Тавантолгойн ногдол ашиг эдийн засагт эргэлт болно

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ногдол ашиг эдийн засагт эргэлт болно

Тавантолгойн ногдол ашиг эдийн засагт эргэлт болно

Дэлхийг айдаст автуулсан цар тахал улс орнуудын эдийн засагт хүндээр тусч буй энэ цагт Монгол Улсын Засгийн газар цаг үеэ олсон зөв шийдвэр гаргалаа хэмээн иргэд ам сайтай байна. Жинхэнэ эзэд нь байгалийн баялгийнхаа өгөөжийг анх удаа ногдол ашгаар хүртэж буй нь түүхэн үйл явдал юм.

Цар тахлын үед иргэдийн орлого хумигдаж, байрны зээл, түрээсийн төлбөрөө төлж дийлэхгүйд хүрч, амьдралын боломж тааруу нэг нь өлөн зөлмөн өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж буй нь бодит үнэн. Энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь иргэдийн худалдан авалтаар дамжин эргээд манай эдийн засагт, ялангуяа бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт богино хугацаанд ч гэсэн тодорхой хэмжээний бодитой нөлөө үзүүлнэ хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Засгийн энэ шийдвэрийн бас нэг үр өгөөж нь иргэд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болж байгаад буй юм.

Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой, нэг их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй гарснаа тайлагнасан билээ. Тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаагийн мэдээлснээр, иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсноос 2.036.000 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” мэдээллийн төв байгуулагдаж, иргэдэд дансаа нээлгэхэд нь тусалж, мэдээллээр ханган шуурхай ажилласны гавьяа.

Өнөөдрийн байдлаар Монголд брокерын 60 орчим компани үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй юм. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын 1-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийж эхэлсэн таатай мэдээг бид өмнө нь хүргэсэн билээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Гааль, татвар, санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалт хийжээ. Ямартаа ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч хэнд ч хувьцааны ногдол ашгаасаа хүртэхгүй үлдэх эрсдэл үгүй юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК-д байрлах иргэдийн үнэт цаасны дансаар дамжуулан тараах тухай мэдэгдсэн. Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй юм.

Иргэн та Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй юм. Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдана.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй юм. Гагцхүү хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй.  “Чамлахаар чанга атга” гэдэг. Хувьцааны ногдол ашиг бага байна, түүнээс ч илүүг хүртэх ёстой гэж үзэх хүн цөөнгүй. Гэвч алхам алхмаар урагшилж, хувьцааны ногдол ашиг чамлахааргүй хэмжээнд хүрч нэмэгдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Сүүлийн хэдэн жилүүдэд дотоод, гадаадын зах зээл дээр IPO гаргана гэж тооцож байсан Засгийн газрын шийдэл талаар өнгөрсөн. Тэгэхээр бид ирэх жил ногдол ашиг авна гэдэг "бүрхэг" болж буй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж