"Шинэ Монгол Улсыг бүтээхийн төлөөх сонгууль байх болно"

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

"Шинэ Монгол Улсыг бүтээхийн төлөөх сонгууль байх болно"

"Шинэ Монгол Улсыг бүтээхийн төлөөх сонгууль байх болно"

Шинэ эвсэл 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор өнөөдөр /2020.05.01/ Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардан авлаа.


Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шинэ эвслийн дарга Ж.Батзандан  “Шинэ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын үндэсний ардчилсан намын шинэ эвсэл зэрэг Монгол Улсын 10 гаруй улс төрийн нам болон 100 гаруй мэргэжлийн холбоодын Шударга иргэдийн нэгдсэн эвсэл 2020 оны сонгуульд оролцох батламжаа Сонгуулийн ерөнхий хорооноос гардан авлаа. Энэ жилийн УИХ-ын сонгууль нэг нам нөгөө намаа ялах эсвэл нэг нэр дэвшигч нөгөө нэр дэвшигчээ ялахын төлөөх сонгууль биш. Монголын ард түмэн “Манан” бүлэглэлийг ялахын төлөө бүлэглэлээс Монгол төрийг салгахын төлөө, өнгөрсөн 30 жилийн завхралыг зогсоож, шинэ Монгол Улсыг бүтээхийн төлөөх сонгууль байх болно.

Шинэ эвсэл өнгөрсөн 30 жилийн түүхэнд дүгнэлт өгч, ирэх 30 жилийг авилгагүй 30 жил байгаасай гэж бид шинэ эргэлтийн 21 бодлогоо боловсруулсан. Ирэх он жилүүдэд Монголыг ядуурлаас гаргаж, ажилгүйдлийг бууруулж, аж үйлдвэрийн хувьсгалыг Монголдоо хийж, үр дүнд хүргэхийн төлөө Шинэ эвсэлийг байгуулсан. Өнөөдөр та бүхний өмнө Шинэ эвсэлд нэгдсэн намын удирдлагууд хүрэлцэн ирээд байна.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Ямар ч байсан УИХ-ын сонгууль маань товлогдсон цаг хугацаандаа явахаар болж байна. Цар тахалтай холбоотойгоор харин сурталчилгаагүй сонгууль болох юм шиг, санаа зовж байна. Гэхдээ ард түмэн эрх, үүргээ ухамсарлаж, ялангуяа залуу үеийнхэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингэж чадваас бид шударга ёс, эрс шинэчлэл, ажилгүйдэл, нэн ядуурлын асуудлыг дэс дараатай, хариуцлагатайгаар шийдвэрлэх боломжтой болох юм. Ингээд та бүхний сонгуулийнх нь ажилд бүгдээрэнд нь амжилт хүсье.” гэв.

Үнэн ба Зөв намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батхишиг “Үнэн ба Зөв” нам, Шинэ нам, Бүгд найрамдах нам, Монгол Үндэсний ардчилсан намын Шинэ эвсэл батламжаа албан ёсоор авч байгаад баяртай байна. Энэ удаагийн сонгууль бодлогын сонгууль байгаасай гэж бодож байна. Өнгөрсөн долоон удаагийн сонгууль мөнгөний сонгууль байсан юм. Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд Монголын ард түмэн мөнгөний сонгуульд өртчихсөн. Энэ удаагийн сонгуульд илүү их бодлогын, шийдлийн сонгууль байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Та бүхэндээ баярлалаа” гэдгийг хэллээ.

Монголын Үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл “Сонгууль ойрхон байна. Хоёр сарын дараа бид шинэ төрийг бүтээх үр дүнгээ харсан байна. Энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилдээ дүн тавих сонгууль, ирэх 30 жилдээ ямар байх вэ гэдэг өнгийг тодорхойлох сонгууль. Тийм учраас Монголын нийгэм өнөөдөр ямар байгаа гэдгийг иргэн, сонгогч бүр дор бүрнээ дүгнэлт тавьж нэг л бишээ гэж байгаа. Тийм бол үнэхээр энэ сонгууль ухаарлын сонгууль байх юм. Хэрэвзээ МАН, АН-ын жирийн гишүүд, идэвхтэнүүд энэ хоёр намыг ялуулахын төлөө гутлынхаа зулгийг эргэтэл зүтгэдэг жирийн гишүүд ухаарах юм бол Монголын нийгэмд шинэчлэл, өөрчлөлт гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тийм учраас энэ удаагийн сонгууль дахин хэлэхэд монголчуудын ухаарлын сонгууль байх болно” гэлээ.

Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо

 “Бүгд найрамдах нам 1992 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл ажлын байр, сахилга, хариуцлага, шударга үнэн, бодит бус амлалтын эсрэг явж ирсэн. Өнөөдрийг хүртэл ойлгохгүй л байсан. Аргагүй 30 жилийн өмнө бид нийгмээ сольж байх үедээ зах зээлийн ойлголтын талаар ямар ч ойлголтгүй байсан. Одоо шинэ үеийн залуучууд өсч байна. Тэд маань орчин үетэй хөл нийлүүлэн алхдаг болж. Та бидний ахмадууд гэж нэрлээд байгаа улсууд 30 жилийн өмнө 40 настай идэр залуус байсан байна. Тиймээс одоо бид бүхний бодоод хүсээд байгаа зүйл, хүсэл биелэх цаг ирсэн.

Одоо биелэх ч болно. Яаж биелүүлэх вэ. Бид засаг авахын цагт өөрсдийнхөө зорилго мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ та бүхэнд үзүүлэх болно. Та бүхэн одоо бидэнд итгэхэд л үлдээд байна. Эрх мэдэл, эд хөрөнгийн талаар ярих биш, тусгаар тогтнолоо хэрхэн хамгаалах вэ, улс эх орноо цааш нь хэрхэн хөгжингүй улс болгох вэ гэдэг чухал цаг үе ирчээд байгаа учраас хариуцлагатайгаар аливаа амлалт, задгай мөнгөнд хуурталгүйгээр, сонголтоо өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө хийгээрэй гэж хүсэн ерөөж байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж