“Хувьсгал болж л таараа"

Хуучирсан мэдээ: 2020.05.02-нд нийтлэгдсэн

“Хувьсгал болж л таараа"

“Хувьсгал болж л таараа"

”Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна


Э.БАТ-ҮҮЛ: МИНИЙ МЭДЭХ АРДЧИЛСАН НАМ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ Л НАМ БОЛЖЭЭ

Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлээд байгаа юм.

-Та 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших нь. Энэ тухайгаа “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө” гэж тодотгосон нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг илтэд хууль бус үндэслэлээр цагдан хорьсон явдал намайг ийм алхам хийхэд хүргэсэн. Энэ хэрэг явдлын ард З.Энхболд байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Бидний хэсэг нөхөд санаа нийлэн “Монголын ардчиллын эсрэг гэмт хэргийг шалган тогтоож бүртгэх” ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ шугамаар цаашдаа баримт цуглуулж шалгана. Ардчиллын эсрэг үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй. Ардчилсан намыг өнөөдөр бараг З.Энхболд удирдаж байна гэхэд хилсдэхгүй болсныг түүний удаа дараагийн мэдэгдлээс харж болно.

-Яагаад заавал бие дааж нэр дэвшихээр болов?

-З.Энхболдыг манай нам нэр дэвшүүлж байгаа бол би тэндээс нэр дэвших боломжгүй.

-Шалтгаан нь зөвхөн АН-ын даргын зөвлөх З.Энхболдтой шууд холбоотой гэж үү?

-Би сая хэллээ. Дахин хэлэхэд З.Энхболд бид хоёр нэг намаас нэр дэвших боломжгүй. Ардчилсан нам ардчиллаа хамгаалан тэмцэхэд хойрго байгаа нь намайг гайхашруулж байгаа.

-З.Энхболдыг “амлаж” авсан нь Ардчилсан намынхаа эсрэг өрсөлдөж байгаатай адилхан  биш үү?

-3.Энхболд Ардчилсан нам болчихсон юм бол тэгэж байгаа л гэсэн үг боллоо. Чиний асуултаас харахад чи ч бас З.Энхболдыг манай намтай адилтгаад байна.

-Сүүлд таныг З.Энхболд “Тавантолгойг MCS Шиньхуад үнэгүй өгөөгүйн хонзон авах юм биз дээ гэж” хариу бичсэн. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хүн гүтгэх нь түүний хийдэг ажил болоод байгаа. Намайг удахгүй Тавантолгойтой холбогдуулан хэрэг зохиож шүүхээрээ цагдан хорих гэж байгаа юм байлгүй. Тэр чадна л даа. Гэхдээ, хичнээн хорон тайган шиг байлаа гээд намайг түүнээс айна гэж бодож байгаа бол эндүүрэл.

-Сонгуулийн өмнөхөн З.Энхболд АН-ын дотоод ажилд оролцож эхэлсэн нь АН-ыг дахиад сонгуульд ялагдуулах вий гэж шүүмжилж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-З.Энхболд Ардчилсан намын сонгуулийг удирдаж байгаа юм бол ялагдаж л таараа.

Ш.АДЪЯАМАА
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"ЦАР ТАХАЛ БИДНЭЭС ТААМАГЛААГҮЙ ЭРСДЭЛИЙГ ШААРДАНА"

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн бодлогын тэнхмийн эрхлэгч Л.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн эдийн засаг гэдэг нь чухам ямар ойлголтыг хэлж байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Эрүүл мэндийн эдийн засаг гэдэг бол эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй эдийн засгийн нөөцийг яаж үр дүнтэй ашиглах, хуваарилах, эрүүл мэндийн зах зээл, хэрэглэгчийн зан үйлтэй холбоотой эдийн засгийн шинжлэх ухааны салбар юм. Тодруулбал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ хийх, бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, эмчилгээнд хэрэглэх эм, эсвэл вакцины зардал, үр дүнг судлах зэргээр шинжлэх ухааны нотолгоог бүрдүүлж салбарын хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилах боломж бүрдүүлнэ.

-Covid-19 вирусийн цар тахал эрчимтэй дэгдэж байгаа энэ үед Монгол Улс төдийгүй дэлхийн нийт энэ ойлголт, мэргэжил хэрэгтэй гэдгийг илүүтэй ойлгож байх шиг?

-Цар тахлын гол аюул нь бидний таамаглаагүй их санхүүгийн эрсдэлийг даах, үүрэхийг шаардаж байна. Covid-19-ийн гол аюул бол вакцин байхгүйд л асуудал байна. Үүний зэрэгцээ, энэ вирус дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг дээд зэргээр шалгаж байна гэж ДЭМБ мэдээлж байна. Өнөөдрийг хүртэл манай улс цар тахлын үеийн олон улсын дэглэмийг сайн мөрдөж ажиллаж байгаагийн ачаар халдварын тархалт багатай байна. Хэрэв халдварын тархалт нэмэгдвэл улсын эдийн засагт хэдий хэмжээний томоохон дарамт үүсэх нь ойлгомжтой. Иймд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зардал өвчилсний дараа гарах зардлаас хэд дахин хямд байж болохыг иргэд маань ч бас ойлгож эхэлж байна. Дэлхий нийтийг хамарсан энэ хүнд нөхцөлд нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлж байна гэж бодож байна.

-Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хэр хангагдсан гэж та харж байна бэ?

-Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх асуудлыг хүчтэй ярьж байна. Үүний зэрэгцээ салбарын хэмжээнд нөөц, чадамж гэдэг асуудлыг ДЭМБ чухалчилж үзэхийг улс орнуудад анхааруулж байна. Олон улсын сэтгүүлд 2016 онд судлаач М.Наранпүрэв нарын нийтлүүлсэн өгүүлэлд нь дурдсанаар, манай улс эрчимт эмчилгээний орны 30 орчим хувь нь орон нутагт байна гэжээ. Тэгэхээр орон нутагт байгаа эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, техник, технологийн чадамжийг сайжруулах, жишээлбэл, коронавирусийн эмчилгээнд шаардагддаг амьсгалын аппаратаар хангах асуудал хөндөгдөж байна. Гэтэл стандартын дагуу улсын хэмжээнд байгаа эрчимт эмчилгээний оронд хангалттай тооны амьсгалын аппарат байхгүй, тоноглогдсон орны тоо хангалтгүй байна.

Э.УРАНЦЭЦЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Н.ЦЭДЭНБАЛ: ЧИ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР БАГААС ГАР, БАЙРАА ӨГ ГЭСЭН

Монголын Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, 2018 оны "Алтан бөмбөг" шагналын эзэн, “Эрчим” клубын тамирчин, Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбооны ерөнхийлөгч Норжмоогийн Цэдэнбалтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа "Улаанбаатар Сити" клуб болон таны хооронд үүссэн асуудлаас эхэлье гэж бодлоо. Энэхүү асуудлаас л улбаалан тоглогчдын холбоо байгуулахаар шийдсэн байх.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие “Улаанбаатар Сити” клубт элсээд, гурав дахь жилдээ тоглож байсан боловч клубтэйгээ асуудалтай болсон. Энэхүү асуудал нь юунаас болов гэхээр анх өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд “Улаанбаатар Сити” клуб Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр бэлтгэл хийж байсан юм. Тухайн үед багийн ахлах дасгалжуулагч, серб мэргэжилтэн Вояхан Брасулич “Бэлтгэл хийхэд хүн дутаад, 1-2 хүн хэрэгтэй байна” гэсэн тул багийн ахлагч намайг нэг хүн олж ирээч гэж хэлсэн л дээ. Үүнийх нь дагуу миний бие бэлтгэл дээр нэг хүн дуудаж, багийнхаа бэлтгэлд туслуулсан. Гэтэл бэлтгэл дууссаны дараа багийн эзэн Г.Дашням “Чи энэ багт дураараа хүн авчрахгүй шүү. Хэнийг авах, хэнийг авахгүйг чи мэддэг болоо юу? Гэрээг чинь цуцлана шүү. Байраа өгөөд хурдан яв” гэх мэтээр мессэж бичиж дарамт үзүүлсэн. Харин би тайлбар өгөхдөө “Нэгдүгээрт, би дураараа хүн авчраагүй. Хоёрдугаарт, надад хүн авчрах эрх мэдэл нь байхгүй. Хэрвээ хүн авахаар болвол гэрээ хийж, тамга тэмдгээ дарж байж шийддэг асуудал. Би зүгээр л дасгалжуулагчийн хэлснээр бэлтгэлд нэг хүн оролцуулж туслуулсан” гэж хэлсэн боловч энэ байдлыг ойлгоогүй. Утсаар болон мессэжээр янз бүрээр хэлж доромжилсон. Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд би яг энэ байдлаараа “Гэрээ цуцалсан юм бол надад яг албан бичгээр хариу өгөөч. Хэрвээ гэрээгээ цуцлаагүй бол би гэрээгээ шинэчилмээр байна" гэж хэлсэн.

-Ямар хариу өгсөн бэ? 

"Дуртай үедээ чи яв, гэрээг чинь цуцлана шүү, байраа өгөөд яв” гэх мэтээр дарамт үзүүлж болохгүй шүү дээ. Мөн дээрээс нь байгуулсан гэрээ маань хуулийн дагуу бус, учир дутагдалтай гэрээ байна гэж уламжилсан. Би "Намайг ажлаас халсан бол халсан гэсэн албан бичгээ өгөөч ээ" гэж клубт албан бичгээ хүргүүлсэн. Гэвч надад ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Угтаа бол би хоёрдугаар сарын 03-ны дотор хариу өгөөрэй гэсэн юм. Хариу өгөхгүй байхаар нь хоёрдугаар 06-ны өдөр миний бие Монголын хөлбөмбөгийн холбоонд хандаж ийм асуудал үүслээ, шийдэж өгөөч ээ гэсэн боловч хөлбөмбөгийн холбооноос “Энэ асуудлыг манай холбооноос шийдэх боломжгүй. Тамирчин болон клуб хоорондоо тохиролцож шийдэх асуудал байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх юм байна” гэсэн хариу өгсөн. Хөлбөмбөгийн холбооны гурван хороо руу хүсэлтээ явуулсан.

Сахилгын хороо, Эрх зүйн байдлын хороо, Ёс зүйн хороо гээд эдгээр хороод руу ерөнхийдөө ийм асуудал үүссэн, шийдэж өгөөч ээ гэж хүсэлтээ явуулсан боловч бүх хорооноос ерөнхийдөө хоорондоо тохиролцохыг хүссэн албан бичгүүд ирсэн. Энэ явдлаас хойш гуравдугаар сарын 06-нд “Ийм байдалтай би тоглож чадахгүй, танай клубын тавьсан шаардлагын дагуу би байрыг чинь буцааж өгч клубээс гаръя” гэсэн ч миний хүсэлтийг хүлээж аваагүй.

-Хүлээж аваагүй шалтгаан нь юу байсан юм бол?

Яагаад хүлээж аваагүй гэхээр “ Чи өөрийнхөө хүсэлтээр энэ багаас гар. Байраа өг. Гэхдээ эргэж байрны талаар ямар нэгэн нэхэмжлэл, гомдол гаргахгүй, өнгөрсөн хугацааныхаа цалинг нэхэхгүй гэсэн бичиг хийж өгвөл чамайг багаас гаргаж болно” гэсэн хариуг МТ группийн хуульч болон багийн ерөнхийлөгч Г.Дашням нар өгсөн. Тухайн үед би шүүхээр гомдол гаргаад явбал хоёр жил гаруй хугацаа шаардагдах байсан учир надад тэр хүсээд байсан хүсэлтийг нь бичиж өгөхөөс өөр арга байгаагүй. Хэрвээ тэрхүү хүсэлтийг нь бичиж өгөөгүй бол хоёр жил гаруй хугацаанд хөлбөмбөг тоглох боломжгүй болно шүү дээ. Би чинь одоо 32 настай. Надад дээд түвшинд тоглох 2-3 жилийн нөөц бололцоо л байна. Энэ хугацаандаа өөр багт бэлтгэлээ хийж, хөлбөмбөгөө тогломоор байсан учир надад өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Тиймээс л хүсэлтийг нь бичиж өгөөд дараагийн багтаа орсон доо.

-Одоогийн байдлаар энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Дараа долоо хоногоос AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо болон FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хороодод энэ байдлынхаа талаар албан ёсны мэдэгдлүүдээ хүргэнэ. Ийм л байдалтай байна даа.

Б.МӨНГӨНТАМИР
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж