Нүүрээ будахаа болиход тархинд юу болдог вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Нүүрээ будахаа болиход тархинд юу болдог вэ?

Нүүрээ будахаа болиход тархинд юу болдог вэ?

“Хөл хорио тогтоохоос өмнө би нүүрээ будахгүй байж чаддаггүй байлаа. Будаггүй царайгаа толинд харахад л нүдний эргэн тойрон хөхөрсөн, ядруу харагдаж, би тэвчилгүй гялс нүүрээ будчихдаг байсан. Хөл хорио тогтоосон эхний хэдэн долоо хоногт ч гэсэн би нөхөр, нохой хоёроосоо өөр амьд амьтанд харагдахгүйгээ мэдсэн ч нүүрээ хөнгөхөн буддаг байлаа. Нүүр будаггүй бол нүцгэн юм шиг санагддаг. Гэхдээ одоо би огт будахаа больсон. Би хөл хорионы үед нүүрээ будахгүй байж, жинхэнэ царайгаа хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Тэгтэл үнэндээ миний царай тийм ч муугүй шүү. Нүүрээ будахгүй байх нь арьсны эрүүл мэндэд сайн болов уу?” хэмээн нэгэн эмэгтэй өөрийнхөө цахим хуудас дээр бичжээ.

Өдөр бүр нүүрээ будахад тархинд юу болдог вэ?

Сэтгэл судлаач Женнифер Пеппер “Бид нүүрээ будахад бидний нүүр өө сэвтэй бөгөөд тэр өө сэвийг далдлах зайлшгүй шаардлагатай гэсэн мессеж тархинд хүрдэг” хэмээн тайлбарлажээ. Улмаар бидний тархи өөрчлөгдсөн гадаад төрхөндөө сэтгэл ханаж, төгс хэмээн хүлээн авч, маш ихээр дасдаг байна. Иймд нүүрээ будах нь хүний сэтгэл санаанд шууд нөлөөлдөг байх нь. Тэр бүү хэл зарим хүмүүсийн тархи өөрийн төгс хэмээн хүлээн авсан царайнд хэт дасч, будаггүй царайгаа “Энэ миний царай биш” хэмээн хүлээж авахаа больтлоо өөрчлөгдсөн байдаг гэнэ.

Гэхдээ бас сэтгэлзүйч Меган Райсын хэлснээр бидний тархинд нүүрээ будах тогтмол давтамж үүсдэг гэнэ. “Бидний ихэнх нь тэр тогтмол давтамжид дассан байдаг. Хэрвээ давтамж алдагдвал бид тогтворгүй болж эхэлдэг. Ингэснээрээ тухгүй, эвгүй санагдах нь их” хэмээн Меган ярьсан байна.

Тэгвэл нүүрээ будахаа болиход тархинд юу болдог вэ?

Та нүүрээ будахаа больсон бол дээр дурдсан давтамжийг нэгэнт эвдсэн гэсэн үг. Тархи биднийг ямар нэг зүйл алгасаад байгааг анзаарсан л байж таараа. Гэхдээ нүүрээ будахгүй байхад ч гэсэн тархи дасч чадна. “Бид аливаа зүйлийг хэр их давтамжтай хийнэ, төдий чинээ тэр зүйл сайхан санагдаж эхэлдэг. Улмаар бусад хүмүүсийн бодол хамаагүй болж эхэлнэ” хэмээн Райс ярьжээ.

Гэхдээ тархи “шинэ”, будаггүй царайгаа хүлээн зөвшөөрөхөд хугацаа шаардлагатай. Нүүрээ будахаа больчихсон үедээ ажлынхантайгаа цахим хурал хийхдээ нүүрээ хөнгөн будах үедээ та нүүр будаг танд чухам ямар үүрэгтэй байсныг ойлгоно. “Та өөрийнхөө төлөө нүүрээ будаад байна уу, бусдын төлөө будаж байна уу?” хэмээн Пеппер асууж байна. Хэрвээ та нүүр будгийн нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадвал тархи тань өөрийнхөө царайг илүү хурдан хүлээн зөвшөөрнө. Тийнхүү өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь цаашлаад таныг өөрийгөө улам хайрлаж, үнэ цэнээ мэдрэн өөдрөг байхад тань тус болно.

Сэтгэл заслын эмч Даниель Шер чухам танд тухгүй санагдаж буй мэдрэмж сэтгэл санаанд шууд нөлөөлдөг бөгөөд чухам юу тухгүй санагдуулж байгааг олж мэдэх нь маш чухал хэмээн тайлбарлажээ. 2016 онд АНУ-ын сэтгэл судлалын хүрээлэн нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Тэд эмэгтэйчүүдийг хоёр долоо хоногийн турш өдөр бүр хоёр цагийн турш нүүрээ будалгүйгээр толинд харж суухыг хүссэн байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр туршилтад оролцсон эмэгтэйчүүд илүү өөртөө итгэлтэй болж буй нь анзаарагджээ. Тэдний тухгүй байдал, онцгүй мэдрэмжүүд мэдэгдэхүйц буурчээ. Үүнийг Шер давтамж төдий биш тархины хичээл зүтгэлийн үр дүн хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “Миний бодлоор өөрийгөө нүүр будаггүйгээр толинд харах тусам бидний тархинд өөрийнхөө царайг хүлээн зөвшөөрөх боломж олгодог. Улмаар тархи царайгаа хүлээн зөвшөөрч эхэлснээр бид илүү өөртөө итгэлтэй болж өөрчлөгддөг” хэмээн тайлбарласан байна. Ингээд харвал бид зөвхөн гоо сайхны тухай бодлоо төдийгүй дотоод ертөнцөө өөрчилж байна гэсэн үг.

Гэхдээ нүүрээ будахгүй байх нь арьсанд ашигтай юу?

Гоо сайхны зөвлөх Женни Жиний тайлбарласнаар бол нүүр будаг хүний арьсанд тийм ч хортой биш аж. Гэхдээ нүүрээ будахгүй байлаа гээд ч бидний арьсанд муу зүйл байхгүй. Нүүрээ будахаа завсарлах нь арьсыг өөрөө цэвэрлэгдэх, амьсгалах, та өөрөө ямар арьстайгаа олж мэдэх, цаашлаад нүүр будаггүйгээр тийм ч хэтэрхий хуурай, эсвэл тослог харагддаггүй гэдгээ ойлгож мэдэхэд тустай. Хамгийн чухал нь энэ завсарлага таныг давуу талаа олж харахад тусална. Гоо сайхан чухам хэрхэн харагдаж байгаагаас бус, хэрхэн харж байгаагаас шалтгаалдаг шүү дээ.

Эх сурвалж: PUREWOW.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж