"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ. Тодруулбал, үнэт цаасны данс нь баталгаажсан 300 гаруй мянган иргэний данс руу мөнгө нь шилжиж эхэлсэн байна. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн албаны менежер Э.Баатарцогт “Иргэдийн данс руу өнөөдрөөс эхлээд орж эхэлсэн. Данс нь баталгаажсан иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгө нь орж байна. Баталгаажсан данс гэдэг нь Брокерын компанид нээлгэсэн дансыг хэлж байгаа юм. Иргэдийн данс руу мөнгө орохдоо Монголбанкнаас багц гүйлгээ хийгдэж, тухайн иргэний харилцдаг банканд шилжинэ” гэсэн тайлбар өгч байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлснээр ирэх Даваа гариг гэхэд ногдол ашиг тараах ажил бүрэн жигдэрч дуусах аж. Өнөөдрийн байдлаар 2 сая 36 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд үүнээс ердөө 300 мянган иргэн нь банкны дансаа хувьцааны данстайгаа холбожээ. Иймээс банкны дансаа холбоогүй иргэдэд ногдол ашгийг нь НӨАТ-ын буцаан олголтоо авдаг дансаар нь шилжүүлэхээр ярилцаж тохирсон байна. Иргэдийн хувьд ногдол ашгийг олгохдоо нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн ба 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг авах бол 750 ширхэг хувьцаатай иргэн 67.500 төгрөг авах юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ