Гэнэт хачин жигтэй, дуулиантай жиргэдгээрээ алдартай АНУ-ын тэрбумтан, бизнесмен Илон Маск өчигдөр /2020.05.01/ өөрийн твиттер хуудастаа компанийх нь хувьцааны ханш хэт өндөр байгаа тухай жиргэсний дараа “Tesla”-гийн хувьцааны ханш 9,3 хувиар унажээ.
Тэрбээр жиргээндээ өөрийгөө материаллаг зүйлээс их хамааралтай нэгэн болсноо, энэ амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөр төлөвлөж буй тухайгаа, мөн компанийх нь хувьцаа хэт өндөр ханштай байгаа талаар бичсэн байв. Материаллаг байдлаасаа салахын тулд эхлээд бүх биет хөрөнгөө зарах төлөвлөгөөтэй байгаагаа бичсэн байжээ.
Түүнчлэн үл хөдлөхүүдээ зарах тухай ярихад хөл хүнд найз бүсгүй Граймс нь ундууцсан тухай жиргээндээ дурдсан байна. Илон Маск нийт 100 гаруй сая ам.долларын өртөг бүхий долоон том үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэх мэдээлэл бий.
Өмнө нь 2018 онд тэрбээр “Tesla”-гийн хувьцааг нэг бүрийг нь 420 ам.доллараар худалдан аваад хаалттай компани болгох тухай жиргэж, АНУ-ын Үнэт Цаасны Арилжааны Хороо түүнийг хууль зөрчсөн гэж үзээд 20 сая ам.доллараар торгож байв. Мөн саяхан АНУ даяар хөл хорио тогтоосныг фашист арга барил, хүний эрхийг зөрчиж байна хэмээн жиргэсэн нь дуулиан тарьсан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ