Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.05.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.

Байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд замбараагүй олгогдсон уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлд тодорхой хязгаарлалт тавих, хууль бус алт олборлолтыг цэгцлэх, Гутайн даваа орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлж, цаашид газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлж, ингэхдээ шаардлагатай судалгааны ажлын шат дамжлагыг хялбаршуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Ноён уулын хамгаалалтыг ангилал дээшлүүлж, улсын тусгай хамгаалалтад авах ажил олон жил яригдсаны эцэст биеллээ олж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс газрыг хэрхэн хүлээн авах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ноён уул орчимд олгогдсон 11 тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль зөрчигдөн явагдсан үйлдлийн үр дүн хэмээгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэлээ. Тиймээс ойн экологи, эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тогтоож, аж ахуйн нэгжүүдээр байгаль орчны нөхөн сэргээлтийг нөхөн төлүүлэх бөгөөд, бусад харилцааг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа

Мөн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уншиж танилцуулав.

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Төсвийн тухай хуульд нийцүүлэн найруулгын хувьд дахин томьёолох чиглэл өгсөний дагуу дээрх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн хэмээлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлээд Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлав.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг батлав

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд тус Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа уншиж танилцуулсан.

Тэрбээр, Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусгасан төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Дэлхийн худалдааны байгууллагатай хийсэн хэлэлцээрийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах асуудалтай холбоотой заалт төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ хэмээн танилцуулав.

Тогтоолын төслийн 4 дэх заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд энэ тогтоолын 3 дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлах; “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоохоор тусгажээ. Мөн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний хэлэлцээр"-т нийцүүлэн “Хамгаалалтын арга хэмжээний журам’’-ыг батлах, хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болон гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох.” хэмээн тусгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжин, тогтоолыг олонхын саналаар баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж