Иргэн Б Улаанбаатар хотод байрлах, байнга үйлчлүүлдэг нэгэн шатахуун түгээх станцаас хотоос зайдуухан гарна хэмээн тооцоолж, 30 литр АИ-92 бензин авчээ. Харамсалтай нь, 10 ч хүрэхгүй километр зам туулсны дараа машин нь унтарч, засварчин дуудаж үзүүлэхэд бензин насос нь эвдэрсэн байжээ. Засварчдаас чанаргүй бензинээс болж автомашины бензин насос шатаж, эвдрэхэд хүрдэгийг сонссон иргэн Б Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан тус шатахуун түгээх станцын түгээж буй шатахуун чанарын шаардлага хангаж буй эсэхийг тогтоож өгөхийг хүссэн байна.
Тус газарт иргэдээс шатахуун борлуулдаг компаниуд бензинээ дутуу шахдаг, чанаргүй бензин худалдан борлуулж байгаа, тухайлбал шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр хямдарсанаас хойш АИ-92 бензин шахаж буй эсэхэд эргэлзсэн энэ мэт гомдол ихээр ирэх болсон байна. Тиймээс шатахууны компаниуд үнийн дүндээ таарсан шатахуун олгож байна уу гэдгээс эхлээд жижиглэнгээр борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн бензиний чанарт лабораторийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд шалгалтын хариу хараахан гараагүй байгаа аж.
Шатахууны чанартай холбоотой зөрчлийн маргаан ч шүүх хяналтын байгууллагаар цөөнгүй шийдвэрлэгдэж буй юм байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “С-О” ХХК-ийн гомдолтой, ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал ШӨХТГ-ын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт болон бусад баримтуудаар “С-О” ХХК-ийн ШТС-4 салбараар борлуулж байсан АИ-92 автобензиний октан тоо 91.2±0.03, марганецийн агууламж 0.7±0.01 мг/дм3 хэмжээтэй байсан нь нотлогджээ. Мөн 92-оос багагүй байхаар, марганецийн агууламж 0,25 мг/дм3-аас бага бол “байхгүй” гэж үзэх тусгай шаардлага, стандартыг зөрчсөнийг тогтоосон байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр “С-О” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах ШТС-4 салбарын түгээгүүрээс АИ-92 автобензиний дээж авчээ. Мөн холбогдох байгууллагуудын шалгалтаар автобензиний октаны тоо 90.1-91.9 буюу дунджаар 91 гэж тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй байна.
Иймд шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаагүй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ