Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгов. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоод болон олон улсын зах зээлд IPO гаргах эрхгүй болсон юм.
Мөн лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ, БНСУ-д суух Элчин сайдад хоёр хүнийг дэмжихийн зэрэгцээ, хэд хэдэн хүмүүсийн томилгоог хийв. Тодруулбал, БНХАУ-д суух Элчин сайдад ОБЕГ-ын дарга Т.Бадралыг томилох, БНСУ-д суух Элчин сайдад Н.Эрдэнэтуяаг томилох асуудлыг дэмжсэн юм. Н.Эрдэнэтуяа нь өнөөдөр БНСУ-д суугаа Элчин сайдын яамд Элчин зөвлөхийн албан тушаалыг хашиж байна. Дээрх хоёр эрхмийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Элчин сайдад томилох юм.
Мөн ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд М.Баярмагнайг томилов. Тэрбээр 2019 оны зургадугаар сараас ЗГХЭГ-ын гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.
Үүний зэрэгцээ, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнийг ямар шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эсэх тодорхойгүй байна. Тэрбээр 2016 оны есдүгээр сард тус албан тушаал томилогдсон ажээ.
ТУСГАЙ ҮҮРГИЙН ГУРВАН НИСЛЭГЭЭР 807 ИРГЭНЭЭ АВЧИРАВ
Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын тусгай үүргийн гурван онгоц нисгэж, 20 гаруй орноос 807 иргэнээ татан авлаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоц БНСУ руу нисч, тус улсад транзитаар ирсэн иргэдийг авчирсан юм. Харин тавдугаар сарын 1-д БНСУ-д сурч, амьдардаг монгол иргэдээ авчирсан бол Тавдугаар сарын 2-нд ХБНГУ руу нислэг үйлдсэн билээ.
Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ дэлхийн 35 орноос 9900 гаруй иргэн тавиад байгаа бөгөөд Монгол Улс тусгаарлах байр, нислэгийн бэлэн байдлаа хангасны үндсэн дээр дараа дараагийн нислэгээ хийнэ гэдгийг иргэдэд анхааруулж байгаа ажээ.
Мөн хоёрдугаар сарын 1-нээс хойш Монгол Улс нийтдээ 4300 гаруй иргэнээ татан авсан. Эдгээр иргэдийн 2195 буюу 1.7 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд орсон. Эндээс 60 иргэн нийт 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллэсэн ажээ.
МҮХАҮТ "АЖЛЫН БАЙРЫГ ХАМГААЛЬЯ" АКЦ ЗОХИОН БАЙГУУЛЖ, НИЙСЛЭЛ ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭВ
Монгол Улс Covid-19 вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан ч спорт заал, бүжгийн клуб болон согтууруулах ундаа зарж борлуулдаг газар болон түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагааг тавдугаар сарын 1-ээс нээлээ. Мөн шашин сүмийн байгууллагууд дотооддоо үйл ажиллагаа явуулж болно гэсэн үндэслэлээр нээгдэж байгаа ажээ. Харин сургалтын төвүүд энэхүү захирамжид хамаарахгүй юм.
Үүний зэрэгцээ Монгол Улсын их хурал цар тахлын үед эдийн засгийн арга хэмжээг унагаачихгүйн тулд тодорхой арга хэмжээ авч, энэ хүрээнд цар тахлын тухай хуулийг батлаад байгаа билээ. Гэхдээ энэ хангалтгүй, аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг болж чадахгүй байгаа гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдэж, тавдугаар сарын нэгний өдөр жагсаал зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд эзэндээ орхигдсон, эзнээ хүлээсэн багаж хэрэгслүүдийг байршуулжээ. МҮХАҮТ-аас гаргасан мэдээллээр өнөөдөр 50 орчим мянган иргэн ажлын байргүй болжээ.
Иймээс цар тахлаас эдийн засгаа аврах арга хэмжээг цаашид зөв хэрэгжүүлэхгүй бол ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр ядуурал улам газар авна хэмээн үзлээ.
Вирусийн хор хөнөөлөөс илүү эдийн засгийн хор хөнөөл нь гүн гүнзгий хямрал үүсгэдэг. Одоо зөв тооцоо хийн хувийн хэвшлийг төр бодитоор дэмжих хэрэгтэй байна. Хамтдаа эдийн засгийн хямралаа даван туулцгаая гэж МҮХАҮТ-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдэд уриаллаа. Засгийн газарт тавьж байгаа шаардлагад ажлын байрыг хамгаалах, зээлийн нөхцлийг хөнгөвчлөх, 2020 оны төсөвт тодотгол хийж, үргүй зардлыг танан, хувийн хэвшлийг дэмжсэн бодит ажлыг зохион байгуулах саналыг тусгажээ.
Холбоотой мэдээ