэврэлдэх нь холгүй бүжиглэж буй хүмүүст коронавирусийн аюул огтхон ч хамаагүй бололтой. Үйлчилгээний байгууллагынхан ч бас мөн адил хүний эрүүл мэндийг бодох, ариун цэврийн дэглэм сахих мантай  ашиг олж, алдагдлаа нөхөх нь чухал аж. Үүдээ нээсэн бар, караоке ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөгдөж буй эсэхэд Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн бямба гаригт гэнэтийн шалгалт хийсэн нь энэ юм. Бид ч бас цагдаагийнхантай хамтран хөл хорионы үеэрх хотын шөнийг сурвалжиллаа.

БААР, КАРАОКЕД 1.5-2 МЕТРИЙН ЗАЙ БАРИХ, МАСК ЗҮҮХ ДҮРЭМ ҮЙЛЧИЛСЭНГҮЙ

Даваа гаригийн өмнөх амралтын өдрүүдийг залуус  бэлтгэлийн хувцасаа аваад спорт зааланд өнгөрүүлэхээс илүүтэй бар, цэнгээний газрыг зорих нь их байлаа. Хотын дарга С.Амарсайханы бар, караокег нээх шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдрийн /2020.05.02/ шөнө баасан гаригтай эндүүрмээр автомашины хөдөлгөөн татраагүй, зам дагуу бар караокены үүдэнд хөлчүү залуус, зай завсаргүй эгнэсэн машинтай залуус цуглаж их хот хөл хөдөлгөөнд дарагджээ.

23:00 ЦАГ: Баянгол дүүргийн харьяа X хороолол орчимд үйл ажиллагаа явуулдаг Stella бар. Үйлчилгээний журамдаа амны хаалттай хүнд үйлчилнэ гэж заасан ч зааланд масктай хүн тун ховор. Масктай үйлчлүүлж буй цөөхөн хүний нэг болох Иргэн П.Эрдэнэ-Очир “Залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй. Бар, караокед л найз нөхдөөрөө уулзаж стрессээ тайлж байна. Энд буруу зүйл байхгүй. Өнөөгийн нийгэм хэтэрхий их стресстэй байгааг та нар ч мэднэ. Халдварт өвчин дотроосоо тархаагүй нөхцөлд бар, караокег нээхэд буруу зүйл байхгүй. Гэхдээ маскаа зүүх хэрэгтэй. Харин зай барих ямар ч боломжгүй шүү дээ. Ядахдаа маскаа зүүж эрсдлээс өөрийгөө хамгаалах нь чухал” гэлээ. Түүний хэлснээр бараар үйлчлүүлэхэд халууныг нь хэмжиж  үүдээр нэвтрүүлжээ.

Бүжгийн талбайд 1.5-2 метрийн зай барих гэж хичээсэн хүн ч ховор. Харин зарим хүмүүс, барны хамгаалагч, ажилчид цагдаа харсан даруйдаа маскаа зүүж, бас халааснаас маскаа гаргаж ирсэн бол нөгөө хэсэг нь уурлаж, цагдаагийн үнэмлэх шалгаж байв. Хэдийгээр бар, караокед бүжиглэх, архи согтууруулах ундаа хэрэглэх, шөнөжин бүжиглэх эсэх  нь хувь хүний эрх боловч нөгөө талаас хувь хүний ухамсар, хариуцлагын асуудал ч яригдана. 

Дараа нь тус барнаас гарч хоёр ч пабаар орлоо. МA-I гэх ресторан паб-т ширээ бүр хүнтэй. Ихэнх нь л найз нөхдөөрөө уулзаж, урдаа архи, пиво өржээ. Бас л амны хаалтгүй залуус. Тус газраар найзуудаараа үйлчлүүлж буй иргэн Л.Отгонбат “Хөл хорио тогтоосноос хойш удаан хугацаанд найзуудтайгаа уулзаагүй болохоор өнөөдөр бид уулзаж байна. Маск байгаа. Гэхдээ энд масктай пиво ууж сууна гэдэг хэцүү шүү дээ. Харин зай барих боломжтой. Бид гурвуулаа учраас эрсдэл бага гэж бодож байна. Тэглээ ч цаашид хөл хориог чангаруулбал өнөөдрийнх шиг уулзаж цуглах нь ховор. Хотын дарга С.Амарсайхан бар, караокег нээсэн үед нь амжиж цуглаж байна. Дараа нь хотын дарга шийдвэрээ цуцлахыг хэлж мэдэхгүй шүү дээ” гэлээ. Түүний хэлснээр спорт зааланд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг ч хөл хориог чангаруулж магадгүй гэж үзсэн тул ийнхүү холоос зорьж найзуудтайгаа уулзаж байгаа нь энэ аж. Тус паб, рестораны ажилчид үйлчлүүлэгчдийнхээ халууныг хэмжихээ “мартсан” гэнэ. Цагдааг сануулсан болохоор халуун хэмжигчээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг бүртгэлжүүлнэ гэдгээ учирлав. Мөн тус газрын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Нархан” паб, рестороан нь нийтийн караоке ажиллуулдаг аж. Үйлчүүлэгч цөөн ч 20-30 насны залуус найз нөхдөөрөө цуглажээ.

Караокеных нь микрофон гэхэд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй, залуус ч тоосон шинжгүй микропоноор ээлжлэн дуулцгаана. Амны хаалтаа ширээн дээрээ тавьжээ. Цагдаа нарын бараа харсан даруйдаа микропоноо хааж, маскаа зүүсэн боллоо. Тус газраар үйлчлүүлж буй хэсэг залуусын нэг О.Жавхлантөгс “Хөл хорио тогтоосноос хойш хорио цээрийн дэглэмээ маш сайн сахисан. Гэхдээ залуу хүний хувьд найзуудтайгаа уулзахгүй, гэртээ удаан бүгэх нь уйтгартай. Хотын даргын захирамжаар үйлчилгээний байгууллагуудын цагийг уртасгасныг дэмжиж байна. Биднийг үйлчлүүлэхэд халуун хэмжиж байна билээ. Бас гар ариутгагч өгсөн л дөө. Харин бар, караоке, пабд зай барих ямар ч боломжгүй. Тухайн газрын л зохион байгуулалтын асуудал. Хэрэв үйлчлүүлэгч болон ширээ хоорондын зайг 1.5-2 метрийн зай барих ёстой гэж заасан бол журмыг нь л дагана. Найзуудаараа уулзаж байгаа тохиолдолд зай барих боломжгүй” гэлээ.

Тус газраар үйлчлүүлж буй залуусын хувьд бусад үйлчилгээний байгууллагатай харьцуулахад ариун цэврийн орчин хангалтгүй гэх үнэлгээг өгч байв. Харин “Нархан” пабын зүгээс үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, маск зүү гэсэн шаардлага тавьсан гэхээс өөр тайлбар өгсөнгүй.

БАР, КАРАОКЕД ЗАЛУУС ДУГААРЛАЖ, БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЛЭЭ 

23: 35 ЦАГ:  Баянгол дүүргийн харьяа гурав, дөрөвдүгээр хорооллын нутаг “Өргөө” кино театрын ойролцоох “ZIPPO” караокед бас л өрөө бүр 3-4 хүнтэй байв. Маскгүй үйлчлүүлэгчид архи, пиво ширээн дээр эгнүүлэн өрж, бас л зай барих нь бүүхэл тэврэлдэх шахам сууж буй дүр зураг угтав. Цагдаа харсан даруйдаа л амны хаалтаа зүүсэн дүр эсгэнэ. Зарим нь эрүүн дороо тохчихоод маск зүүсэн гэж бардамнана. Үйлчлүүлэгчдийн зүгээс тухайн караоке нь халуун хэмжээгүй, дээр нь гар ариутгагч ч байхгүй, ариун цэврийн орчин тааруу хэмээн шүүмжилж байв. Ядахдаа микропондоо хамгаалах хэрэгслийн ямар ч арга хэмжээ аваагүй байлаа. Тоотой хэдэн өрөөний микропоныг л даавуугаар бүрсэн байх бөгөөд цагдаа нар шаардлага хангахгүй гэж үзэв. Тус газрын зүгээс ямар нэгэн тайлбар өгөхөөс эрс татгалзсан юм.

ГЭРТЭЭ ХАРИХ БОДОЛ АЛГА

00:00 ЦАГ: Баянгол дүүргийн харьяа, гурав, дөрөвдүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг TIRE бар бүх үйлчлүүлэгчдээ гаргаж, үүдээ хаажээ. Баар хаагдсан ч гэр гэрлүүгээ харих бодол залууст алга. Гэнэт хөөгдсөн залуус “одоо хаачих уу”, “онгорхой бар байна уу”, “Үргэлжлүүлэх үү” хэмээн хоорондоо ярих нь нийтлэг. Тэнд цугласан залуус дунд насанд хүрээгүй хүүхдүүд ч байв. Зуны орой шиг нимгэн хувцасласан охид, залуус архины ааганд хавирга нэвтлэм хаврын шөнийн жиндүү хүйтнийг үл тооно. Бас л амны хаалтгүй. Тамхи зууж, шүлсээ үсчүүлнэ. Зай завсаргүй эгнэсэн машинд олуулаа чихэлдсэн охид, залуус хөгжмөө чарлуулна. Энэ хэсэгт түгжрэл үүсч, бухимдсан зарим нь сигналаа орилуулна. Хөлчүү нэг нь танхайрч нэгийгээ гэмтээхэд ч бэлэн зодолдох нь энүүхэнд. Энэ бүхнийг эргүүлийн хоёр цагдаа хүчрэхгүй нь ойлгомжтой байв. Дахин хоёр цагдаа ирж хөл дээрээ тогтож ядсан залуусыг дамжлан “Ууж идсэн бол одоо гэр лүүгээ харьцгаа л даа та нар” гэж гуйх, шаардах хоёрыг хослуулна. Барны ажилчдад ч бас залуусыг тараа гэж шаардлага тавилаа. Хэсэг хугацааны дараа залуус тарж нам гүм болов.

00:35 ЦАГ: Хаалгаа барих ёстой ч гаднаасаа үүдээ цоожилж, хүн оруулахгүй байхад л мэдэгдэхгүй гэсэн “гэнэн” бодлоор зарим бар цаг хэтрүүлэн ажиллаж байлаа. Ахуй үйлчилгээний орчимд байрлах нэгэн бар хаалгаа тас цоочилчихсон атлаа хөгжмийн нүргээн, анивчих гэрэл нь тус газрыг илчилж байв. Тиймээс тус барыг хаалгаа барьж, хүмүүсээ тараах шаардлагыг цагдаа нар өгөв.Хөлчүү залуус маск бүүхэл зай барилгүй бүжиглэж байгаа нь цар тахлын эрсдэл огт хамаагүй болоогүй бололтой. Уг нь хотын дарга С.Амарсайханы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн нэгд зааснаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг 07-00:00 цаг хэмээн тодорхой заасан ч эл шийдвэрийг үл тоож өглөөний 07:00 цаг хүртэл ажилладаг бар, караоке олон гэдгийг цагдаа нар хэлж байв.

Гудамж, талбайд зам дагуу бар, караоке хайсан хүмүүс маскгүй, тэврэлдсэн, нэг дороо бөөгнөрч “Хаачих уу” гэж нэг, нэгийгээ ээрэх нь түгээмэл. Хотын дарга С.Амарсайхан бар, караокены үйл ажиллагааг нээх шийдвэр гаргаснаар согтуугийн, танхайн дуудлага эрс нэмэгдсэн гэж  эргүүлийн цагдаа нар хэллээ.

СОГТУУ  ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ХҮЛЭЭЖ АВАХ ТЭНХЭЛ АЛГА

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн эргүүлийн цагдаа Д.МӨНХБАЯР: 

-Хотын дарга С.Амарсайханы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар бар,караокены газруудын үйл ажиллагааг нээсэн. Согтууруулах ундаагаар үйлчилдэг шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлж буй хүмүүс их байна. Хөл хөдөлгөөн орой 22:00 цагаас ихэссэн. Өнөө шөнө ачаалал ихтэй хонож байна даа. Бар, караоке нээгдлээ, согтуу хүмүүс хоорондоо зодолдсон гэх мэтчилэн дуудлага нэг цэгт дөрөв, таваар давхардаж ирж байна.

Согтуу хүмүүст шаардлага хүлээж авах тэнхэл ч алга. Хэлээд ч нэмэргүй, үр дүнгүй. “Тарцгаа” гэх шаардлага тавьдаг ч залууст үүнийг хүлээж авах ухамсаргүй болсон. Архидалт залуужиж, танхайгийн, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ихэссэн. Бар, караокег нээхээс өмнө нь ч ахуйн дуудлага их, гэр орондоо архидан согтуурсан дуудлага нэмэгдэж байсан. Одоо бар, цэнгээний газруудыг нээхээр гудамжинд үйлдэгдэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл дийлддэггүй. Ер нь бар, караокеноос гарч танхайрсан согтуу хүмүүс гэртээ очоод хүчирхийлэл үйлддэг. Бид дуудлагаас дуудлагын хооронд л шилжиж ажилласаар өглөө нэг мэдэхэд ээлжээ хүлээлгэн өгөх болсон байдаг.


ШАГИЙН АРХИ, ТАНХАЙ ЗАЛУУСААР ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ДҮҮРЭВ

01:00 ЦАГ: Хорооллын эцэст байрлах Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугар хэлтсийн өрөө дүүрч, согтуу хүмүүс “би яагаач үгүй”, “би гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна, энэ хүнээс болж гэмтлээ”, “Та нар намайг яаж ч чадахгүй шүү би Монголын Алт компанид” ажилладаг гэх зэргээр орилолдоно. Ёстой л хөл гишгэх зай олдсонгүй. Тус хэлтэст согтуурч танхайрсан, шагийн архи дамласан, гудамжинд танхайрсан, архидан согтуурсан үедээ бусадтай маргалдаж цусаа урсгаад цөс нь хөөрсөн хүмүүс ч цөөнгүй. Нэг эмэгтэй чихээ сэтлүүлчихсэн, нөгөө нэг нь  толгой, гар хоёр нь цус болсныг тоож байгаа  ч юм алга. Бар, цэнгээний газруудыг нээснээс хойш цагдаагийн байгууллагынхны ачаалал эрс нэмэгдснийг тус хэлтэст тавхан минут саатахад л хэнд ч ойлгомжтой.

Дараа нь насанд хүрээгүй хүүхдүүд архи дамлаж байгаад баригдсан тухай дуудлагын мөрөөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээр дайрлаа. Фэйсбүүкээр 17-19 насны гурван хүү дуудлагаар архи дамлаж байгаад саатуулагджээ. Тэдний хэлснээр анх удаа шагийн архи борлуулах гэж байгаад бүтэлгүйтсэн гэнэ.

“БИ ЯАГАА Ч ҮГҮЙ”

Бар цэнгээний газруудыг нээснээр Эрүүлжүүлэх байрнууд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Ганцхан жишээ татахад, Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэсийн Эрүүлжүүлэх байранд гэхэд нэг өрөөнд 5-10 орчим хүн саатуулагджээ. Согтуурч танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх мэт олон шалтгаанаар саатуулагдаж, архи нь гараагүй хүмүүс “Хөөе цагдаа намайг гарга” гэж орилолдох нь энүүхэнд. Эрүүлжүүлэх байрт таван цагдаа, нэг эмчтэй ээлжээр ажилладаг байна. Цагдаа нарын хэлснээр эрүүлжүүлэхт саатуулагдсан хүмүүс бүгд л “би яагаач үгүй” гэсэн шалтгаантай боловч  ихэнх нь архидалт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдаг аж.

АРХИДАЛТ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ЗАЛУУЖСАН

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Ахлах байцаагч Г.АМАРЖАРГАЛ: 

– Хотын дарга С.Амарсайханы захирамжаар бар, караокег нээснээр дуудлага хоёр дахин нэмэгдээд байна. Коронавирусийн халдвар бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжчихээд байхад Эрүүлжүүлэх байр 30-40 хүнтэй хонодог. Энэ нь хүн амын нягтаршилтай холбоотой.  Ер нь хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор хүмүүсийн хандлага асар их өөрчлөгдсөн. Бүгд л хууль ярьдаг болсон. Архи, дарсаа хаана уухыг та нараар заалгахгүй л гэдэг. Согтуу хүмүүсийн араншин хэцүү. Эрүүлжүүлэх байрт “Би яагаа ч үгүй” гэсэн шалтгаантай хүмүүс саатуулагддаг. Ихэнх нь 20-50 хүртэлх насны хүмүүс. Ахимаг насныхан араншин гайгүй, залуус танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаар Эрүүлжүүлэх байрт хонох нь ихэссэн. Ерөнхийдөө архидалт, гэр бүлийн хүчирхийлэл залуужсан. Ихэвчлэн 20-30 насны залуус архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэлээ.

БАР , КАРАОКЕ АШИГАА БОДОЖ, ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖЫГ ЗӨРЧИВ

Эдийн засгийг дэмжих, ажилгүйдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Хотын дарга С.Амарсайхан согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэн ч ихэнх нь ариун цэвэр сахиагүй, олон хүн нэг дор бөөгнүүлсэн, цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчил гаргасныг дээрхээс харж болно. Хотын даргын шийдвэрийг үл тоож, зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

ЗӨРЧИЛ ГАРГАСАН АЖ АХУЙ НЭГЖИЙГ 1.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Нийслэлийн цагдаагийн удирдах  газрын Цагдаагийн хошууч Б.ДЭЛГЭРХАНГАЙ: 

-Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн тавд зааснаар архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд нь үйлчлүүлэгч болон биеийн халууныг шалгаж оруулах, гарыг тогтмол ариутгах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийж, иргэд үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр цагийн болон хоорондын зайг зохицуулах зэргээр мэргэжлийн байгууллагуудын гаргасан зөвлөмж шаардлагыг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар үүдээ нээсэн караокенууд микропонд хамгаалах хэрэгсэл бэлдээгүй, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжээгүй, зай бариагүй зэрэг зөрчил илэрлээ. Энэ нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчиж буй үйлдэл юм. Мөн цаг хэтрүүлэн ажилласан зөрчил илэрч, шаардлага тавьж хаалгахад маскгүй согтуу хүмүүс их байна.  

Эдгээр зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр иргэнийг 150 мянган төгрөг, хуулийн этгээдийг нэг сая 500 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу арга хэмжээ авна. Илэрсэн зөрчлүүдэд тухай бүрт арга хэмжээ авлаа гэлээ.

Нэг л хүний хариуцлагагүй үйлдлээс болж нийтийн эрх ашиг хөндөгдөж мэдэхээр эгзэгтэй цаг үед бар, цэнгээний газруудыг нээснээр залуус маскгүй зугаалж, нэг дор бөөгнөрсөн нь цар тахлаас сэргийлж ажиллаж буй олон хүний хичээл зүтгэлийг үгүй болгож мэдэх эрсдэл дагуулав. Иймд Улсын онцгой комиссын Шуурхай штабаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газруудын цагийг хуваарийг өмнөхөөр нь буюу 07:00-22:00 цаг хүртэл үйлчлэх саналыг Хотын дарга С.Амарсайханд хүргүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэдэг нийт 9244 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг нээгээд хаасан нь зөв үү?

61.87%
38.13%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж