“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал” сэдэвт семинар боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал” сэдэвт семинар боллоо

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүдэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний арга зүй эзэмшүүлэх “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал”  сэдвээр семинар зохион байгууллаа.

Гэр бүл салалтын улмаас хүүхэд хохирч, эцэг эх нь үр хүүхэддээ тавих анхаарал халамж муудах, хүүхдээ авч үлдсэн гурван хүн тутмын хоёрт нь хариуцлага ачаалал нэмэгдэж, хүүхдийн сурлага хүмүүжил муудах, гэр бүлийн хүчирхийлэл ихсэх, гэр бүлийн үүрэг хариуцлага суларч байгаа зэрэг нь судалгаагаар нотлогдсон байна. Мөн гэр бүлээ цуцлуулсан өрхийн 70.0 хувь нь 0-15 насны дунджаар 2-3 хүүхэдтэй байдгыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд илүү дөт, зардал багатай, үр дүн сайтай гэж дэлхийн олон орон үзэж, эрх зүйн тогтолцоондоо өөр өөрийн онцлогтойгоор нэвтрүүлж эхэлжээ.

Энэ үйл ажиллагаа нь хурдан шуурхай, зардал бага, нууцлалын өндөр түвшинд явагддаг, сайн дурын үндсэн дээр хэрэгждэг гээд маш олон давуу талтай юм байна. Шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа эв эвийн аргаар шийдвэрлэх гарцыг өөрсдөө олж, шүүхээр баталгаажуулснаар иргэний хэргийн ачаалал төдий чинээ багасадаг байна. Эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монголд бий болгох ажлыг Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллага дэмжин ажиллаж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж