Франц улсад коронавирусийн халдварын эсрэг зарласан эрүүл мэндийн онц байдлыг долдугаар сарын 24-ийг хүртэл сунгажээ. Францад анх өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд халдвар тархалтыг зогсоох зорилгоор онц байдал тогтоосон юм. Шийдвэрийг Францын Эрүүл мэндийн сайд Оливиер Веран өчигдөр /2020.05.02/ сайд нарын зөвлөлтэй хийсэн уулзалтын дараа танилцуулжээ.
Өмнө нь Францын албаныхан тавдугаар сарын 11-ээс эхлэн зарим нэг хориг хязгаарлалтыг цуцалж, зөөлрүүлэх тухай мэдээлж байв. Улмаар олон долоо хоног хаагдсан сургууль, бизнесийн үйл ажиллагаа дахин эхлэх хүлээлттэй байсан аж. Гэхдээ Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хэлэхдээ онц байдлыг цуцалсан ч иргэдийн өдөр тутмын амьдрал эргэн хэвийн байдалдаа ортол хугацаа шаардагдахыг анхааруулж байв.
Европ даяар халдварын тоо 1.5 саяыг давсан ч зарим улс орнууд хатуу хязгаарлалт, хоригоо зөөлрүүлж эхэлсэн юм. Тухайлбал, Италид маргаашаас эхлэн иргэд гадна талбайд дасгал хөдөлгөөн хийх, ойролцоох хамаатан садныдаа зочлох зэргийг зөвшөөрөх аж. Түүнчлэн жижиглэн худалдаа, соёлын дурсгалт газрууд тавдугаар сарын дундаас эхлэн нээж, бар, ресторануудыг зургадугаар сарын 1-нд нээхээр төлөвлөжээ.
Испанид өчигдрөөс иргэдийг гадаа гарч, дагсал хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн бол Германд өнгөрсөн Баасан гаригаас эхлэн тоглоомын талбайнуудыг нээжээ. Германы сургуулиуд ирэх долоо хоногоос эхлэн хэсэгчлэн нээгдэх гэнэ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ